Г.Баярсайхан, Засаг хоёрын хэн нь ялах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан, Засаг хоёрын хэн нь ялах вэ?

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Ногоон бүсэд уул уурхай эрхлэх нь зохисгүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй” гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ байр суурин дээр хатуу зогсохоо ангийнхаа гишүүдэд дуулгасан сурагтай.

Тэгэхээр УИХ-ын хаврын чуулганаар “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн нөхцөлд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын эсэргүүцэлтэй тулгарах болоод байна.
 
УИХ-д сонгогдсон үеэсээ байгаль орчныг хамгаалахын төлөө тууштай зогсож ирсэн тэрээр өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын хамтаар “Урт нэртэй” хуулийг санаачлан, батлуулсан удаатай. Тиймээс ч батлуулсан хуулиа хэрэгжүүлэхийг шаардахтай зэрэгцээд Засгийн газрын байр суурьтай санал зөрөлдөж, мэдэхээр болоод байна. Үүнийгээ ч түшээ “Батлуулсан хуулиа улстөрчдийн гарын үзүүрээр өөрчлөлт оруулж, баллуурдахыг хүсэхгүй байна” гэсэн омогтойхон хариуг өгсөн гэх сураг сонстоно.

Хэдхэн хоногийн дараа хаврын чуулган эхэлнэ, УИХ “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих болов уу яах бол. Шийдвэр нь яаж гарахаас хамаарч  УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ялах уу, Засгийн газар ялах уу гэдэг эцэслэгдэнэ.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж