Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

via ЗЭН


Ийм нэгэн явдал болжээ: Будда нэгэн тосгонд ирж гэнэ. Тэр мөчид нэг хүн түүнээс
“Бурхан гэж байдаг тиймээ?” гэж асууж. “Үгүй ээ, огт үгүй” хэмээн Будда хэлж.

Үдээс хойно өөр нэг хүн ирээд “Бурхан гэж байдаггүй, тиймээ?” гэхэд Будда “Бий
бий, байлгүй яахав” гэжээ.

Оройд нь гурав дах хүн ирж “Бурхан гэж бий юу” гэтэл Будда нүдээ аниад анир
чимээгүй суугаад л байж. Нөгөө эр ч нүдээ аньж. Тэрхүү аниргүйд ямар нэг юм
дотоодод нь мэдрэгдэж гэнэ. Хэдэн хоромын дараа нөгөө хүн Буддагийн хөлд хүрэн
мөргөж, хүндэтгэл үзүүлээд: “Та миний асуултанд хариулсан анхны хүн” гэж гэнэ.

Буддагийн шавь Ананд үүнд маш их гайхаж. “Өглөө байдаггүй, өдөр байдаг гэчээд
орой нь юу ч хариулаагүй. Энэ юу гэсэн үг вэ? Аль нь үнэн юм бэ?” гэж бодлоо.

Ингээд Буддаг унтахын өмнө Ананд: “Та надад хариулаач, тэгэхгүй бол би унтаж
чадахгүй нь. Надад ч бас жаахан нигүүлсэнгүй ханд л даа. Би өдөржин л Тантай
хамт байлаа. Энэ гурван хүн бусдынхаа танаас авсан хариултыг мэдэхгүй, харин би
бүх хариултыг сонссон. Би яах вэ? Сэтгэл маань тавгүй байна“ гэж гэнэ.

Будда: “Би ерөөсөө ч чамтай яриагүй. Чи асуугаагүй, би ч ЧАМД хариулаагүй.
Эхний хүн нь шүтлэг бишрэлтэй хүн байсан, дараагийн эр шашин шүтлэггүй хүн
байсан, харин гурав дахь нь эргэлзсэн хүн байсан. Миний хариултууд ерөөсөө ч
Бурхны тухайд байгаагүй ээ, харин асуулт тавьж буй хүнийх нь тухайд л
хариулсан, би тухайн хүнд нь л тааруулж хариулж байснаас огтхон ч Бурхантай
холбоотой зүйл хэлээгүй.”

“Бурханд итгэдэг хүнд би үгүй гэж хэлнэ. Учир нь би түүнийг Бурхны тухай
санаагаа ор тас хаяхыг хүснэ, тэр хиймэл санаа бодлоосоо ангижран суллагдахыг
хүснэ – энэ бол олдмол санаа. Тэр хүн өөрөө Бурхантай таарч байгаагүй. Хэрвээ
амьдрал дээр Бурхантай таарсан бол надаас асуух ч үгүй байх байсан, тийм
шаардлага үгүй байхсан”.

“Бурхан байдаггүй гэж итгэдэг хүн өөрийн итгэлээ надаар баталгаажуулахыг
оролдсон. Би түүнд "Тиймээ, бурхан байдаггүй" гэж хэлэхгүй – би хэний
ч итгэл үнэмшлийг баталгаажуулахгүй. Би үгүй гэж хэлэх ёстой байсан, түүний
итгэлийг үгүй хийхийн тулд би итгэлийг нь үгүйсгэсэн, учир нь бүхий л итгэл
үнэмшил үнэнийг мэдэх замд саад бартаа болдог. Бурхан байдагт итгэгч,
байдаггүйд итгэгч, ер нь бүх л итгэл шүтлэг үнэнд садаа болдог.

"Харин миний юу ч хэлэлгүй чимээгүй байсан тэр хүн бол зөв эрэлхийлэгч
байсан. Түүнд итгэл үнэмшил байгаагүй тул тэнд устган үгүйсгэх зүйл байгаагүй.
Би дуугүй байсан. Миний түүнд хүргэх гэсэн санаа нь л тэр:

Чимээгүй бай, мэдэр, мэд. Бүү асуу. Асуух шаардлага байхгүй. Энэ бол хариулж
болох асуулт биш. Энэ бол лавлагаа бус эрэлхийлэл, цангаа. Чимээгүй бай, мэдэр,
мэд.

Түүнд ч би хариулсан; өөрийн дуугүй байдлаар илгээсэн санааг минь тэр хүн тэр
дороо ойлгоод дагасан – тэр ч чимээгүй болсон.
Би нүдээ анисан, тэр ч нүдээ анисан;
Би дотогшоогоо харсан, тэр ч дотогшоо харсан, тэгээд ямар нэг юм мэдэрсэн.
Тийм учраас түүний сэтгэл асар их хөдөлж, маш их талархсан юм – надаас оюунлаг
хариу аваагүйдээ. Тэрээр оюунлаг хариулт авахаар ирээгүй юм; оюунлаг хариултуудыг
хаа саагүй хямдхан олж болно.

Тэр оршихуйн эрэлд ирсэн – амталж үзэхээр ирсэн. Би түүнд амтлуулсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж