
НИТХ-ын 16 дугаар ээлжит хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлээс дэмжин хэрэгжүүлэхээр “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөр нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж байх цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, Ухаалаг иргэд, Ухаалаг үйлчилгээ, Ухаалаг орчин, Ухаалаг амьдрал гэсэн чиглэлүүдээр хотын үйл ажиллагааг өөрчлөх зорилт дэвшүүлж байгаа юм. Хөтөлбөрийг НИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар эцэслэн баталвал боловсруулан төлөвлөөгний дагуу 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.