
Б.ГАЛДАА: УГ НЬ МАНАЙД ХАМААРАЛГҮЙ
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаатай уулзаж АТГ-ын даргад холбогдох хэргийн талаар тодрууллаа.
-АТГ-ын дарга Ч.Сангарагчааг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?
-Төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Байр авсан, загасны татуурга авсан гээд янз бүрийн мэдээлэл байгаа биз дээ. Түүнийг л шалга гэсэн үүргийг дээрээс өгсөн.
-Дээрээс гэдгээ тодруулахгүй юу?
-Улсын ерөнхий прокуророос үүрэг өгч манай албанд шалгаж байгаа.
-АТГ-ын даргад холбогдох хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгах нь хэр үндэслэлтэй вэ. Өмнө нь Цагдаагийн ерөнхий газарт шалгаж байсан биз дээ?
-Уг нь манайд хамааралгүй. Гэхдээ “Танайх шалга” гээд харьяалал тогтоогоод өгчихсөн учраас шалгаж байна.
-Ч.Сангарагчаа даргаас өөр АТГ-ын албан тушаалтнуудыг шалгаж байгаа юу?
-Төсвөөс хуваарилсан мөнгийг юунд, хэрхэн зарцуулахыг хэн шийддэг билээ. Дарга нь л бүхнийг шийдэж, гарын үсэг зурна шүү дээ. Тэгэхээр АТГ-ын даргыг л шалгаж байгаа гэж ойлгож болно.
-Албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж ойлгож болох уу?
-Энэ хэргийг шалгах үүргийг өнгөрсөн долоо хоногт авсан. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байна. Тийм учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Ч.САНГАРАГЧАА БАЙДЛЫГ АЖИГЛАХААР ШИЙДЖЭЭ
Авлигатай тэмцэх газарт өчигдөр очиход дарга нь эзгүй байв. Үдээс хойш гадуур ажилтайг ажилтан нь дуулгалаа. Харин хэвлэлийн төлөөлөгч нь “Дарга төсвийн мөнгийг юунд, яаж зарцуулснаа байнгын хороодын хурал, УИХ-ын чуулган дээр тодорхой тайлбарласан. Өмнө нь хууль, хяналтын байгууллагаас шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тиймээс дарга шалгаж байгаа гэх хэргийн тайлбар өгөхгүй гэсэн” гэв.
Саяхны Хууль зүйн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн З.Энхболд “Прокурорын байгууллагад 761 ажилтан байдаг. Тэнд 5.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ мөнгөний талаас илүү хувийг 20-30 мөрдөн байцаагчтай АТГ-т өгөөд ямар үр дүн гарав. Тэр байгууллага 350 сая төгрөгөөр гурван жилийн турш байр авсан. Байргүй, гудамжинд явсан Ч.Сангарагчааг авч ирээд даргаар тавиагүй. Цагдаад насаараа ажилласан хүн байртай л байж таараа биз дээ” гэж ундууцсан асуултыг АТГ-ын даргад тавьж байлаа. Үүнд нь Ч.Сангарагчаа дарга “Хоёр тэрбум 830 сая төгрөгийн төсвийн хүрээнд санхүүгийн зөрчилгүй ажиллаж байна. Зарим хүн заавал төсөв идсэн байх учиртай гэж улстөржсөн байдлаар ханддаг. Гэтэл хуулийнхан болон аудит шалгаад зөрчилгүйг нотолсон” гэж хариулсан. Тэрбээр өдгөө ч хууль зөрчөөгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Тиймээс энэ удаад мэдээллийн хэрэгслээр тайлбар хийхгүйгээр, байдлыг ажиглахаар шийджээ.
НАЙЗ НЬ ТҮҮНИЙГ АВАРСАН, ХАРИН ОДОО…
АТГ-ын дарга ажилтнуудаа төсвийн мөнгөөр “авлигадсан” гэх хэргийг өнгөрсөн жил Улсын мөрдөн байцаах газарт шалгасан билээ. Тухайн үед Авлигатай тэмцэх газарт аудитын шалгалт орж байлаа. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн байцаагчид Ч.Сангарагчаа даргаас мөрдөн байцаалт авч, мэргэжлийн шинжээчид дүгнэлт гаргаж байсан. Гэхдээ аудит болон хуулийн байгууллага “АТГ-ын дарга төсвийн мөнгө хууль бусаар зарцуулсан нь нотлогдсонгүй” гэсэн дүгнэлт гаргаж, Улсын ерөнхий прокурор Д.Алтанхуяг хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд гарын үсэг зурсан. Д.Алтанхуяг найзыгаа аварч, төрийн мөнгөөр дураараа дургисан хэргийг нь нүд, чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн гэх яриа үүнээс үүдэлтэй. Нэг үе цагдаа, прокурор дамжаад намжсан дээрх хэрэг УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр дахин сэдэрлээ. АТГ энэ жилийн төсвөө хэрхэн зарцуулсныг Аудитын газраас шалгаж ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байдаг. Тухайлбал, дарга нь өөртөө 55 сая төгрөгөөр орон сууц авсан, ажилтнууддаа 335 сая төгрөг зориулж, орон байраар хангасан. Мөн “Аянчин дэлгүүрээс загасны хэрэгсэл, аяны майхан зэргийг 40 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан хуудууг нь аудитынхан илрүүлсэн нь Улсын ерөнхий прокурорын анхаарлыг татжээ. Дээрх баримтад нэрмээс болох мэдээллийг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн олон нийтэд өгсөн. Тэдний ярьснаар АТГ-ынхан авлигыг дэмжиж байгаа эсэхийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба тогтоох үлдлээ. Хэсэг хугацааны даргаа “Төсвийн мөнгөөр аяны хэрэгсэл авсан нь хуульд нийцсэн байна” гэсэн дүгнэлтийг гаргаж, хэргийг хааж мэдэх юм. Гэхдээ Ерөнхийлөгчөөсөө эхлээд муухай харах болсон энэ цаг АТГ-ын эрхэм даргыг хэн аврах нь тодорхойгүй.
Ч.САНГАРАГЧАА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД 37 ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр одоогоос гурван жилийн өмнө АТГ-ын даргаар Ч.Сангарагчааг томилуулах тухай саналаа УИХ-д өргөн барьж байлаа. Тухайн үед цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хүнийг АТГ-ын даргаар томилох нь зохимжгүй гэж шүүмжлэх гишүүд байсан. Хуулийн байгууллагад насаараа ажиллаж, өдгөө байцаагдаж байгаа эл эрхмийн намтрыг уншигчдадаа сануулая. Ч.Сангарагчаа 1951 онд төрсөн бөгөөд ОХУ-д хуулийн мэргэжил эзэмшссэн нэгэн. Тухайлбал, ОХУ-ын Удирдлагын академийг 1990 онд эрх зүйч, удирдлагын мэргэжлээр дүүргэсэн аж.
Ч.Сангарагчаа 37 жил цагдаагийн байгууллагад ажилллаад 2006 оноос Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар томилогдсон аж. Улмаар 2007 оны арванхоёрдугаар сард АТГ-ын дарга болжээ.
Б.Цэцэгдэлгэр.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм”.