
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Федорович Мезенцев Монгол Улсад айлчилж буй. Айлчлалын хүрээнд тэрбээр өнөөдөр Стратегийн судлалын хүрээлэнгээр зочилсон бөгөөд уулзалтын дараа хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Дмитрий Федорович Мезенцев “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны статустай болсоор арван жил болж байна. Монгол Улс манай байгууллагын хамгийн анхны ажиглагч орон гэдгийг онцолмоор байдаг юм. Цаашид бид эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр улам нягт хамтарч ажиллана” гэсэн юм. Одоогоор тус байгууллагад Монголоос гадна Афганистан, Иран, Энэтхэг, Пакистан улс ажиглагч орны статустай байдаг. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд ирж, ярилцсан гол сэдэв нь авто замын транзит тээвэр, манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд тааруулан ямар байдлаар хамтарч ажиллах талаар ярилцсан гэхээс илүү нарийн мэдээлэл өгөөгүй юм.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага аливаа асуудалд нэг ч гэсэн орны татгалзсан саналыг харгалзан үзэж шийдвэр гаргадаг бөгөөд ажиглагч орнуудын байр суурийг цаашид шийдвэр гаргах төвшинд харгалзан үзэж, уялдуулах талаар энэ үеэр мөн хэлж байсан. Ирэх зургадугаар сард ШХАБ үүсэн байгуулагдсаны 13 жилийн ойгоо БНХАУ-ын Бээжин хотод хийх бөгөөд үүнд Монголын төр засгийн өндөрлөгүүдээс оролцож, улсынхаа тухай танилцуулга хийх юм байна.
У.БОЛОР