Төрийн өмч хувьчлал, менежментийн талаар олон улсын жишигт нийцсэн эрхзүйн орчинтой болгоно

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Төрийн өмч хувьчлал, менежментийн талаар олон улсын жишигт нийцсэн эрхзүйн орчинтой болгоно

Төрийн өмч хувьчлал, менежментийн талаар олон улсын жишигт нийцсэн эрхзүйн орчинтой болгоно
Монголын эдийн засгийн чуулган дээр Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг

Улаанбаатар                                                                                         2014.03.25

Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгаж, Монголын эдийн засгийн чуулганд оролцож үг хэлэх боломж олгосонд талархал илэрхийлье.

Монголын эдийн засгийн чуулган эдүгээ 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа боловч энэ арга хэмжээ нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид нэгэн дээвэр дор цуглаж хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхцөл байдал, сорилт, шийдлийн талаар албан бусаар санал солилцдог индэр болсон байна. Өчигдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны эдийн засгийн байдал, зовлон жаргал, сорилт, бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй ярьсан учир дахин давталгүйгээр санаа бодлоо Та бүхэнтэй хуваалцья.

Монгол Улс эрчимтэй хөгжиж байгаа эдийн засагтай орны тоонд зүй ёсоор ордог. Гэхдээ 2013 онд эдийн засаг тогтворгүй, их зүйлийг ойлгуулсан жил байлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх жилүүдээс бага зэрэг саарч 11.7 хувьтай гарлаа. Монголын уул уурхайн салбараас олох орлого багассан хэдий ч барилгын салбар 66.5 хувиар өссөн нь 2 оронтой тооныхоо өсөлтийг хадгалахад нөлөөлсөн байна.

Эдийн засгийн тогтворгүй байдлын шалтгаан юунд байна вэ гэдгийг бид судалж байгаа. Гадаад орчин, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас гадна бидний өөрсдөөс шалтгаалсан зүйлүүд байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бизнесийн хууль эрх зүйн орчин, тодруулбал, Хөрөнгө оруулалтын хуулийг зайлшгүй шинэчлэн батлах шаардлага байгааг гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 5 хувиар, 2013 онд 46 хувь тус тус буурсан явдал харуулсан. Тийм учраас бид хуулиа шинэчлэн баталж, урт нэртэй хуулийг хүчингүй болгосон байгаа.

Гэвч хийх ажил их байна. Статистикийн мэдээ судалгаанаас үзэхэд манай улсын гадаад худалдааны алдагдал багасч байгаа сайн мэдээ байгаа боловч бодит байдал дээр экспорт, импортын аль аль нь буурсан байна. Ханш суларч, эдийн засгийн өсөлт саарангуй байна. Бизнес эрхлэгчид ч гэсэн гүн бодолд орсон нь гадаад хүчин зүйлээс гадна дотоод хүчин зүйл байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй билээ. Ийм учраас цаашид анхаарвал зохих, судалвал зохих хэд хэдэн санааг Та бүхний сонорт хүргэе гэж бодож байна. Энэ бол УИХ-ын даргын хувьд ч, З.Энхболд гэдэг хувь хүний ч гаргаж буй санал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нэгдүгээрт, Төрийн өмчийн хувьчлалыг шинэ шатанд гаргах хэрэгтэй байгаа. Төрийн өмчийн хороог 1996 онд байгуулж, анхны даргаар нь томилогдож байхад бидэнд энэ байгууллага 10 жил орчим ажиллаад татан буугдах ёстой юм байна гэсэн төсөөлөл байсан. Өмч хувьчлалын хурдыг ингэж бодож байсан. Гэтэл өнөөдөр 10 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч төрийн өмчид тулгуурласан компанийн тоо нэмэгдэх хандлагатай болж байгаа Энэ нь төр, эдийн засагт зохих ёсоор оролцох ёстой гэсэн баталгааг дахин сануулж байна. Засгийн газар, Ерөнхий сайд, сайд нартай ярилцаж байгаа зүйл бий. Энэ жилийн наадмаас өмнө Төрийн өмчийн хорооны статусыг тодорхой болгоё. Үндсэн хуульд зааснаар төрд зайлшгүй өмч бий. Энэ бол газрын доорх баялаг. Үүний менежментийг бизнесийн зарчмаар явуулдаг болгоё. Бизнес гэдэг бол өөрөө тодорхой мэдлэг шаардсан ажил. Улстөрчид ажлынхаа хажуугаар үүнийг хийнэ гэдэг болохгүй юм байна гэдэг нь тодорхой болсон учир ойрын хэдэн сард төрийн өмчийн хувьчлал, менежментийн талаар олон улсын жишигт нийцсэн цоо шинэ эрх зүйн орчинтой болно. Хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан Өмчийн эрхийн тухай хууль үгүйлэгдэж байгаа. Энэ талаар санаачилга гаргаад явж байгаа хүмүүс байгаа боловч УИХ-д хууль өргөн барьсан, ямар нэг шатанд хэлэлцэгдэж, боловсруулж байгаа хуулийн төсөл алга байна. Үүнтэй нэгэн адил мөрөөрөө явж байгаа баялаг бүтээгчдээ дарамталдаг, айлгадаг биш, харин тэднийг дэмждэг, хамгаалдаг хууль үгүйлэгдэж байгаа. Монгол Улсын иргэн ч бай, манай улсад оршин суугаа гадаадын хөрөнгө оруулагч ч бай, нэгэн адил эрх зүйн хамгаалалтад ордог хууль хэрэгтэй байгаа юм.

Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай. Засгийн газар хуулийн өөрчлөлтийг УИХ-ын тодорхой түвшинд танилцуулсан байгаа. Олон жил хаагдсан хайгуулын лицензийг наадмаас өмнө хуульдаа өөрчлөлт оруулж гаргана. Гэхдээ хуучин шиг дуртай газраа хайгуул хийдэг биш, зөвшөөрөгдсөн газарт л хийхээр зарчмын хувьд өөрчлөлт орж байгаа. Мөн хариуцлагатай уул уурхайн зарчмыг тусгасан заалтуудыг нэмж өгсөн. Одоогийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд яригдана. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй, нийгмийн хариуцлага хүлээж чаддаг уул уурхайг хэлж байгаа юм. Оюутолгой, Тавантолгойг ярьсаар байтал хүмүүс одоо нөгөө л юмаа ярьж байна гэдэг болжээ. Гэтэл Монголд дээрх хоёроор тогтохгүй маш олон орд байгаа. Үүнийгээ нээж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг мөрдөн эргэлтэд оруулах хариуцлагатай хөрөнгө оруулагчид бидэнд хэрэгтэй байгаа. Эдийн засгаа хоёр оронтой тооны өсөлтийг хадгалж явахад уул уурхайгаас өөр мөнгө олох салбар алга байна. Тиймээс уул уурхайн бизнесийн орчин мэдэгдэхүйц сайжирна.

Гуравдугаарт,
Татварын талаар хэдэн зүйл хэлье. Татварын албыг тайлангаа цахим хэлбэрээр ав гэсэн хууль гаргаж өгсөн. Гэтэл давхардуулан цаасаар авсаар байна гэж бизнес эрхлэгчид гомдоллож байна. Үүнийг Засгийн газар хялбаршуулах хэрэгтэй. Манай улсын татварын систем уул уурхайгаас их татвар авахын тулд бусад салбарын татварыг уул уурхайтай адилтгаж 25 хувиар бусад бүх зүйл нь явж байгаа. Гэтэл олборлох салбарт бизнес хийх, өөр салбарт бизнес хийх нь тэнгэр, газар шиг ялгаатай. Дотоодын зах зээлийн хэмжээ болон бусад олон зүйлд уул уурхайд зориулж тавьсан өндөр татвар саад болж байна. 2006 онд одоогийн Ашигт малтмалын тухай хууль гарах гэж байхад роялтын татварыг 10 хувь болгоод хоёр шатлалтай 10, 25-ыгаа больё гэсэн санал яригдаж байсан. Гэхдээ тэр үед олонхын санал аваагүй учраас роялтыг багасгаж, орлогын татварыг нэмсэн ийм системийг хийсэн. Одоо үүнийг судалж үзэхэд буруудахгүй. Татварын албанаас албан ёсны тоонууд авч байгаа. Уурхайн үүдэн дээр жигнээд хэмжээд авчихдаг маш ойлгомжтой энгийн татвар бол ашигт малтмалын нөөц ашигласны татвар. Үүнийг хураахад хялбар, зугтах боломжгүй учраас энэ татвараа ахиухан тавиад зугтаж болдог, янз бүрийн зардал чирэгдэл болдог компанийн ашгийн татвараа багасгавал яасан юм бэ гэсэн санаа УИХ дээр яригдаж байгаа. Татварын хэд хэдэн хуулийн төсөл өргөн баригдсан. НӨАТ-ын шатлалыг өөрчлөх, уул уурхай, архи, тамхинаас бусад салбарт төлсөн 10 хувийн татварын 90 хувийг буцаан өгөх хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Татварын талаар ийм бодлого УИХ дээр яригдана. Бизнес эрхлэгчдэд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бус элдэв дарамт, шахалт үзүүлдэг явдлыг бүрмөсөн цэглэх хэрэгтэй. Засаг дарга нарын ажлын нэг гол үзүүлэлт нь тухайн аймаг, дүүрэг, хотод нэмэгдсэн хөрөнгө оруулалт, шинээр бий болсон ажлын байр, худалдааны эргэлт байх ёстой. Ингэвэл орон нутгийн эрх мэдэлтнүүд хөрөнгө оруулах гэсэн, хууль ёсны бизнес хийх гэсэн хүмүүсийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлдгээр ташуур барьж хөөдөг биш, хадаг барьж угтдаг болно. Хууль бус шийдвэрээр бизнесийг хаасан албан тушаалтан улс төрийн хийгээд хуулийн, эд материалын хариуцлага хүлээдэг байх ёстой.

Дөрөвдүгээрт,
Авлигын талаар хэдэн үг хэльё. Бид авлигатай тэмцэж байгаа ч цаашид улам сайжруулах шаардлагатай байна. Шилэн дансны хууль батлагдаж, мөрдөгдсөнөөр байдал өөр болно. Иргэдийн хараа хяналт ч сайжрах тул үр дүн гарна. Бид авлига гэхээр хэдэн тэрбумаар нь тэгж ээ, ингэж ээ гэж ярьдаг. Гэтэл жижигхэн, бүр үзвэрийн билет шахдаг татварын байцаагч ч байна. Энэ мэт жижиг юмнаас эхлэх ёстой. Олон улсын “Транспаренси интернэшнль” байгууллагаас жил бүр авлигын индексийг гаргадаг. Монгол Улс 2012 онд 100 онооноос 36 оноотойгоор дэлхийн 174 орноос 94 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол өнгөрөгч 2013 онд тус оноо 38 болж өссөн бөгөөд нийт 177 орноос 83 дугаар байрт эрэмбэлэгдэж, нэг жилийн дотор 11 байраар урагшилсан байна. Энэ хандлагаа алдахгүй хадгалаад явбал авлига мэдэгдэхүйц буурна.

Тавдугаарт,
Оролцоог дэмжсэн эдийн засгийн бодлого тууштай явуулах хэрэгтэй байна. Энэ нь ажил хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэхийг аль болох дэмжихээс гадна ямарваа субьектив шалтгаанаар хавчихгүй, адил тэгш хандаж байх тухай өргөн хүрээтэй ойлголт юм. Ийм оролцоог дэмжсэн, хүртээмжтэй өсөлтийг хэмжихийн тулд нийгмийн, эдийн засгийн, байгаль орчны гэх зэрэг бүхий л салбарын хөгжил, дэвшил ололт, амжилтыг харах нь зүйтэй. Тэгвэл эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн хамт олон уг хүртээмжтэй өсөлтийг хэмжихүйц тайланг 330 гаруй шалгуур үзүүлэлт ашиглан гаргаж эхлээд өнөө жил дөрөв дэх жилийн тайлангаа гаргасан байна. Уг тайлангаас харахад Монгол Улс өрсөлдөх чадвараараа харьцуулж буй ижил төстэй 15 орноос хамгийн сүүлийн байрт эрэмбэлэгдсэн хэвээр байна. Гэтэл харьцуулж буй орнуудаасаа эдийн засгийн өсөлт нь хамаагүй өндөр гардаг парадокс байна. Энэ нь бид хүртээмжтэй, эрчимтэй өсөлтийг бий болгож чадахгүй байгааг харуулж байна. 2010 оноос Монгол Улсын хөгжлөө өрсөлдөх чадварын судалгаагаар жил бүр хэмждэг болсон. Өнгөрсөн жилээс аймгуудын өрсөлдөх чадварын судулгааг гаргадаг болсон. Бид өөрсдийгөө хаана яваагаа хэмжиж чаддаг болсон нь том ахиц юм. Тэгвэл өнөө жилээс хойш нэг чухал зорилт нэмэгдэж байна. Энэ нь шударга ёсны тогтолцоо-Хуулийн хэрэгжилтийн явцыг хэмждэг болох. Тэгвэл бид хаана алдаад байгаагаа бодит байдлаар хардаг болно. Бас хууль хяналтын байгууллагууд илүү үүрэгжиж эхэлнэ. Энэхүү судалгааг Засгийн газар биш хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлбэл бүр илүү үр дүн гарна гэж итгэж байна. Хууль буюу бизнесийн тоглоомын дүрэм тодорхой, тогтвортой, тууштай хэрэгждэг байх нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлдөг гэдгийг Дэлхийн банкны судалгаа нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт, шударга шүүх хоёрын хооронд шууд холбоо байна. Тийм ч учраас бид шүүхийн шинэтгэлийг залгуулаад хуулийн бусад байгууллагын шинэтгэлийг хийж байгаа. Хуулийн салбарын шинэчлэл бол эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангах нэгэн чухал хүчин зүйл гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх. Хэдийгээр хуулийн салбарын шинэчлэл удаан хугацаанд явагддаг консерватив салбар байдаг. Нэг өдөр л өргөс авсан шиг үр дүн гарчихдаггүй. Ерөнхийлөгч анх хуулийн салбарын зургаан хуулийг өргөн барьснаас хойш УИХ нэлээд олон хуулийг батлан гаргалаа. Одоо ч хэлэлцэж байна. Энэ бол дөрвөн жилд хийчихдэг ажил биш юм. Түрүүчийн УИХ-аас уламжлан ирсэн ажлыг энэ УИХ үргэлжлүүлээд явж байгааг хэлье.

Эрхэм төлөөлөгчид та бүхнийг чуулганы ажиллагаанд идэвхитэй оролцож олон чухал санал санаачлага гаргана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

 

Эх сурвалж: open.parliament.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж