Х.Тамир: Соёлын сайд ажлаа хиймээр юм

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Х.Тамир: Соёлын сайд ажлаа хиймээр юм

Урлагийн салбар доголдож эхэлвэл тухайн үндэстний бахархал, өв соёл, боловсрол доголддог гэж уншиж байсан юм. Үзэгчийн суудлаас уран бүтээлчдийг харахад баяр, баяслаар дүүрэн та биднийг угтан авдаг. Гэвч тайзны ард тэдний ахуй, амьдрал юу болж байгааг тэр болгон бид мэдэдгүй. Тэгвэл энэ удаад тайзны ард уран бүтээлчдийн амьдрал ямар байгааг, уран бүтээлчид өнөөдөр ямар асуудалтай тулгарч байгааг харахыг хичээлээ. Тэдний орлого амьдралд нь хүрэлцээтэй байгаад хүүхдүүд ч урлагийн боловсролыг хангалттай хэмжээнд авч чадаж байгаа болов уу…

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, дуучин Х.Тамиртай энэ удаад уулзаж ярилцлаа.

-Та Ц.Оюунгэрэл сайдтай уулзсан, юуны тухай ярилцсан юм бол?

-Манай театрын ажилчдын 60-аас илүү хувь нь өөрийн гэсэн орон сууц байхгүй. Тэгтэл төрөөс “Буянт-Ухаа” хотхоны орон сууцнаас нэг ч квот соёл урлагийн салбарт олгохгүйгээр шийдвэрлэжээ. Энэ асуудлыг лавлахаар салбарынхаа сайдтай уулзахаар цаг авсан боловч Ц.Оюунгэрэл сайд Засгийн газарын хуралтай тул уулзах боломжгүй болсон. Тиймээс дэд сайдтай уулзсан. Тэрбээр “Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр тийм шийдвэр гаргасан” гэдгийг тодорхой хэлсэн.

Биднийг асуудлаа тавьж явах зуур Засгийн газрын шийдвэр өөрчлөгдөж, квотоор бус сугалаагаар байр олгох болсон. Квотоор байр олгох нь авилгал болох магадлалтайг Хонконг, Япон, Сингапураас урьж авчирсан мэргэжилтнүүд сануулсан байдаг. Квотын бичиг харъяа яамаар, байгууллагаар дамжихад авилгал үүсэх магадлал маш өндөр шүү дээ. Өнөөх дарга цэрэг, өнгө мөнгөний зүйл болж хувирах байсан. Харин сугалаагаар явуулах болсон нь миний хувьд шударга шийдвэр гэж бодож байгаа.

-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн ч урлаг соёлын ажилчдын цалин нэмэгдээгүй. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Гурван сарын 7-нд Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн холбоо болон Монголын үйлдвэрчний эвлэл нэгдээд хуралдсан. Хуралдаанаар эмч, багш, соёл урлагийн ажилчдын цалинг нэмэх тохиролцоонд хүрэх зорилготой байсан юм. Уг хурлаар багш, эмч нарын цалинг нэмэхээр болсон ч урлагийн салбарын ажилчдын цалинг нэмээгүй. Учир нь ССАЖЯ-ны сайд очоогүй, цалин нэмэх санал хүргүүлээгүй байснаас болоод Монголын урлагийн ажилчдын цалин нэмэгдэлгүй хохирчихсон.

Хамгийн сүүлд болсон асуудал бол ерөөсөө л энэ байгаа юм. Сайд ажлаа хийгээчээ, салбарынх нь хүмүүсийн цалинг нэмэх гээд Засгийн газар, Ажил олгогч эзэд, Үйлдвэрчний эвлэлийнхан цуглачихсан эмч, багш нар цалингаа нэмүүлээд гарч байхад  манай салбарын сайд нь байхгүй, цалин нэмэх хүсэлт нь байхгүй учраас цалин нэмэгдүүлэх боломжгүй гэсэн байгаа юм. Тиймээс энэ асуудлаар Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан Засгийн газарт бус салбар хариуцсан яамны сайддаа хандан ажил хаялт хийнэ. Яаж ч бодсон энэ арай л дэндэнэ.

Ер нь сонгодог урлагийг эргээд харахгүй бол их хүнд байдалтай байна шүү дээ. Цалин санхүүгийн хувьд шүү дээ. Уран бүтээлчдэд боломж хангалттай нээлттэй байна, мэргэжлийн хувьд. Азидаа ганц гэдэг бүрэн үйл ажиллагаатай, хангалттай нөөцтэй, маш сайн урын сантай байгууллагыг  дэмжиж ажиллаж чадахгүй байгаа нь маш харамсалтай.

-Дуурийн театр дотроо жаахан маргаантай байсан. Удирдлагуудын хувьд ч тэр. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Би энэ асуултад хувь хүний санаа бодлоор хариулах боломжгүй. Энэ байгууллагын 260-аад ажилчдыг төлөөлж байгаагийн хувьд хэлэхэд асуудал бол байсан, гэхдээ одоо шийдэгдсэн. Манай театрт нийт зургаан анги бий. Бүжгийн анги, хөгжмийн анги, үзвэр үйлчилгээний анги гэх мэт. Эдгээр ангиудыг төлөөлсөн зургаан бүлгийн дарга нар мөн надтай нийлээд долоон хүний ирцтэй хуралдаанаар асуудлуудыг шийддэг.

Шинэ даргын асуудлыг бид нар жаахан харъя гэж бодож байгаа. Юу юуны духанд хүрэлгүй шинэ хүн ирэхээр нь чадахгүй мэдэхгүй байна гэж шүүхээсээ илүүтэй харзнах бодолтой байгаа. Мэдээж дөнгөж ирээд байгаа учраас мэдэхгүй зйүл гарахыг үгүйсгэхгүй. Том том жүжгүүдийг сэргээж тавилаа, гадаад харилцааны асуудлууд дээр ч нилээд олон зүйлсийг хийсэн шүү. Гэхдээ яг ч 100 хувь хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм байхгүй.

-Дуурийн театрын захирал Г.Эрдэнэбаатар найруулагчид үйлчилгээний ажилтны ажил санал болгосон гэж үнэн болов уу?

-Тийм гэсэн. Ер нь аливаа театрын ерөнхий найруулагч байна гэдэг бол театрын хувьд том албан тушаал. Уран бүтээл талаасаа нэг номерын хүн. Шинэ ирсэн даргын маркетинг, менежмент ч юм уу өөрийнх нь багаа бүрдүүлэх ажил байж болох. Ямарваа байгууллагыг авч явахын туд баг бүрдүүлэх шаардлага тулгардаг. Дарга Г.Эрдэнэбаатар найруулагчийг театрын үзвэр үйлчилгээний ангид ажилла гэж хэлсэн гэсэн. Мэдээж гадаадад сургууль төгсөөд, тийм том мэргэжил эзэмшээд ирсэн хүн чинь юу гэж үзвэр үйлчилгээний ангид зогсох билээ дээ. Тэгээд л Г.Эрдэнэбаатар найруулагч үгүй гээд л явсан. Энэ асуудал хаана очиж шийдвэрлэгдэхийг мэдэхгүй, бидний мэдлээс хэтэрсэн хэрэг.

-Урлагийнханд төрөөс хэр их дэмжлэг үзүүлдэг юм бол. Дуурийн театр балетмейстргүй болчихлоо гээд байсан. Гадаадаас балетмейстр урьж модерн балет тавьсан гэсэн. Цаашдаа гадаадаас уран бүтээлчид урьж ажиллуулаад байх юм уу?

-Балетмейстргүй болсон ч юм биш л дээ. Балетмейстр Х.Гэрэлчимэг сая ажлаа хүлээлгээд өгчихсөн. Театр балетмейстрт тохирохуйц гурван хүний дунд сонгон шалгаруулалт хийж санал асуулгаар шалгаруулалт явуулсан. Уран бүтээлчид дунд нээлттэйгээр санал асуулга явуулаад олонх нь сонгоод балетмейстрээр Д.Дашлхагвын авчихсан шүү дээ. Дуурийн театрын үйл ажиллагаа одоо хэвийн явж байгаа.

-Уран бүтээлчид хэр хүрэлцээтэй байна вэ?

-Яг үнэндээ уран бүтээлчид хүрэлцээтэй биш. Балетийн хэмжээнд гоцлол бүжигчин хоёр гурван хүн бий. Тэднийгээ өвдчих вий, хавдчих вий гээд л санаа зовно. Хамгийн асуудалтай зүйл бол энэ. Сонгодог урлагийг Төр өөрөө дэмжихгүй, үнэ цэнийг нь  мэдэхгүй байна. Төр засагт урлаг мэдэхгүй, урлагийн мэдрэмжгүй, урлагийг ойлгодог хүн тэр дотор их цөөхөн байгаатай холбоотой.

Өнөөдөр балетийн бүжигчин 500 мянган төгрөг хүрэх үгйтэй цалин авч байна. Тэр 500 мянган төгрөгөө хоёр хувааж авдаг. Ийм нөхцөлд тэр мундаг жүжигчин, зургаан настайгаасаа эхлээд 12 жил зөвхөн балетчин  болох гэж сураад, театрт орж ирээд дөрвөн жил том том дүрүүдийг бүтээгээд арай гэж гоцлол бүжигчин болдог. Гэвч авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй. Хамгийн наад зах нь цалингийнхаа 50 хувийг гуанз, хоолонд өгчихдөг.

Сургалтын чанарын хувьд манайх маш сайн. Тэгээд манай хэдэн чадварлаг уран бүтээлчдийг доод тал нь сарын 2000 еврогийн цалин амлаад Япон, АНУ, Европ руу аваад л явчихдаг. Өнөөдөр байгаа хэдхэн бүжигчдийг маань хэзээ хаанаас ирээд аваад явчих юм бүү мэд. Хөгжимчид ч ялгаагүй. Зургаан настайгаасаа хөгжим тоглож арай гэж нэг театрт орж ирээд л мөн л ялгаагүй цалин авдаг. Бид нар ТҮСУ-ын зургадугаар зэрэглэлээр цалинждаг. Найман жил ажилласан би гэхэд л 400 гаран мянган цаас л гар дээрээ авч байна. Сонгодог урлаг өөрөө үнэлгээ муутай, үүнийг ойлгодог сонирхдог нь бага, амьдралын хувьд ч хэт ялгавартай болчихлоо.

-Үнэхээр боломжгүй болоод цалинг чинь нэмдэггүй юм уу. Эсвэл…?

-Тэр асуудал Монгол улсын эдийн засгын байдалтай холбоотой л байх. Улс мөнгөтэй байгаад бид нараас харамлаагүй л байлгүй. Гэхдээ аливаа улсын соёл урлаг өөрөө  хүмүүст боловсрол өгч байдаг зүйл шүү дээ. Дуурь үзсэн хүн хүүхэд, хөгжмөөр хүмүүжсэн хүмүүсийн боловсрол шал өөр байдаг. Хөгжмийн боловсрол системтэйгээр явагдаж чадахгүй, систем алдагдсанаас асуудал гараад байгаа юм. Арван жилийн хүүхдүүдэд дуу хөгжим гэдэг хичээл орж байгаа. Энэ хичээл хүүхдүүдэд хөгжмийн боловсрол өгч байгаа нь бас л дутуу. Хүүхдийг хар багаас нь л хөгжмийн, урлагийн боловсролтой холбож байх ёстой. Ядаж л ямар нэгэн хөгжмийн боловсролыг хүүхдүүд авч чаддаггүй. Урлагийг дэмжихгүй бол нийгэм өөрөө бохирддог, ялзардаг.

Түрүү жилээс бид нар харьяа яамтай боллоо. ССАЖЯ-тай энэ яам соёлоо барих юм уу, спортоо барьж явах гээд байгаа юм уу мэдэхгүй. Уг нь урлаг, соёл хоёр чинь хүртэл хоорондоо хоёр өөр зүйл юм.

Аливаа улс орны сонгодог урлаг нь Ерөнхийлөгч, Хатан хааны ивээлд байдаг. Ивээл дор байдаггүй юмаа гэхэд тухайн байгууллагын чадварлаг бүжигчин нь Ерөнхийлөгчийн, ерөнхий сайдын нэмэгдэл цалин гэдэг зүйл авдаг. Тэр зүйл нь тухай уран бүтээлчийн амьдарлыг, театрыг ч тулдаг. Гэтэл өнөөдөр манайд тийм систем байхгүй. Үйлчилгээний ажилтан шиг ажиллаад л театртаа орж ирээд баяр баясгалан болдог арга үгүй  дуртай юмаа хийж байгаа учраас. Харин гудамжинд гарахад хамгийн дорой амьдарч байгаа.

Өнөөдөр мэргэжлийн байгууллагын уран бүтээлчдийг чөлөөт уран бүтээлчидтэй хольж ойлгодог болжээ. Хошин шог, рок попынхонтой хольж ойлгоод “Урлагийнхан баян ш дээ юу яриад байгаа юм. Хамгийн үнэтэй байшинд амьдарч, хамгийн гоё машиныг унадаг” гэж ярьдаг. Гэтэл яг мэргэжлийн урлагийг нуруун дээрээ авч үүрч байгаа нь хамгийн эмэгнэлтэй амьдарч байдаг. Авч байгаа цалин нь бүр инээдэмтэй зарим нь бүр цалингаа хэлдэггүй. Ер нь үнэхээр урлагийн хүмүүс нь уналтанд орчихоод байгаа. Төр засаг үүнийг жаахан авч хэлэлцэх хэрэгтэй байна. Шууд хэлэхэд уран бүтээл гээд явж байснаас “Наран туул” дээр лангуу аваад наймаа хийвэл гайгүй амьдрах гээд байна шүү дээ.

-Засгийн газраас бодлогын чанартай уран бүтээлчдийг гадаадад сургаж боловсон хүчин бэлтгэдэг гэж сонссон. Ер нь Дуурийн театраас явсан хүн байгаа болов уу?

-Цөөн тооны Засгийн газрын тэтгэлэг байдаг л даа. Ер нь сүүлийн дөрөв таван жил яваагүй, манай театраас. Харин урлагийн хүрээнийхэн гэж өргөн хүрээгээр яривал явсан хүн байдаг л байх. Энэ жилийн хувьд манай театрын уран бүтээлчид явах гэж байна.

Гэвч хамгийн том асуудал бол уран бүтээлчдийн хэлний бэрхшээл юм. Хойшоогоо сургуульд явна гэвэл орос хэл, АНУ, Англи руу а сургуульд явна гэвэл англи хэл хэрэгтэй болдог. Гэтэл манайхан хэл сурах завгүй байдаг.

-Үзвэр үйлчилгээнээс олсон мөнгөө шууд төрд тушаачихдаг уу. Түүнээсээ уран бүтээлчдэд өгч урамшуулдаггүй юм уу?

-Шууд орлогыг хэрэглэх эрхгүй. Төрийн байгууллага гэдэг утгаараа орлогоо зарцуулах эрхгүй. Дөрвөн жилийн өмнө сайдын хавсралтаар давуулсан орлогоноосоо гучин хувийг уран бүтээлчдийн урамшуулал, театрын шинэ уран бүтээлд зарцуулах боломж олгосон байдаг юм. Тэр журмын дагуу өөрсдөө нэг захиран зарцуулах эрхтэй болсон. 2012 онд манай байгууллага 20 орчим саяыг давуулан биелүүлсэн. Харин 2013-2014 онд 120 орчим сая төгрөгийг давуулж хийсэн байдаг юм. Тиймээс 40 орчим сая төгрөг манай театрт ирэх болов уу гэж хүлээж байна.

-Байрны лизингийг дуурийн театрт харьцангуй хөнгөлөлттэйгээр олгож байгаа гэж сонссон?

-Тийм, найман хувийн зээлд хамруулж байгаа. Энэ манай даргын хийсэн ажил л даа. Гэхдээ 30 хувийн урьдчилгааг бүрдүүлсэн хүн олдохгүй болчихож байгаа юм. Манай байгууллагын ажилтнуудын 80 хувь орчим хувь нь цалингийн зээлтэй.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж