Царайлаг жүжигчид “Оскар” авдаггүй

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Царайлаг жүжигчид “Оскар” авдаггүй

-“Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшсэн ч “Алтан хүний баримал”-ыг нэг ч удаа барьж үзээгүй Леонардо Ди Каприо энэ удаа ч мөн гэртээ гар хоосон буцсан юм-

Сүүлийн хэд хоногт цахим ертөнцөд хамгийн их сонсогдсон үг бол “Хөөрхий Леонардо” байв. “Оскар”-ын 86 дахь наадамд “Уолл Срийтийн чоно” киноны дүрээрээ жүжигчин Леонардо Ди Каприог шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авна гэж олон үзэгч найдлага тавьж байсан билээ. Гэвч “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшсэн ч “Алтан хүний баримал”-ыг нэг ч удаа барьж үзээгүй Леонардо Ди Каприо энэ удаа ч мөн гэртээ гар хоосон буцсан юм. Харин 86 дахь “Оскар”-ын наадам Леонардо Ди Каприогийн хувьд анх Оскарт нэр дэвшсэний 20 жилийн ойн баяр болж өнгөрсөн билээ. Хэдийгээр Леонардо Холливуудад анх хөл тавьсан цагаасаа л амжилт дагуулах кинонд тоглож, өдгөө хамгийн өндөр хөлстэй, юм дуулгах жүжигчний тоонд багтах болсон ч Оскараас л мултарчихаад байдгийг хүмүүс анзаарчээ.

Жүжигчин Леонардо Ди Каприо 1994 онд “What’s Eating Gilbert Grape” киноны оюуны хомсдолтой хүүгийн дүрээр “Алтан бөмбөрцөг” болон “Оскар”-ын наадмын шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшсэн боловч жүжигчин Томми Ли Жонст алдсан нь зөвхөн эхлэл байв. 2005 онд түүний зэрэглэл өсч, найруулагч Мартин Скорсезийн “Нисгэгч” киноны Ховард Хьюгийн дүрээр “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн юм. Гэвч домогт блюз хөгжимчин Рэй Чарльзийн намтраас сэдэвлэсэн “Рэй” “Нисгэгч”-ийг бут цохиж,  жүжигчин Жэйми Фокс шилдэг жүжигчний шагнал хүртсэн байдаг.

Түүнээс хоёр жилийн дараа 2007 онд, “Blood diamond” хэмээх дайны тухай кинонд бүтээсэн дүрээр “Оскар”-ын нэр дэвшигчдийн жагсаалтад дахин орж ирсэн боловч шүүгчид “Шотландын сүүлчийн хаан” кинонд Иди Аминий дүрийг бүтээсэн жүжигчин Форест Вайтэйкерт шагналыг өгсөн билээ. Оскарын 86 дахь наадамд тэрбээр найруулагч Мартин Скорсезийн өөр нэг сайн бүтээл “Уолл Стрийтийн чоно” киноны биржийн ажилтны дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн ч “Dallas Buyers Club” киноны Мэттью Макконехи түүний оронд шагналын тавцанд зогссон юм. Шүүмжлэгчид  энэ дүрийг нь түүний бүтээсэн хамгийн сайн дүр болсон гэцгээж байсан ч тус болсонгүй.

Лео бүр таван настайдаа телевизийн реклам болон цуврал кинонд тоглож эхэлжээ. Леонардо Ди Каприо гэх нэрийг түүнд ээж нь өгсөн бөгөөд Италид музейд Леонардо Да Винчигийн зураг хараад зогсч байх үед гэдсэн дэх хүүхэд нь анх хөдөлсөн учраас түүнийг ийн нэрлэсэн аж.  Комик номын зураач эцэг нь түүнийг нэг настайд ээжээс нь салсан тул Лео ихэнхдээ ээжтэйгээ хамт байдаг байв. 1992 онд тоглосон “Нэгэн хүүгийн амьдрал” (This Boy’s Life) кино Холливуудад хөл тавьсан анхны алхам байв. 400 хүүхэд оролцсон кино пробноос түүнийг сонгосон хүн нь жүжигчин Роберт Де Ниро байжээ. 1996 онд У.Шекспирийн эмгэнэлт зохиол “Ромео, Жульет“-ээс сэдэвлэсэн орчин үеийн кино найраглал итгэмээргүй амжилт, ашиг авчирснаар дэлхий Леод дурласан охид бүсгүйчүүдээр уйлж хайлж эхэлсэн билээ. 1997 онд найруулагч Жеймс Камероны  алдарт “Титаник” кинонд тоглосон нь бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон кино болсон юм. (2010 онд “Аватар” энэ амжилтыг эвдсэн). Тэр үеэс Леогийн амжилт, карьер, нэр алдар солирын хурдаар өссөн.

 

Гэвч Леонардо Ди Каприо Холливудын цорын  ганц азгүй од биш аж. Леонардотой адил сэтгэл булаам, ямар ч дүрд тоглож чаддаг Холливудын чанартай жүжигчдийн нэг Пол Ньюман гэхэд 1986 онд “Мөнгөний өнгө” (the Colour of Money) киноны дүрээр шилдэг жүжигчний шагнал авах хүртлээ 1959-1983 оны хооронд долоо удаа “Оскар”-т нэр дэвшиж байжээ.

Мөн жүжигчин Аль Пачино “Загалмайлсан эцэг” (The Godfather) киноны дүрээр 1973 онд анх “Оскар”-т нэр дэвшсэнээсээ хойш 1993 онд “Эмэгтэй хүний үнэр” (The Scent of a Woman) киноны сохор хурандаагийн дүрээр уг шагналыг хүртэх хүртлээ хорин жил хүлээсэн юм. Аль Пачино тэр хугацаанд кино академийн шагналд долоон удаа нэр дэвшсэн байдаг аж.

Шагналын тавцанд гарч  үзээгүй дэлгэцийн одуудын дунд Гэри Грант, Ричард Бартон, Роберт Митчем, Жеймс Дин, Стив Маккуин, Самуэл Л.Жексон, Гэри Олдмэн, Том Круз нар ч бий. Ид гялалзаж, мандан бадарч явсан үедээ шагнал авч чадаагүй Пол Ньюман, Хамфри Богарт нар хожим нас хэвийсэн хойноо л сая шагналын тавцанд гарсан байдаг. Марлон Брандо, Жэк Николсон нар ч мөн л тавь гарсан хойноо хоёр дахь “алтан хүний баримал”-аа авсан юм. Учир нь жүжигчин зөвхөн сэтгэл булаам байх нь Холливуудад амжилт, алдар нэр олоход хангалтгүй аж. Үүний тод жишээ нь Холливуудын шаргал үст, сэтгэл татам жүжигчдийн нэг Брэд Питт. Тэрбээр шилдэг жүжигчний шагналыг хэзээ ч авч байгаагүй бөгөөд  “Боолчлолд 12 жил” киноны продюсерээр ажилласан нь түүнд Оскар авчирсан юм.

“What’s Eating Gilbert Grape” киноны оюуны хомсдолтой хүүгийн дүрээс хойш киноноос кинон дээр улам сайжирч, өөрчлөгдөж байсан Леогийн “Жанго чөлөөлөгдсөн” (Django Unchained), “Агуу Гэтсби” (The Great Gatsby), “Чаддаг юм бол намайг бариарай” (Catch Me If You Can,), “Нисгэгч” (The Aviator) бүгд үзэгчдийн дуртай кино болсон хэдий ч Кино академийнханы дуртай Том Хэнксийн кинонуудаас ялгаатай билээ.

Холливуудад шилдэг жүжигчний шагналд таван удаа нэр дэвшиж хоёр удаа шагнал авсан жүжигчний нэг бол Том Хэнкс. Учир нь Брэд Питт шиг шаргал үстэй, сэтгэл татам жүжигчдийн кинонууд амжилт дагуулсан, эрэлт ихтэй байдаг ч Кино академийнхан Том Хэнкс шиг тийм сэтгэл булаам биш жүжигчдийн тоглосон хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой, ижил хүйстэн эсвэл муу хүмүүсийн дүрд илүү дуртай байдаг бичигдээгүй хууль Холливуудад байдаг аж.

Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №052

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж