Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Мөсний хатан хаан

-Тэрбээр “Яг л Ванкувер 2010 олимпийн үеийнх шиг догдолж, сэтгэл хөдөлж байна. Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чадлаараа хичээсэн. Тиймээс Сочи 2014 наадмаас инээмсэглэлтэй гэртээ харина гэж найдаж байна” гэжээ-

Мөсний хатан хаан

Мөсний хатан хаан, уран гулгалтын мастер Ким Юна олимпийн хошой аварга болох дэнчин тавьжээ. Сочи 2014 өвлийн олимпийн дараа их спортоо орхино гэдгээ мэдэгдсэн Ким Юнаг Сочи 2014 өвлийн олимпийн мөсөн талбай дээр том сорилт хүлээж буй. 12 настайгаагаас хойш ялагчийн тавцнаас бууж үзээгүй Мөсний хатан хаан Сочи 2014 өвлийн олимпт мөнхийн өрсөлдөгч Японы Мао Асадаг дахин түрүүлж, олимпийн хошой алтан медальтай ялгуусан амжилттайгаар их спортоо орхих уу эсвэл мөсөн талбайгаа сэтгэл дундуур орхих уу гэдгийг дэлхий нийтээр амьсгаа даран хүлээж байгаа билээ. Ким Юна БНСУ-д төдийгүй дэлхийд хамгийн алдартай уран гулгагчийн нэг бөгөөд түүний инээмсэглэсэн төрхтэй сэтгүүл, сурталчилгааны зурагт самбар, реклам хамгийн ашигтай байдаг байна. Ким Юнаг 2010 онд Тайм сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий хүний нэгээр нэрлэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан Сайн санааны элчээр томилж билээ. Тэрбээр мөн 2018 оны өвлийн олимпийг Өмнөд Солонгосын Пёнчан хотод зохион явуулах эрх авахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Мөсний хатны түүх ингэж эхэлсэн юм.

Ким Юна 1990 онд Өмнөд Солонгосын хамгийн их хүн амтай Кён-ги дү мужийн Пучон хотод төржээ. Тэрбээр анх удаа тэшүүр өмсч үзэхдээ дөнгөж таван настай байв. Охины тэшүүрийн багш байсан Рю-Чонхён уран гулгагч хүнд байдаг биеийн гайхалтай харьцаа, хүч байгааг анзаарч, эцэг эхэд нь охиноо цаашид энэ спортоор хичээллүүлэхийг захисан гэдэг.

Тэшүүрээр хичээллэж эхэлсэн тэр үеийнхээ талаар Ким Юна хожим дурсахдаа “Багш маань намайг уран гулгагч хүнд байх биеийн зөв харьцаа, булчинтай гэдэг байв. Уран гулгагч хүн сайн материалтай байна гэдэг авьяастай байхаас хавьгүй илүү. Азаар миний багш үүнийг эрт олж харж, хөгжүүлэхэд минь тусалсан. Ихэнхдээ хүмүүс өөрт нь юу заяасныг мэддэггүй шүү дээ.“ гэжээ.

Ким Юнаг тэшүүрээр хичээллэж эхэлж байх үед Өмнөд Солонгост цөөхөн мөсөн гулгуурын нийтийн талбай байжээ. Одоо ч гэсэн Өмнөд Солонгост тамирчдын бэлтгэлээ хангах зориулалтын мөсөн гулгуурын талбай хангалтгүй учраас тамирчид нийтийн талбайд өглөө эрт, эсвэл бүр орой хүнгүй үед л очиж бэлтгэлээ хийдэг аж. Дээр нь нийтийн мөсөн гулгуурын талбай маш хүйтэн учраас тамирчид гэмтэж бэртэх нь их байдаг тухай Мөсний хатан хаан 2010 онд нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Дундаж орлоготой Солонгос гэр бүлийн хувьд хүүхдээ тэшүүрийн спортоор хичээллүүлэх нь ухаангүй шийдвэр байсан ч Ким Юнагийн эцэг эх охиныхоо уран гулгагч болох мөрөөдлийг ойлгож, дэмжихээр шийдсэн аж. Төрөлхийн хөдөлмөрч, хичээнгүй Ким Юна тэднийхээ урмыг хугалсангүй. 2002 онд Ким Юна Словенид болсон “Triglav Trophy” олон улсын тэмцээнд анх удаа оролцож, алтан медальтай гэртээ харьжээ. Анхлан суралцагчдын ангиллаас алтан медаль зүүсэн бяцхан охины хувьд тэр тэмцээн мөсөн талбай дээрх ялгуусан амжилтынх нь эхлэл болж, түүнээс хойш медалийн тавцнаас буугаагүй билээ. 2003 онд Ким Юна БНСУ-ын УАШ тэмцээнд түрүүлснээр тус улсын түүхэнд хамгийн залуу уран гулгагч болсон юм. Тэр үед Ким Юна дөнгөж 12 настай байв. 2003-2006 оны хооронд Ким Юна тасралтгүй дөрвөн удаа улсынхаа уран гулгалтын аварга болж, олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож, амжилт өөд гэрлийн хурдаар тэмүүлж байв. Түүний дараагийн зорилго 2006 оны Турины олимп байсан ч харамсалтай нь насанд хүрээгүй байсан тул 2010 оны Ванкуверын олимпийг хүлээхээс аргагүй болсон юм. 2005 онд Ким Юна Өсвөрийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалиас мултарч, ирээдүйн хүчтэй өрсөлдөгч Японы Мао Асадад ялагдсан юм. Мөнгөн медаль зүүсэн, нүдэндээ нулимстай, бяцхан Ким Юнагийн “2006 оны олимпод миний нас хүрээгүй болохоор эрх авч чадаагүй. Энэ удаа ч гэсэн бас түрүүлж чадсангүй. Гэхдээ би 2010 оны олимпоос анхны алтан медалийг эх орондоо авчрах болно” хэмээж буй ярилцлага телевизээр гарсан нь олон хүний хайрыг татсан юм. Харин 2006 оны Өсвөрийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ким Юна Мао Асадаг буулгаж авсан билээ.

2010 Ванкуверын олимпт амжилт гаргахын тулд илүү өндөр түвшинд бэлтгэл хийх шаардлага тулгарсан тул Ким Юна  2006 оноос эхлэн Канадын Торонто хотод бэлтгэл хийж эхэлжээ. Өвлийн спорт өндөр түвшинд хөгжсөн Канад улс түүнээс хойш Юнагийн хоёр дахь гэр нь болсон юм.

2007 оноос насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх боломжтой болсон Ким Юна (2006–2007, 2007–2008, 2009–2010) хооронд гурван удаа Гран При тэмцээний аварга, 2009 оны Тивийн аварга, 2009 оны Дэлхийн аварга болж, 2010 оны Ванкуверын олимпт очих замаа засч байв. Ким Юна Өмнөд Солонгосчуудын хувьд олимпийн ганц найдвар болсон.

Ванкувер 2010 олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон чөлөөт үзүүлбэрийн төрөлд Ким Юна нийт 228.56 оноо авч, шинэ дээд амжилт тогтоон, олимпийн алтан медаль энгэртээ зүүсэн уран гулгалтын анхны солонгос тамирчин болсон юм. Түүний тогтоосон шинэ дээд амжилт Гиннесийн рекорд болж тэмдэглэгдсэн бөгөөд 2010 оны Ванкуверын олимпийн дараа Жак Рогге, Хилари Клинтон нар эгэлгүй солонгос охины гаргасан амжилтыг шагшиж байсан гэдэг.

2010 оны наймдугаар сард Ким Юнагийн дасгалжуулагч, олимпийн хоёр удаагийн мөнгөн медальт Брайн Орсер түүнийг орхив. Тэрбээр гэнэтийн бас санаанд оромгүй шийдвэрийнхээ талаар олон нийтэд тайлбарлахдаа “Бусад уран гулгагчдын тухайлбал Адам Риппон, Кристина Гао нарын карьерт саад болохыг хүсээгүй” гэжээ. Ким Юна дасгалжуулагчийнхаа талаар “Сүүлийн хэдэн сар дасгалжуулагч бидний хооронд хачин амбицтай харилцаа байсан. Эцэст нь би түүнийг явуулахаар шийдсэн” хэмээн вэб хуудсаараа мэдэгдсэн билээ.  Ким Юна Брайн Орсерыг явсны дараа Лос Анжелесийн мөсөн ордны талбай дахь сургуулилтаа зогсоож, Петер Оппегардыг шинэ дасгалжуулагчаар авсан юм.

Гэвч 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд Ким Юна 2010 оны Гран При тэмцээнүүдэд оролцоогүй бөгөөд 2011 оны Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэний дараа 2018 оны өвлийн олимпийг БНСУ-д зохиох эрхийн төлөөх сурталчилгааны ажилд оролцохоор 2011–2012 оны тэмцээнүүдэд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Хэсэг хугацаанд завсарласны эцэст 2012 онд Ким Юна Сочи 2014 өвлийн олимпт оролцох зорилготойгоор эргэн ирэв. 2012-2013 Гран При тэмцээнүүдийн урилга ирээгүй ч Ким Юнад 2013 оны Дэлхийн аваргад оролцох эрх авахын тулд жижиг гэлтгүй тэмцээнд оролцох хэрэгтэй байв. Ким Юна дасгалжуулагч Петер Оппегардыг халж, тэшүүрийн анхны багш Рю Жонхён болон Шин Хи Сук нартай хичээллэж эхэлсэн юм. 2013 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ким Юна Италийн Каролина Костнерыг 3.11 оноогоор түрүүлж, аваргын титмээ эргүүлэн авсан билээ.

Харин одоо түүнийг сүүлчийн хариуцлагатай том даваа Сочи 2014 хүлээж байна. Оны өмнө нэгэн ярилцлагадаа тэрбээр “Би олимпийн аварга болох зорилгодоо хэдийн хүрчихсэн. Тиймээс надад одоо хүнд ачаа байхгүй”  хэмээсэн юм.

Тэрбээр хэдхэн хоногийн дараа хөдөлгөөн бүрийг нь амьсгаа даран харах сая сая хүний өмнө мөсөн талбай дээр агаарт эргэх гайхалтай үзүүлбэрээ тоглоно. Гэвч тамирчин болгон тэмцээний өмнө даван туулдаг айдас түүнийг дахин нөмрөөд буй аж. Тэрбээр “Яг л Ванкувер 2010 олимпийн үеийнх шиг догдолж, сэтгэл хөдөлж байна. Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чадлаараа хичээсэн. Тиймээс Сочи 2014 наадмаас инээмсэглэлтэй гэртэй харина гэж найдаж байна” гэжээ.

Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №048

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж