УИХ-ын дарга З.Энхболд Наурызын баярт оролцов

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд Наурызын баярт оролцов

Улсын Их Хурлын дарга З. Энхболд 2014 оны гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллав. Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллахад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын даргын зөвлөх З.Нарантуяа болон албан бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажилалаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг EZNIS-EF 923 нислэгээр Баян-Өлгий аймгийн “Өлгий” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен болон албаны бусад хүмүүс угтсан юм.

Улсын Их Хурлын дарга тус аймагт ажиллах томилолтоо Наурызын баярын өмнөх урлагийн тоглолт үзэж сонирхон, баярын хуралд оролцсоноор эхлүүлсэн. Тэрбээр хурлын үеэр салбартаа онцгой гавьяа байгуулсан иргэдийг шагнаж урамшуулав.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ахмад жүжигчин Бахышийн Хайжамалд Ардын жүжигчин цол олгосныг гардуулан өглөө.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын нэгдүгээр багийн малчин Нургалийн Бахатад Монгол Улсын гавьяат малчин цол олголоо.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Баян-Өлгий аймаг дахь Барилгын цэргийн 340 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын даргыг 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэн угтлаа. Барилгын цэргийн 340 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Доржсүрэнгийн танилцуулснаар, Увс, Завхан, Ховд аймгаас хугацаат цэргийн алба хаахаар ирэх залуусын тоо нэмэгдэж буйг онцоллоо.
Энэхүү цэргийн анги 2010 оны 6 дугаар сарын 27- нд байгуулагджээ.

Наурызын баярын өдрөөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Төв талбайд Наурызын баяр Нарны баярын парад болсон . Баярын парадыг нээж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Лазатхан үг хэллээ. Наурызын баярын ёслол жил бүр төв талбайд болдог бөгөөд өдөр шөнө тэнцдэг энэхүү өдөр Хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн казак түмнийг хүндэтгэн ирсэнд талархаж байгаагаа аймгийн засаг дарга Х.Дармен илэрхийллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Төв талбайд цугласан Казак түмэнд нарны баярын мэнд дэвшүүлж, казак түмний соёл уламжлал, зан заншлыг хүндэтгэж явдгаа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Баярын жагсаалын дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей болон бусад төлөөлөгчид Баян-Өлгий аймгийн Тамгын газрынхантай уулзалт хийсэн юм.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших “Асгатын мөнгөний орд”-д ажиллав.
Асгатын мөнгөний ордны хувьд Монгол Улсын хөгжлийн бодлогод чухал ач холбогдол бүхий ордын нэг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий энэ газар өдөртөө л жилийн дөрвөн улирлын өнгө төрхийг гаргаж байдаг өвөрмөц тогтоц бүхий газар юм. Асгатын мөнгөний ордод хэд хэдэн төрлийн металь бий гэж судлаачид үздэг байна. Мөнгө, зэс, сурьма, висмут гэсэн металийн нөөцтэй. 1970-1980 оны эхээр  Монгол болон  хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд  хамтран Асгатын мөнгөний ордны хайгуулыг хоёр удаа хийж байсан байна.


“Асгатын мөнгөний орд”-ын талаар УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ,

“2008-2012 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу 2011 оны 2 дугаар сард Асгатын мөнгөний ордод хүрэлцэн ирж, энэхүү ордыг ашиглах талаар ажлыг эхлүүлж байсан. Барилгын инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний  340 дүгээр ангийн  бие бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг хийж гүйцэтгэн 2013 онд ашиглалтанд оруулсан байна.Ингэснээрээ Монголын талаас ордыг ашиглах боломж нээгдэж байна. Ер нь Асгатын ордыг ашиглахад дараах бэрхшээлүүд байсан. Цаг агаарын хувьд, эрс тэс хүйтэн уур амьсгалтай. Хүн ам амьдрах боломж бүрдээгүй. Монголын талаас хүрч очих боломжгүй байсан. Харин одоо ирээд харахад энд жуулчны бааз ч байгуулах  боломж бүхий үзэсгэлэнтэй байгальтай газар байгааг та бүхэн харж байна. Энэхүү ордыг ашиглах лиценз нь  Монгол–Оросын хамтарсан үйлдвэрт байдаг.  Иймээс засгийн газраас энэхүү ордыг хурдан эдийн засгийн эргэлтэнд оруул гэсэн шаардлагыг тавьж байна. Энд жишээлбэл “Мөнгөтийн хяр” гэдэг ууланд 2000 метр гүний уурхай малтсан байгаа. Хүдэрийн уурхайг бариад зарим эрсдэлээс сэргийлэх үүднээс улсын төсвийн хөрөнгөөр зам тавьж өгч байна. Цаашдаа энд цахилгаан, эрчим хүчинд холбох хэрэгтэй. Баяжуулах үйлдвэрээ авчрах хэрэгтэй, энэ бүх ажлыг ОХУ-ын засгийн газарт хандан,  хурдан хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй байна. Баруун аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц эргэлтэнд оруулах хэрэгтэйг дахин хэлье.  УИХ –ын ээлжит намрын чуулганаар алтыг татвараас чөлөөлсөн. Иймээс энд буй мөнгө ч бас алттай адил үнэ цэнэтэй металь мөн. Ер нь бол Монгол Улсын вальютын санг арвижуулахад алт, мөнгө хоёр металь чухал ач холбогдолтой байгаа.Гэвч ордыг ашиглах талаар олон жил яригдсан боловч ажил хийгдэж байгаагүй. Иймээс энэ жил Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд оруулах бодит ажил заавал хийгдэх ёстой. Үүний чухал хэсэг болж зам тавигдсан, зам дагаж тог цахилгаан эрчим хүчтэй болно. Ингэсний үндсэн дээр бусад ажлууд шат дараалан хийгдэх болно” гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлж байв. Мөн УИХ-ын дарга “Асгатын мөнгөний орд”-ын дэргэд 800 гаруй хүн амьдарч байсан тосгоны нөхцөл байдалтай танилцсан. Ер нь цаашид ордыг эргэлтэнд оруулж, тосгоныг сэргээх шаардлагатай байгааг УИХ-ын дарга З.Энхболд онцолж байсан юм.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэхдээ,

“Асгатын мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь баруун бүсийн хувьд удаан хугацаанд хүлээж байгаа чухал асуудал юм. Нэгдүгээрт, тус орд хил дээр бартаатай уулын орой дээр байдаг учраас замын асуудал тулгарч байсан. ОХУ-ын хилээр орж, орд руу очдог байсныг өнгөрсөн жил шийдвэрлэж чадсан. Харин одоо хоёр том асуудал тулгарч байна. Эхнийх нь тусгай зөвшөөрөл болон менежментийг хийх асуудал. Өөрөөр хэлбэл энэ ордын  тусгай зөвшөөрөл “Монголросцветмет” Монгол-Оросын хамтарсан үйлдвэрт байдаг. Тус хамтарсан үйлдвэр энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр ажил одоогийн байдлаар хийгээгүй байна. Тиймээс богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах менежмент хийх  арга замыг эрэлхийлэх нь чухал. Мөн хоёр улсын засгийн газрын хооронд энэ асуудлыг ярилцсан байгааг дурдлаа. Түүнчлэн гуравдугаарт, технологийн асуудал. Мөнгө бол бусад металиудтай холимог байдлаар оршиж байна. Тиймээс мөнгийг хортой бусад металиудаас салгаж цэвэрлэх технологийн асуудал  тулгарч байгаа. Гэхдээ техник, технологи хөгжсөн энэ цагт технологийн асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей мэдэгдлээ.

Улсын Их Хурлын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын малчин  Саварбекийнд зочлов. Ногоонуур сумын малчин Ц.Саварбек нь  эрчимжсэн мал аж ахуй болон малын тэжээлийн асуудлаар саналаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын даргыг казак түмний аж амьдралтай танилцан ажлын айлчлал хийж буйд талархлаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрладаг Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилийн заставт мөн ажиллав. Улсын Их Хурлын даргыг тус хилийн заставын дарга , хурандаа Ц.Түвшинжаргал  болон хилийн заставт алба хааж буй гэрээт цэргийн албан хаагчид ёслол төгөлдөр угтан авлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей тус аймагт ажиллах үеэрээ МҮОНТ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт ярилцлага өгсөн юм. Ярилцлагын үеэр Даян-Улаан-Уул боомтын асуудал, Казакстан улсаас Баян-Өлгий рүү хийх шууд нислэг, Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн асуудал, Асгатын мөнгөний орд-ыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар болон “Авлигажсан” гэх тодотголтой обьектуудын асуудлыг тус тус хөндсөн юм. Мөн Улосын Их Хурлын дарга З.Энхболдоос сэтгүүлч “Үндэсний хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар асууж байлаа. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн хувьд өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байгаа, тэр дундаа гурилын үнийг тогтворжуулах тал дээр Улсын Их Хурлаас арга хэмжээ авах хэрэгтэй байгааг танилцууллаа.

 Мөн Баян-Өлгий аймгийн иргэд ОХУ болон Казакстан руу зорчиход визний асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд энэ асуудлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм байна. УИХ-ын дарга визний асуудлаар хариулахдаа, “Асуудлыг ОХУ-тай ярилцсан. Гэхдээ ОХУ-ын талаас хэрвээ манай улсын иргэд тус улсад хугацаа хэтрүүлэх, хууль зөрчсөн тохиолдолд иргэдийг эх орон руу нь буцаах зардлыг Монгол Улс хариуцна гэсэн заалт байгаа. Энэ нь улсын төсөвт хүндрэл учруулах учир энэ асуудал дээр хоёр тал хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа болохыг уламжлав. Мөн УИХ-ын дарга Баян-Өлгий аймгийн царцаагдсан барилгуудын хувьд, Согоогийн сургуулийн дотуур байр болон Цэнгэл сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын асуудлыг зохих журмын дагуу хууль тогтоох дээд байгууллага асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдэв.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей "Асгатын мөнгөний орд"-ыг эдийн засгийн эргэлтэнд оруулахын чухлыг дурдаад, орд хүрэх замын асуудал шийдэгдсэн. Харин одоо хөрөнгө оруулалт, менежментийн болон технологийн асуудлыг шийдвэрлэх гарцыг хайж байгаа талаар ярилцлагын үеэр онцолсон юм.

Орон нутгийн телевизэд ярилцлага өгсний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар Баян-Өлгий аймгийн Төв холбооны байран дахь Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээ ойртуулах чиглэлээр 2 сарын өмнө байршуулсан ТҮЦ машины ашиглалт болон иргэдийн зүгээс хандалт ямар байгаа талаар санал солилцов.

УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар орон нутгийн телевизэд ярилцлага өгч хэвлэл мэдээллийн ажилтнуудтай зургаа татуулав. Ийнхүү Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн Баян-Өлгий аймагт хийсэн ажлын томилолт амжилттай өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж