Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Грэммийн эзэн
Лос Анжелост зохиогдсон 56 дахь Грэммийн шагнал гардуулах үдэш улаан хивсний ёслолд нэг л хүн шагнал авснаа мэдээгүй орондоо хэвтэж байсан нь Британийн нэрт дуучин Адель байв. Дуучин бүсгүй Грэммийн шагнал гардуулах ёслолд очиж чадаагүй ч Твиттер хуудсаараа дамжуулан “Тэнд байсан ч болоосой. Миний арав дахь Грэммийн шагнал. Баярлалаа” хэмээн жиргэсэн юм.
Их Британийн гайхалтай авьяаслаг дуучин Адель 2008 оноос хойш Грэммийн 10 шагнал, Британийн хөгжмийн дөрвөн шагнал, Жеймс Бондын цуврал, “Skyfall” киноны дуугаар өнгөрсөн жил Оскарын шагналын эзэн болж, дэлхийн дээд амжилтаар Гиннесийн номд бичигдсэн билээ. Мөн 2012 онд Time сэтгүүл түүнийг хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүн хэмээн нэрлэсэн.
Хөгжимд дурласан охин

Адель 1988 онд Английн Лондон хотод төржээ. Аделийг төрүүлэхэд ээж нь 18 настай байв. Харин эцэг нь түүнийг 4 настай байхад хаяж явсан аж. Адель эцэгтэйгээ холбоотой байсан ч аав нь архинд орж, охиноо хайхрахаа больсон гэдэг. Ээж нь түүнийг “зөвхөн нэг зүйлд сатааралгүй хорвоо ертөнцтэй танилцахыг” ятгадаг байв. Дуу, хөгжимд бага байхын л дуртай Адель Лаурен Хилл, “Destiny’s Child”-ийг сонсч өсчээ. Гэвч Этта Жеймс, Элла Фицжералд нарын цомгийг сонсох хүртлээ сэрээгүй байсан юм. 2008 онд нэгэн ярилцлагадаа тэрбээр “Манай гэр бүлд хөгжимд дуртай хүн байгаагүй. Харин миний хамгийн сайн мэддэг байсан зүйл бол Британийн дуу хөгжмийн чарт. Этта Жеймс, Элла Фицжералдийг сонсох үед би яг л сэрэх шиг л болсон хэмээн ярьсан нь бий. Адель 40-өөд оны тэр дуунуудыг орой болгон сонсдог болжээ. Жилийн дараа Адель Театр, технологийн сургуульд элсч, Леона Льюис, Жесси нартай хамт суралцжээ.

АМЖИЛТ АВЧИРСАН 19

Адель 2008 онд “19” нэртэй анхны цомгоо гаргав. Учир нь тэр үед Адель 19 нас хүрч байжээ. Хит болсон “Hometown Glory”, “Chasing Pavements,” зэрэг дуунуудаас нь бүрдсэн уг цомог төсөөлөөгүй их амжилт авчирч, түүнийг алдрын замд хөтөлсөн билээ. 2008 оны намар Адель “Saturday Night Live” шоунд оролцсоноор бүгд түүнийг мэддэг болсон юм. Нэвтрүүлгийн үеэр түүний цомог iTunes дээр шилдэг цомгийн 40-рт жагсч байв. Харин нэвтрүүлэг гарснаас хойш 24 цагийн дотор цомог жагсаалтын хамгийн эхэнд гарсан юм. 2009 онд Адель Грэммийн шилдэг шинэ дуучин шагналтай гэртээ очлоо. Тэр жилдээ мөн Британийн хөгжмийн шүүмжлэгчдийн шагналын эзэн болсон билээ. Түүний 21 настайдаа гаргасан хоёр дахь цомог “21” жинхэнэ хит болсон юм.  Бүтээгүй хайр, шархалсан зүрхний дуулал болох сонгодог R&B, жазз дууны цомог  эхний долоо хоногт 325,000 хувь борлогдсон юм.

Аделийн үнэнч байж чадаагүй хайртдаа зориулсан “Rolling in the Deep”, “Someone Like You” гэх хоёр дуу нь Британийн шилдэг таван цомог, шилдэг таван дууны нэг болсон билээ. Хэдийгээр хувийн амьдрал, хайр дурлал нь бүтэлгүйтэж, зүрхээ шархлуулж үлдсэн ч бүтэлгүй хайрын дуулал нь түүнд толгой эргэм амжилт, алдар нэрийг авчирсан юм. Адель дуунуудынхаа эзнийг хэн болохыг хэзээ ч дурсч байгаагүй боловч, тэрхүү нууц ноёнтон нэгэн нэрд гараагүй хамтлагийн хөгжимчин байсан гэх яриа байдаг. Түүнийг мөн бисекс, Аделийг гей найзаараа сольсон талаар хэвлэлүүд шуугиж байв. Гэвч тэдгээр цуу яриа үнэн худал нь батлагдаагүй тэгсгээд намжсан билээ.

1964 онд “Битлз”-ээс хойш Британид ийм амжилт гаргасан дуучин тодроогүй билээ. “21” цомог гарснаас хойш Адель 11 долоо хоногийн турш шилдэг соло дуучны рэйтингээр нэгдүгээрт бичигдэж байв. 2012 он Адель шагналыг ёстой л бөөндөх шиг болж, Грэммийн зургаан шагналын эзэн болсон юм. 2013 онд Адель шилдэг бие даасан тоглолтоороо долоо дахь удаагаа Грэммийн шагнал авч, “Skyfall,” киноны дуугаар “Алтан бөмбөрцөг” болон “Оскар”-ын шагналын эзэн болсон.

40-өөд оны Этта Жеймс, Элла Фицжералдийн дуунуудад дуртай, тарганаасаа болж байнга шүүмжлүүлдэг Адель өөрийнхөө авьяас билэг, гадаад төрхөндөө бүрэн итгэлтэй явдаг аж. Тэрбээр 2011 онд Vogue сэтгүүлд “Том хөхтэй, туранхай харагдах хүслээсээ болж хүмүүс яаж амьдарч байгааг би харж байсан. Харин би амьдралаа тийм болгомооргүй байна” гэж ярьсан байдаг.

Адель 2012 онд удаан үерхсэн найз залуудаа хүү төрүүлж өгсөн билээ.  30 хүрэхээсээ өмнө гурван хүүхэд төрүүлнэ гэж ярьдаг дуучин бүсгүй  одоо “19”, “21” цомгоосоо дутахааргүй шинэ цомог гаргахаар алдарт “Genesis” хамтлагийн ахлагч асан Фил Коллинзтой хамтран ажиллаж байгаа аж. Шүтэн бишрэгчид нь түүний шинэ цомог гарахыг хүлээж байгаа бөгөөд цомгийнх нь нэрийг ч таамаглаж байгаа бололтой. Тэдний таамагласнаар Адель шинэ цомгоо ирэх тавдугаар сард төрсөн өдрөөсөө өмнө гаргавал “25”, хэрэв тавдугаар сараас хойш гаргавал “26” гэж нэрлэж магадгүй.

Дуучин Адель хөгжмийн ертөнцөд шигтгээ болон гялалзаж эхэлснээсээ хойш “19”, “21” гэх нэртэй хоёр цомог гаргажээ. Адель гаргасан цомгуудаа өөрийнхөө насны тоогоор нэрлэснээрээ онцлог. Тиймдээ ч түүний энэ 2014 онд гарах гурав дахь цомог “25” гэсэн нэртэй байхыг үгүйсгэхгүй.

Түүний “19” цомог нь “Daydreamer”, “Best for Last” , “Crazy for You” , “Melt My Heart to Stone”  зэрэг 12 дуунаас бүрддэг.  Харин  “21” нэртэй цомогт  “Someone like You”, “Rolling in the Deep”, “Don’t You Remember”, “Set Fire to the Rain” зэрэг хит уран бүтээлүүд багтжээ.

Н.ЭНХТУЯА
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №047
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж