Бага Бондарчук | News.MN

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
-Тэр бол Оросын нэрт найруулагч Сергей Бондарчукийн хүү, тэр бас “Сталинград” киноны ерөнхий найруулагч-

Бондарчук – Энэ нэр манай үзэгчдийн хувьд хэдийнэ танил. Учир нь Зөвлөлтийн “Дайн ба энх”, “Хүний хувь заяа” киног үзээгүй монгол хүнийг олоход бэрх. Бидний эцэг эх төдийгүй кино сонирхогч залуус ч Сергей Бондарчукт “дуртай” байдаг билээ. Гэвч би энд “Дайн ба энх” киногоороо хөрөнгөтний Америкийн “Оскар”-ын шагналын эзэн болсон, Зөвлөлтийн анхны саятан гэгдэж байсан киноны нэрт мастер, жүжигчин, найруулагч Сергей Бондарчукийн тухай биш түүний хүү “Сталинград” киноны найруулагч Фёдорыг танилцуулж байна.

Фёдор Бондарчук бол Зөвлөлтийн нэрт найруулагч Сергей Бондарчук, Зөвлөлтийн кино од Ирина Скобцева нарын хүү билээ. Зөвлөлтийн хамгийн алдартай гэр бүлд төрсөн нь хувь тавилангийн бэлэг байв. Москвагийн элитүүдийн сургуульд суралцсан Фёдор бусдаар тоглоом тохуу хийдэг элдэвтэй хүүхэд байжээ. Армид алба хаасныхаа дараа Москвагийн нэр хүндтэй дипломатын коллежид элсэх гэж байсан ч аав нь Зөвлөлтийн хамгийн нэртэй найруулагч тул түүнд кинонд урвахаас өөр сонголт байсангүй. Энэ түүний хувь тавилан байв. Сергей Бондарчук хүүгээсээ ВГИК буюу Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуульд элсэхийг шаарджээ. Фёдор 1991 онд  сургуулиа кино найруулагч мэргэжлээр төгссөн юм. Гэвч Оросын кино урлаг уналтад орчихсон байсан үе тул Фёдор кино хийх бодлоо орхиж, илүү сонирхолтой, бас их ашиг авчрах зүйл хийхээр шийджээ. Тун удалгүй видео клип түүний гаршсан ажил болж, Оросын хамгийн алдартай, баян клипчин болсон юм. Алла Пугачёва, Кристина Арбакайтье, Анжелика Варум, Линда зэрэг Оросын хамгийн алдартай дуучид дуундаа клип хийлгэхээр түүнийг зорьдог байв. 2003 онд тэрбээр шилдэг клип төрөлд Оросын “Эмми” буюу ТЕФИ шагналын эзэн болсон юм.

2000 оноос Оросын эдийн засаг газрын тосноос олсон орлогын ачаар сэргэж, Оросын кино урлагийг хөгжүүлэхэд багагүй хөрөнгө орж иржээ. Энэ бол жинхэнэ кино хийх цаг нь болсны дохио байв. Сергей Бондарчукийг Зөвлөлтийн хамгийн алдартай хүн болгосон найруулагчийн анхны бүтээл нь эх орны дайны сэдэвтэй, “Хүний хувь заяа” байсан бол сүүлчийн бүтээл нь М.Шолоховын алдартай зохиолоос сэдэвлэсэн “Дөлгөөн Дон” олон ангит кино байв. Харамсалтай нь тэрбээр киногоо дуусгаж чадалгүй, зүрхний шигдээсээр нас барсан юм. Фёдор “Дөлгөөн Дон” цувралын үлдсэн ангиудыг хийсэн юм. “Дөлгөөн Дон” цуврал нь тухайн үедээ кино зураг авалтыг Доны нутагт аваагүй, гол дүрд гадаад жүжигчид тоглуулсан гэж шүүмжлэлд өртөж байсан гэдэг.

Фёдор Бондарчукийн найруулагчийн анхны томоохон бүтээл нь кино шүүмжлэгчдийн дунд маргаан дэгдээсэн “9-р рот” байв. Афганистаны хаа нэгтээ мартагдаж үлдсэн Зөвлөлтийн цэргийн нэгэн ротын байлдагчдын эмгэнэлтэй түүхийг харуулсан киног Монголын үзэгчид санаж байгаа байх. Уг кино 2005 онд хамгийн их маргаан дэгдээсэн үйл явдал байсан юм. “9-р рот” Зөвлөлт систем задран унаснаас хойш гарсан кинонуудаас хамгийн их ашиг буюу 20 сая ам.доллар олж, дээд амжилт тогтоосон кино билээ. Фёдор 1986 оноос хойш 50 гаруй кинонд тоглосон ч нэг нь ч үзэгчдийн таашаалд нийцээгүй билээ. Тэр бүү хэл хүмүүс түүнийг нөгөө алдарт “9-р рот” кинондоо Хөхөл гэгч байлдагчийн дүрд тоглосныг мэддэггүй. Харин түүний шинэ бүтээл “Сталинград” кино өнгөрсөн онд нээлтээ хийсэн нь Оросын анхны IMAX 3-D кино болж байна. Кино эх орны дайны үед Оросын “зүрх” болж байсан Сталинград хотын домогт тулааны үеийнх шиг аймшигтай саарал өдрүүдэд үзэгчдийг аваачдаг. “Сталинград” бол дайны дууль. Найруулагч кинонд байдаг л нэг “супер баатар”-ыг биш фронтын жинхэнэ байлдагчдыг үзүүлэхийг хичээжээ. Киноны зохиол нь эхэндээ ямар ч уран сайхны хэтрүүлэггүй бичигдсэн байв. Зохиолч Илья Тилькин Сталинградын тулаанд оролцсон цэргүүдийн дурдатгал, архивын бичиг баримтыг олон сар судалсан гэдэг. Санкт-Петрбург хотод 79 хоног үргэлжилсэн киноны зураг авалтад 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй кино багийнхан ажиллажээ. Гэвч киноны төсөл зураг авалт, болон IMAX 3D эффектийг хийхэд зургаан сар шаардагдсан байна. Нийт 30 сая ам.долларын өртгөөр бүтсэн уг киноны зөвхөн Сталинград хотын сценийг бүрдүүлэхэд л 4 сая ам.доллар зарцуулжээ. Харин кино Зөвлөлтийн үеийн Сталинград буюу одоогийн Волгоград хотод өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийснээс хойш 66 сая ам.долларын ашиг олжээ. Киног ирэх хоёрдугаар сард АНУ, Их Британид гаргахаар төлөвлөж байгаа юм. Фёдор Бондарчук киноныхоо талаар “Аватар”-г үзсэний дараа би огт өөр кино хийе гэж бодсон. Технологи бол киноны салшгүй хэсэг шүү дээ. Гэвч дайны тухай кинонд шинжлэх ухааны зөгнөл, гэр бүлийн сэдэвтэй эсвэл хүүхэлдэйн кино шиг хандаж болохгүй. Орост дайны сэдэвтэй киног хүлээж авах нь маш хуучинсаг. Учир нь Оросын ард түмний хувьд хамгийн нандин сэдэв. 60, 70-аад оны үеийн өөр өөр найруулагчдын бүтээсэн дайны тухай сайн кинонууд олон байдаг. Тиймээс орчин үеийн технологиор, кино зургийн шинэ хэлээр кино хийх шаардлага гарч ирж байна. IMAX 3-D дайны сэдэвтэй, Сталинград шиг кинонд хамгийн тохирох технологи байсан” хэмээн ярьжээ.

Кинондоо шинэ гарч ирж буй залуу жүжигчдийг тоглуулах дуртай Фёдор “Сталинград” кинонд ч мөн хэний ч танихгүй залуу жүжигчдээс авахуулаад герман оффицерийн дүрд чадварлаг тоглосон Германы жүжигчин Томас Кречман зэрэг жүжигчид багтсан багийг бүрдүүлсэн нь алдаагүй билээ. “Сталинград” кино Америкийн кино академийн 86 дахь “Оскар”-ын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд шилэгдсэн боловч нэр дэвшиж чадаагүй юм.

Нэрт найруулагчийн “алтан жаал” Фёдор телевизийн янз бүрийн шоунд байнга оролцдог Оросын элитийн хүрээнийхэний хүндтэй нэгэн боловч шар хэвлэлүүд түүнийг оролдох нь бараг үгүй. Фёдорын анхны харцаар дурласан бүсгүй Светлана хожим түүний эхнэр болсон юм. Тэд хүү, охин хоёртой бөгөөд хүү нь гэрлэснээр тэднийг Оросын хамгийн залуухан өвөө, эмээ болгосон билээ. “Hello” сэтгүүлийн ерөнхий редактор Cветлана Оросын сайхан бүсгүйчүүдийн нэг бөгөөд нөхрийнхөө хэд хэдэн кинонд тоглосон юм.







 

Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №045

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж