Майк Тайсон: Би жирийн л нэг нигр

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Майк Тайсон: Би жирийн л нэг нигр

Майк Тайсон: Би жирийн л нэг нигр

Хүнд нударга, галзуу нохойнх шиг авираараа нэг үе шуугиулж явсан боксын хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсон алдар нэр, мансуурал, хүүхнүүд, уналт, дампуурал, шоронд өнгөрүүлсэн жилүүдийнхээ тухай “Маргашгүй үнэн” нэртэй дурсамжийн ном гаргажээ.

Харин Майк Тайсоны дурсамжийн ном Америкийн хар арьст миссийн тэмцээний оролцогч 18 настай бүсгүйг хүчиндсэн, 1997 оны мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өрсөлдөгч Эвандер Холифилдийн чихийг хазсан дуулиануудаас илүү олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгээд байна.

 

“Маргашгүй үнэн”

Тэрбээр дурсамж номынхоо тухай “Би бусдад ашиглуулсан жирийн л мангар нигр байсан.  Энэ амьдралдаа би хэн байсан тухай өгүүлэх дурсамж. Тэгээд л болоо.” хэмээжээ. 47 настай Майк Тайсон кокаин, марихуанд нэг мөсөн донтсон байсан бөгөөд мэргэжлийн боксын рингэнд ид байх үедээ үүнд толгойгоо хэдийн алдсан байжээ. Тэрбээр “Маргашгүй үнэн” дурсамж номондоо 2004 онд Английн боксчин Дэнни Уильямстай халз тулалдаж, гутам­шиг­тайгаар ялагдах үедээ ч мансуурсан байснаа хүлээн зөвшөөрчээ. Анх 11 настайдаа хар тамхи татаж үзсэн Майк Тайсон “Дайн тулаан бол хар тамхины түүх. Бүхий л агуу дайчид, генералууд хар тамхи татаж, мансуурч байсан гэлцдэг” гэжээ. Тэрбээр допингийн тес­тийг хэрхэн хуурч дөнгөдөг бай­сан тухайгаа бичихдээ “2000 оны зургадугаар сард Хампден Паркт хүнд жингийн дэлхийн аварга Лу Саваризтай тулалдахын өмнө хиймэл эрхтэнд өөр хүний “цэвэр” үрийн шингэн хийж, допингийн тестэнд орж болох санаа орж ирсэн” гэжээ. Түүнээс хойш тэмцээн болгоны өмнө багийнх нь нэг нь түүнд хиймэл эрхтэн аваачиж өгдөг болжээ. Түүний энэ заль эхэндээ амжилттай болж байсан ч олон хавар нэгэндээ гэгчээр тэр ондоо Майк Тайсон марихуан хэрэглэсэн нь тогтоогдож, 200,000 ам.доллараар торгуулсан юм. Учир нь тэр өдөр багийнх нь нэг гишүүн хиймэл эрхтнийг түүнд шинжилгээнээс өмнө дамжуулж чадаагүй аж.

Майк Тайсон Эвандер Холифилдийн чихийг тас хазсан тэр тэмцээнийг хүмүүс одоо ч ярьдаг боловч 2002 онд тулааны өмнөх хэвлэлийн хурлын үеэр боксийн хүнд жингийн дэлхийн аварга Леннокс Льюсийн гуянаас хазсаныг тэр болгон мэддэггүй. Майк Тайсон эртний өрсөлдөгчид Эвандер Холифилд, Леннокс Льюс нартай одоо гэмгүй найзууд боловч олон жилийн өмнөх галзуу авираа мансуурснаас болсон гэж тайлбарлажээ.

Майк Тайсон энэ талаар “Би ухаанаа алдсан. Тулааны өмнө хэвлэлийн хурал дээр түүнийг хармагц дүрэлзээд нам цохиод авмаар санагдаж байсан” хэмээн бичсэн байна.

Танхайрагч

Нью Йорк хотын Брууклин дүүргийн гэмт хэргийн үүр болсон Браунсвилд өссөн намхан, ичимхий Тайсон байсхийгээд шоглуулдаг байжээ. Бусдад шоглуулахгүйн тулд сайн зодолддог болсноор тэр гэмт хэрэгт орооцолдож эхлэв. Тэр үед Майк Тайсон кассын машин хоосолж, буу тулгаж дээрэм хийдэг бүлэглэлд орсон байв. Тэр үед Тайсон дөнгөж 11 настай байжээ. Энэ үеэс тэрбээр жижиг дээрэм, танхайн хэргээр цагдаа нарын хараанд байнга өртөх болсон юм. Дөнгөж 13 нас хүрэхдээ Тайсон 30 гаруй удаа цагдаад баривчлагдсан байжээ. Дийлдэхээ больсон хар жаалыг Трайон хөвгүүдийн засан хүмүүжүүлэх сургуульд явуулсан нь нүдээ олсон юм. Тайсон тэнд сонирхогчийн боксийн аварга Боб Стьюарттай таарснаар нудар­гаа юунд ашиглахыг сурч авчээ. Тайсонд мэддэг бүхнээ сургасны эцэст 1980 онд Стьарт түүнийг боксийн домогт менежер Константин Д`Аматотой танилцуулсан юм. Тайсон хүнд жингийн боксчин болох хүсэл­тэйгээ хэлэхэд Д`Амато “Хэрвээ чи энд үлдээд, хүний үгийг сонсч чадна гэвэл хэзээ нэгэн цагт хүнд жингийн боксын дэлхийн аварга болж магадгүй юм” гэв. Тайсон ч зөвшөөрчээ. Д`Амато Тайсон хоёр мэргэжлийн дасгалжуулагч, боксчин гэхээс
илүү эцэг, хүү хоёр шиг байжээ. Д`Амато түүнийг засан хүмүүжүүлэх сургуулиас гаргаж, Catskill ахлах сургуульд оруулав. Тайсон өдөр нь сургуульдаа явж, орой бүр бэлтгэлээ хийдэг байв. Тэр үед Тайсоны ээж хорт хавдраар нас барсан юм. Хожим Тайсон эхийнхээ тухай “Би ээжийгээ надаар бахархаж, баярлаж байхыг харж чадаагүй. Ээж маань намайг гудамжинд танхайрч явдгийг л мэддэг байв. Надад ээжтэйгээ хүн шиг ярилцаж, ойлголцох тийм боломж байгаагүй” хэмээн дурсчээ. Ээж нь нас барсан нь түүний мэргэжлийн карьерт нөлөөлөөгүй ч Тайсоны балмад догшин авир улам дордож, ахлах сургуулиасаа хөөгдсөн билээ.

“Төмөр” хочит Тайсон

1985 онд Тайсон Нью Йоркт анх удаа мэргэжлийн тулаанд орж, шулуун, хурдтай цохилтоор өрсөлдөгчөө нэг дэх үед буулгаж авсан юм. Өрсөлдөгчөө нэгдүгээр үед буулгаж чадах түүний гайхамшигтай техник түүнд “Төмөр” хэмээх хочийг авчирсан билээ.  18 настай Тайсоны хувьд тэр жил амжилттай жил байсан боловч үхэл хагацал түүнийг тойрсонгүй. Түүнд эцэг шиг нь байсан дасгалжуулагч Д`Аматог өвчнөөр нас барахад Тайсон өөрөө үхлийн цохилтод орсон юм шиг болжээ. Гэвч дасгалжуулагч Кевин Руни Д`Аматогийн орыг залгаж, Тайсон хоёр долоо хоногийн дараа бэлтгэлдээ дахин орсон юм. Тэр үед Тайсон Д`Аматогийн дурсгалд зориулсан тэмцээнд 13 дахь нокаутаа хийж байлаа. Д`Аматогийн үхлээс хойш багагүй хугацаанд түүний сэтгэлийн шарх бүрэн эдгээгүй билээ.

1986 онд Тайсон 20 настайдаа 22 тоглолтыг нокаутаар дуусгасан дээд амжилтын эзэн болсон юм. Тэр ондоо Тайсон зорилгодоо хүрч, хүнд жингийн дэлхийн аваргын төлөөх Дэлхийн
боксын зөвлөлийн тэмцээнд Тревор Бербикийг буулган авч, дэлхийн аваргын анхны бүсийг авсан юм. 20 настай Тайсон хүнд жингийн дэлхийн аварга цолыг хүртсэн хамгийн залуу тамирчин гэж түүхэнд бичигдсэн билээ. Түүний амжилт үүгээр зогссонгүй. 1987 онд Дэлхийн боксын холбооны нэрэмжит тэмцээнд ялалт байгуулж, ялалтын буухиагаа үргэлжлүүлэв. Тэр ондоо Тайсон Олон улсын боксын холбооны тэмцээнд түрүүлснээр мэргэжлийн боксын гурван том бүсийн эзэн болсон анхны хүнд жингийн боксчин болсон юм.

Тайсон ба хүүхнүүд

Гэмт хэрэгтнээс боксын дэлхийн аварга болсон Майк Тайсоны мандан бадрал хэвлэлийнхний анхаарлын төв болж байв. Хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсон номондоо өөрийгөө Македони Александртай зүйрлэсэн бөгөөд загвар өмсөгч, жүжигчин, бие үнэлэгч хүүхнүүд түүнд унаж тусч байсан тухай бичжээ. Түүнтэй учирсан хүүхнүүдийн дунд Америкийн нэрт загвар өмсөгч, “хар сувд” Наоми Кэмпбелл, Холливудын жүжигчин Робин Гивенс нар байжээ. Гэвч Тайсон Робин Гивенсийг эс тооцвол бүсгүйчүүдэд хэнд нь ч сэтгэлтэй байгаагүй аж.

1988 онд Тайсон Робин Гивенстэй гэрлэсэн юм. Гэвч америкийн хар арьст алдартай хосын гэрлэлт аз жаргалтай байсангүй. Робин Тайсонтой телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо “Түүний түргэн уур, хилэн намайг, эргэн тойрны хүн болгоныг түгшээдэг. Хамт амьдрахад яг л там шиг” хэмээн ярьсан байдаг. Дээрх явдлаас хойш удалгүй Робин Тайсоноос салах өргөдлөө өгсөн билээ. Тайсоны бичсэнээр Робиноос салах бас нэг шалтгаан нь Холливудын жүжигчин Брэд Питт байсан аж. Тайсон эхнэрээ Брэд Питтэй хамт байхад нь гардсан боловч Холливудын шаргал үст, царайлаг жүжигчин эр түүнээс нүүр рүү нь битгий цохиоч гэж гуйсан тул зүгээр орхисон гэж дурсамждаа бичжээ. Брэд Питт тэр үед нэрд гараагүй байв. Гэсэн ч Тайсоны бүсгүйчүүдтэй орооцолдсон хэрэг үүгээр зогссонгүй. 1992 онд тэрбээр Дезире Вашингтон хэмээх Америкийн хар арьст миссийн тэмцээний оролцогч бүсгүйг хүчиндсэн хэргээр зургаан жил торны цаана суусан билээ. 2002 онд хүнд жингийн дэлхийн аваргын төлөөх тэмцээнд Леннокс Льюстэй тулалдаж, ялагдсан нь түүний карьерын уналтын дохио болж, 2003-2005 онд хэд хэдэн тэмцээнд ялагдсан тул Тайсон боксын рингийг орхисон билээ. 2009 онд Тайсон “Шарталт” хэмээх инээдмийн кинонд туслах дүрд тоглосон нь шоу бизнест хөл тавих боломжийг нээж өгсөн. 2012 онд Тайсон Бродвейн тайзнаа “Маргашгүй үнэн” нэртэй ганц хүний шоу тавьсан юм. Майк Тайсон сүүлд Today сэтгүүлд өгсөн ярилцлагадаа сүүлийн жилүүдэд архинд орж, үхлийн ирмэг дээр байсан тухайгаа ярьсан бөгөөд “Би амьдралдаа олон муу зүйл хийж байсан. Одоо өөрчлөгдөж, амьдралаа өөрчлөхийг хүсч байна” гэжээ. Агуу Тайсоны “Маргашгүй үнэн”-ийн товчхон түүх ийм буюу.

Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №038

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж