Д.Эрдэнэбат: -Монгол Улсын хөгжлийн төлөө улс төрийн намуудын зарчмын том ялгаа зүйл анзаарагдахгүй байгаа нь үнэн. Гэхдээ зорилтод хүрэх, арга барил, бодлогын хувьд зарчмын ялгаа ажиглагддаг уу гэвэл ажиглагддаг. Өнөөдөр ч гэсэн УИХ дээр төрөөс тавигдсан бодлогын хэмжээнд хэрэгжих үйл ажиллагаа дээр хоёр намын ялгаа байгаа. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 24 жилийн хугацаанд, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш Монгол Улс үндэсний хөгжлийн цогц бодлоготой явж ирээгүй. Монголын үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг бол Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль байх ёстой. Харамсалтай нь бид үүнийг хийж чадаагүйгээс болж Монгол оронд алдсан зүйл их байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнийгээ тодорхойлж чадаагүйгээс улс төрийн намыг яаж авч явах гэдэг тодорхойлолтод хашигдаж энэ бодлогоо хэрэгжүүлж чадаагүйн алдаа бидэнд байгаа. Энэ өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн яригдаж байгаа сэдэв бол хөгжлийн бодлогыг яаж төлөвлөх вэ гэдэг асуудал. Хөгжлийн бодлогыг хэрхэн төлөвлөх вэ гэдэг талаар ярилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр бид энэ цогц бодлогыг үндэсний хэмжээд зайлшгүй авч хэлэлцэх ёстой. Үнэнийг хэлэхэд, ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 23 жилийн хугацаанд, Монгол Улс шинэ үндсэн хууль баталснаас хойш Монголын хөгжлийн үндэсний цогц бодлоготой явж ирээгүй. Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг бол Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль байх ёстой. Харамсалтай нь бид үүнийг хийж чадаагүйгээс болж маш их зүйлийг алдсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Цогц бодлогоо тодорхойлж чадаагүйгээс энд хүрэх арга замаа улс төрийн аль нам нь яаж авч явах вэ гэдэг энэ тодорхойлолтод хашигдаж, тэр бодлогоо хэрэгжүүлж чадаагүй алдаа бидэнд бий. Энэ байдал өнөөдөр ч үргэлжилж байгаа. Өнөөдрийн тавьж буй асуудал бол хөгжлийн бодлогыг яаж төлөвлөх вэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ цогц бодлогыг үндэсний хэмжээнд авч ярилцах нь зайлшгүй хүлээгдэж байгаа асуудал мөн гэж ойлгосон. Улс орны эдийн засаг юун дээр тулгуурлаж хөгжих вэ гэдэг асуудлыг бид ярьж байна. Манай эдийн засаг өнөөдөр уул уурхай дээр тулгуурлаж байгаа ч энэ нь биднийг байнга авч явах салбар биш. Нэгэнт эхлүүлсэн “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төслийг хэрэгжүүлж дуусгах нь энэ улсын зорилго мөн үү гэвэл мөн. Эдгээр төслийг хэрэгжүүлэх арга зам нь анхнаасаа буруу явсан гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Энэ алдааг засах үүргийг УИХ дахь олонхийн бүлгээс Засгийн газарт өгсөн. Тавантолгойн менежмэнтийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал байна. Тавантолгой төрийн удирдлага дор үнэхээр үр ашиг муутай ажиллаж байгаа бид хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол хэдэн жилийн өмнө хийгдсэн гэрээний үр дүн. Төмөр замын асуудал өнөөдөр зургаа дахь жилдээ яригдаж байна. Төмөр замыг геополитикийн хувьд авч үзэх үү эсвэл эдийн засгийн хувьд авч үзэх үү гэдэг улс төрийн том гацаа үүссэн. Энэ бол хэн нэгний дур зоргоор шийдвэрлэх асуудал биш гэдгийг монголын улс төрчид хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Монгол Улс энэ хоёр улстай мөнхийн хөрш байх тул геополитикийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч тэнцвэртэй байх зарчмын хадгалж үлдэх нь чухал.
С.Бямбацогт: Өнгөрсөн 24 жилийн улс төрийн түүхийг авч үлдэх юм бол найман жилд нь МАН дангаараа засаг барьсан. Найман жилд нь хамтарсан үлдсэн зургаан жилд нь АН засгийн эрх барьсан байдаг. Ингээд үзэхээр алдаа оноо амжилт гээд бүхий л зүйл энэ хоёр намтай салшгүй холбоотой. Бие биенээ буруутгах шаардлага байхгүй. Монгол хүмүүс монгол хүний сэтгэхүй МАН үзэл баримтлал. Бид Засгийн эрх барьж байхдаа Оюутолгой Тавантолгой ТЭЦ 5 гээд томоохон төслийг бид эхлүүлсэн. Харамсалтай нь өнөөдөр аль нь алга. МАН эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ хүртээмжтэй болгоё гэсэн бодлого барьж эхэлсэн.
Д.Жаргалсайханы дамжуулсан дараагийн асуулт “Монгол Улсын хөгжил, уул уурхайгаас олсон мөнгөө хаана зарцуулах юм бэ” гэдэг байв. Үүнд:
Д.Эрдэнэбат: Танай манай нам гэж яримааргүй байна.АН эдийн засгийг тэлэх бодлого барина гэдгээ удаа дараа хэлсэн. Зээл гэдэг ойлголт буруу гэж зарим хүмүүс хэлсэн. Монгол Улсад ямар ч хөрөнгөгүй, ямар ч баялаггүй компани орж ирээд дэлхийн зах зээл дээрээс хэдэн тэрбумаар нь мөнгө босгож байхад гуравхан сая хүн амтай, цэлгэр уудам Монгол орон өөрийгөө хөгжүүлэхийн тулд, улс орноо өөд нь татахын тулд зээл авах эрхээ хасуулж болохгүй. Энэ бол бидний үзэл баримтлал. Монгол орон хөгжих ёстой юм бол импортыг орлох бүтээгдэхүүн, нэн тэргүүнд шатахуун, цемент, ган, зэс боловсруулах үйлдвэрээ хамгийн түрүүнд байгуулах ёстой гэж үзсэн. Монгол Улс баялгийн сангаа байгуулаад хуримтлал бий болгох ёстой гэж үзсэн. Энэ хуримтлалаараа ард иргэдийнхээ ирээдүйн амьдралыг баталгаажуулах үүрэгтэй гэж үзэж байна. Тийм учраас төсөвт дулдуйдсан эдийн засгаас арай өөр арга замаар явъя гэсэн бодлогыг барьж байна. Хувийн секторын үйлдвэрлэлийг дэмжинэ. “Чингис” бонд, “Самурай” бондыг хуучин шиг зүгээр тараана гэж ойлгож болохгүй. Эдгээр бондын хөрөнгийн ихэнхийг нь бид арилжааны банкуудаар дамжуулан, хувийн хэвшлийг дэмжих зээл болгон зарцуулж байна. Харамсалтай нь, үүнийг ярьж байгаа хүн тун цөөн байна. Энэ барилгын салбар дахь бүтээн байгуулалтууд, төмөр арматур, цемент үйлдвэрлэх ажил бүгд эргэн төлөгдөх зээлээр хэрэгжиж байгааг ойлгох хэрэгтэй. Хэн нэгэн хүнд өгөөд байхгүй болж байгаа зүйл нэг ч байхгүй.
Д.Бямбацогт: Бид УИХ дээр аль болох төрийн оролцоог багасгая, хувийн хэвшлээ дэмжье гэж ярьдаг. Бодит байдал дээр бүх юманд төр оролцдог. Төр цахилгаан станц барьж байна, төр төмөр зам тавьж байна. “Энержи ресоурс” компани Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын хөрөнгө босгоод төмөр зам барих гэж байхад нь наадхыг чинь төр барина гээд зогсоочихсон. Төр даатгалын компани, арижлааны банк байгуулж байна. Ийм байдлаар эрх баригчдын Их хурал дээр ярьсан зүйл нь амьдрал дээр өөрчлөгдөөд байгаа.
Хэлэлцүүлгийг хөтлөгч Д.Жаргалсайхан дараагаар нь “Хамтарсан Засгийн үед Хөгжлийн банк байгуулагдсан. Хөгжлийн банкаар дамжуулаад төсвөөс гадна хоёр дахь төсвийг бий болгосон. Өнөөдөр олон улсын байгууллагууд “Монгол Улс хоёр төсөвтэй байна. Албан ёсны төсвөөрөө тооцоход өр чинь хоёр хувиас даваад, 10 хувьд хүрчихсэн байна. Хөгжлийн банкны зардлыг оруулах юм бол төсөв чинь ийм өндөр байна” гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр төсвөөс гадуур Хөгжлийн банк байхыг юу гэж үзэж байна вэ? Төсөвтэй яг адилхан үйл аижллагаа явуулаад байгаа юм биш үү” гэхэд.
Д.Эрдэнэбат: Хөгжлийн банкны мөнгө төсвөөр гадуур явж байгаа. Өрийн удирдлагын тухай хууль одоо Улсын Их Хуралд өргөн баригдана. Энэ хуулиар Хөгжлийн банк болон улсын төсөв хоорондоо хэрхэн уялдах вэ гэдэг харилцааг зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. УИХ энэ хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд нэг тийш шийднэ.
Д.Бямбацогт: Монгол Улс бол нэгдсэн төсөвтэй. Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа бүх төсвийг нэгдсэн төсөвт тусгах ёстой. Харамсалтай нь өнөөдөр хууль зөрчигдөөд явж байгаа. Түүнээс гадна Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд төсвөөс гадна хоёр дахь төсөв бий болгоод, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, Хөгжлийн банкны тухай хуульд “жил бүрийн нэгдүгээр улиралд багтаж тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдээ УИХ-аар батлуулна” гэсэн заалт байдаг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжихгүй байгаа.
Д.Жаргалсайхан үргэлжлүүлэн төрийн залгамж чанарын талаар ярьж “нэг сонгуулийн дараа л олон албан хаагч солигдож, бүтэц өөрчлөгдөж байна. Ийм төрийн залгамж чанар байхгүйгээс болж өмнө хийж байсан зүйлийг үгүйсгэж байна. Үүнийг хэрхэн таслан зогсоож болох вэ” гэдгийг тодруулахыг хүслээ.
Д.Эрдэнэбат: Үндэсний хөгжлийн цогц бодлогыг шинэчлэх шаардлагатай байна. Бидэнд шийдэх зүйл их байна. Үндсэн хуулиас эхлээд зарим хуулиудад шинэчлэл хэрэгтэй. Төрийн тогтвортой байдлыг хэрхэн хангахыг цогц бодлого дээрээ тусгаж өгөх хэрэгтэй.
С.Бямбацогт: Өнгөрсөн хорин жилд хангалттай улс төржсөн. Нэг нам гарч ирээд өмнөх засгийн газрыг бүхэлд нь үгүйсгэдэг. Тодорхой зорилгод нэгдээд явсан бол улс маань илүү хөгжчихсөн байхсан. Урт дунд, богино хугацааныхаа зорилгыг хамтдаа батлаад, үүнийгээ хуульчлаад өгчихвөл төрийн залгамж чанартай холбоотой асуудал шийдэгдэнэ шүү дээ” гэв.
Ийнхүү улс төрийн хоёр голлох хүчний улсын их хурал дахь байр суурьтай зэрэгцэн хувийн хэвшлийнхэн ч үгээ хэлж байсан бөгөөд “Бид яагаад Монголын эдийн засгийн форумд оролцож, цаг заваа гарзагддаг юм бол гэдгийг бодох хэрэгтэй. Эдийн засгийнхаа амьдралд идэвхитэй оролцох шаардлагатай гэж үзээд эдийн засгийн талаар ярилцах талбарыг бий болгосон юм. Бид оролцоотой эдийн засгийн институц бий болгохыг л зорьж байна. Ямартаа ч бид том зураглал гаргаад харж байна. Хорь, гучин жилийн дараа хаана очихоо харж байна. Гол нь үүнийгээ хуульчлах талаар ярилцаж байна. Улс төрийн хүчнүүд төрийн эрх барихаас хамаарсан савлагаанаас салах боломжийг ч гаргах гэж байна. Яагаад монголд төслүүд хэрэгжихгүй байна гэвэл макро эдийн засгийн орчин, хууль зүйн орчин сул байна” гэв.
Дараагаар нь хэлэлцүүлэгт ирсэн төлөөлөгч ээлж дараалан үгээ хэлцгээв. Төрийн соёрхолт инженер Н.Нацагням их сонирхолтой, өвөрмөцөөр шүүмж хэлсэн бөгөөд “Манайхан ардчилсан засаглалд ороогүй коммунист засаглалтайгаа яваад байгаа мэт харагдаж байна. Төрийн яамд хэзээ ч инженерийн сэтгэлгээтэй байсан түүх капиталист нийгэмд л лав байхгүй. Коммунист сэтгэлгээнээсээ салаач. Олон хууль батлаад улс орон хөгжихгүй. Ардчилсан засаглалыг бодитоор хийвэл авлига чинь автоматаар буурна. Манай байгаа засаглалыг терминатор засаглал гэдэг. Гэвч терминатор засаглал нь хөгжилд хүргэж байсан зүйл дэлхийд байхгүй. Ер нь төрийн яамдууд юу ч хийхгүй байх нь бидэнд илүү хэрэгтэй” гэв.
Дараагаар нь ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл “өнөөдөр төрийн оролцоог хумих тухай л яриад байна. Төрийн оролцоо нь “шилэн” байвал төрөөс айгаад байх зүйл байхгүй. Манай мөнхийн хоёр хөрш хамгийн зохион байгуулалттай бүхэл бүтэн систем. Үүний эсрэг ямар ч зохион байгуулалтгүй, хувийнхныг бариад өрсөлдөнө гэж юу байсан юм бэ. Польшийг л жишээ болгоход төрийн оролцоотойгоор хөгжиж байна шүү дээ” гэсэн бол эдийн засагч Б.Лхагважав “Монгол Улс 1992 онд батлагдсан Үндсэн хуулийнхаа дагуу татварын системтэй юу гэж асуухад л хэлж чадах хүн алга. Ингэж л бид суурь ойлголтоо мэдэхгүйгээс гол алдаа болж байна. Өнөөдрийн хямралаас гарах арга нь баялаг бүтээгчдэд санхүүгийн эрх чөлөө л өгөх шүү дээ. Улс төрчид хямралаас авардаг юм биш, бизнесмэнүүд л авч явдаг юм” гэсэн байна. Ийнхүү саналаа ээлж дараалан хэлцгээсээр өнөөдрийн нэгдсэн хэлэлцүүлэг өндөрлөлөө.