-Өнөөдрийн хурлаар ямар асуудлын тухай хэлэлцсэн бэ?
-Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжих зам, зам засварын ажлаа товч танилцуулж, цаашлаад компаниуд юунданхаарах талаар хэлэлцлээ. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй компаниуд замын хаалт ямар стандартаар тавих ёстой талаар дэлгэрэнгүй ярилаа. Хоёрдугаарт хайрга, шороо, карьерыг яаж ашиглах вэ, хэрэглэх материалын лаборторийн шинжилгээг яаж баталгаажуулах вэ, зураг төсөл дээр гарч буй алдаа дутагдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-Энэ онд хэдэн километр зам нийслэлийн хэмжээнд барих вэ. Хичнээн төгрөг төсөвлөж байгаа вэ?
–
Нийслэлийн хэмжээнд 74.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ жилийн хувьд он дамжин үргэлжилж байгаа замуудтайгаа нийлээд 50 км зам шинээр барина, 40 км замыг өргөтгөн шинэчилнэ, есөн байршилд ослын зайлуулалтын систем хийнэ. Нэг нүхэн гарц, хоёр гүүрэн гарц болон 1,8 км чулуун зам барихаар болсон. Энэ жил зөвхөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 байршилд 34 тэрбум төгрөгийн тендер зарлах юм. Одоогийн байдлаар есөн байршилд тендерийн сонгон шалгаруулалт явагдаад, зарим нь гэрээний шатандаа ороод байна.
-Тендерийг яаж сонгон шалгаруулах вэ. Өмнө жилийн алдаагаа давтахгүйн тулд энэ жил ямар арга барилаар ажиллах бол?
-2013 оноос эхлээд Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааны газар буюу мэргэжлийн байгууллага ажиллаж эхэлсэн. Тендерийн сонгон шалгаруулалт тэнд явагдаж байгаа учраас шалгарсан компанитай гэрээ хийж, тухайн байгууллага зам барих шаардлага хангаж байна уу гэдгийг захиалагчид хянаж байгаа. Иймээс тендерийн шалгаруулалт шударга болж, сайн компани ажиллаасай гэж бид хүсч байгаа.
-Замын чанар жил бүр сайжирч байна гэдэг. Тэгвэл өмнөх жилүүдэд бид юун дээр алдаж байсан юм бол?
-Өмнөх жилүүдэд техник хангамж нь муу байсан. Боловсон хүчний чадвар, хяналт шалгалт гэх мэт олон зүйлс дутмаг байсан. 2012 оноос эхлэн замын чанар сайжирч байгаа. Тэр үеэс Улаанбаатар хотын замын хуучин асфальтыг дахин боловсруулан ашигладаг технологи нэвтрүүлж, ажлын хурд болон чанар сайжирч байгаа.
-Сансарын нүхэн гарцыг өмнө жил чанартай хийнэ гэж амлаж байсан. Гэтэл өнгөрсөн намар нурчихсан байсан. Гүйцэтгэгч компанид ямар хариуцлага тооцсон бэ?
-Сансрын нүхэн гарцны гүүрэн дээрх нягтрал нь дутуу хийгдсэнээс ийм асуудал үүссэн. Тэгэхдээ өнөөдрийг хүртэл барьсан компанитай нь мөнгөний эцсийн тооцоо хийгээгүй байгаа . Дахин засварлах хөрөнгийг нь авчихсан байгаа.
-Монголын зам дэлхийн стандартад нийцэж байна уу?
-Дэлхийн стандартад мөрддөг нормын дагуу л зам барьж байгаа. Гэхдээ манай улсаас бусад улс асфалтан хучилттай замын зузааныг 50см,80см байхаар тооцож тавьдаг. Харин манайх бол ердөө долоон см тавьж байна. Энэ бол төсөв мөнгөтэй холбоотой.
Улаанбаатар | |
Шинээр барих | 40,4 км |
Өргөтгөн | 54,9 км |
Гүүрийн | 243,2 у/м |
Гадаргуун ус | 9 байршилд |
Автомашины | 1 |
Явган хүний | 2 |
Байгалийн | 1,84 км |