ОХУ 35 вагон малын тэжээл хандивлав

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

ОХУ 35 вагон малын тэжээл хандивлав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Европын зарим улсад албан ёсны айлчлал хийхээр явах замдаа ОХУ-ын нийслэл Москва хотноо түр буудаллаж, Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин, “Росатом” цөмийн эрчим хүчний улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Кириенко, “Ростехнологи” улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов нартай ажлын уулзалт хийв.
Уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 14 дүгээр хуралдааны бэлтгэлийг хангах, хоёр талын хамтарсан байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Хамтарсан хөрөнгө оруулалттай компаниудын хэтийн төлөв, эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг нь сайжруулахаар ярилцаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхийн чухлыг талууд тэмдэглэв. Энэ уулзалтын үеэр Оросын тал зудын улмаас Монголын малчдад учирч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах үүднээс 35 вагон малын тэжээл хандивлах болсноо мэдээллээ. Ерөнхий сайд С.Батболд Оросын ард түмний дэмжлэг туслалцааг талархан хүлээн авч буйгаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж