Хоккейчдоос найман мастер төрлөө

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Хоккейчдоос найман мастер төрлөө

Арабын нэгдсэн Эмират улсад болсон Азийн хоккейн холбооны “Челленж кап” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Монголын баг тамирчдыг Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал өнөөдөр /III.25/ хүлээн авч уулзлаа. Манай баг тамирчид өнөө өглөө эх орондоо ирсэн юм. Уулзалтын үеэр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал:

-Та бүхэн бол Монгол оронд хоккейн спортын шинэ эрин үеийг авчирч байгаа юм. Цаашид хоккейн спортоор хичээллэх хүүхэд залуусын сонирхлыг нэмэгдүүлэх, тив, дэлхийн хэмжээнд амжилт гаргахад хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Хоккейн спортыг эх орондоо хөгжүүлэхэд төр засгийн зүгээс бодлого барин ажиллаж байна гэдгийг онцоллоо.

Монголын шигшээ баг 2014 оны “Челленж кап” тэмцээнд эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга Тайваны багтай хийж 3-10 харьцаагаар ялагдсан. Дараа нь Хонконг (9:2), Тайланд (8:2), Кувейт(3:1) улсын шигшээг ялсан юм. Улмаар тэмцээнийг зохион байгуулагч Арабын Эмиратын багтай мөнгөн медалийн төлөө тоглож, 3:1-ийн харьцаатай  хожигдсоноор хүрэл медалийн эзэд болсон юм.

Уулзалтын үеэр ССАЖ-ын сайдын тушаалаар Монголын хоккейн шигшээ багийн дөрвөн тамирчинд спортын мастер, дөрвөн тамирчинд дэд мастер цол олгосныг гардуулж өглөө.

Спортын мастер цолоор:

-У.Шинэбаяр, С.Оч, Н.Бат-Эрдэнэ, М.Батболд /Дөрвүүлээ “Хасын хүлгүүд” багийн тамирчин/

Дэд мастер цолоор:

Э.Чулуунзориг /Хасын хүлгүүд/, Б.Мөнхөө /Багануур/, Г.Эрдэнэсүх /Багануур/, Г.Төмөрболд /Хасын хүлгүүд/ нар шагнууллаа.

Мөн шигшээ багийн тамирчин А.Мэргэнийг ССАЖЯ-ны хүндэт Жуух бичгээр шагналаар шагнасан юм. Хүндэт жуух бичгээр шагнуулсан А.Мэргэн:

-Энэ бол Арабын нэгдсэн Эмират улсад тоглосон Монголын хоккейн шигшээ багийн 23 тамирчны минь шагнал юм шүү. Та бүгдийн шагнал гэдгийг хэлмээр байна гэлээ.

Уулзалтын дараа Монголын хоккейн шигшээ багийн ахлагч Намжилын Мишигсүрэнтэй ярилцсан юм.

Монгол Улсын хоккейн шигшээ багийн ахлагч, довтлогч Н.Мишигсүрэн таван тоглолтод гурван гоол оруулж, найман оновчтой дамжуулалт өгч шигшээ багийн тамирчдаа тэргүүлсэн юм. Мөн тэмцээнд оновчтой дамжуулалтаараа хоёрт, онооны лидерт дөрөвт бичигдсэн байна.

-Арабын нэгдсэн Эмират улсад болсон тэмцээнд шигшээ багаа ахлан оролцлоо. Мөн тэмцээний үзүүлэлтээр багаа тэргүүлсэн. Энэ удаагийн тэмцээний талаар яриач?

-Шигшээ багтаа арав гаруй жил хүчин зүтгэлээ. Тэмцээний арга барил, туршлага гэх үү дээ. Түүгээрээ шигшээ багтаа туслахыг хичээлээ. Манай шигшээ баг маш залуужсан. Дундаж нас бол 23-24 орчим байна. Тэгэхээр Монголын хоккейн шигшээд маш ирээдүй байгаа гэж боддог.

-Тэмцээний эхний тоглолт нэлээд хүнд байсан шүү дээ. Өнгөрсөн жилийн аварга Тайваньтай тоглосон.

-Тайвань бол энэ тэмцээний хамгийн хүчтэй багийн нэг. Эхний тоглолт хүндхэн байсан. Мөн мөнгөн медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч Арабын нэгдсэн Эмират улстай тоглосон. Манай баг хожих бүрэн боломжтой байлаа. 

-Монголын хоккейчид орос хэв маягийн тоглолттой. Тэгвэл орос бэлтгэл сургуулилтаар Азийнхаа тамирчидтай өрсөлдөхөд ямар байдаг бол?

-Монголын хоккейчид бол орос “школа”-тай. Өмнө нь хоккей тоглодог тамирчид, одоогийн дасгалжуулагч гээд бүгд оросын хоккейн бэлтгэл сургуулилтыг хийдэг. Манай баг тамирчдыг хатуу, чадвартай тоглолттой гэдэг. Азийн тоглогчид биеийн хүчний тоглолт муутай. Тайвань, Тайланд гээд л ер нь бол Монголын тамирчдын хажууд тамир муутай байдаг юм.

-Манай шигшээ багийн тамирчдын тоглолтын хэв маяг ямар вэ. Дэлхийд орос хэв маягийн хүчний тоглолтыг давамгайлсан, Канад маягийн хоккейн  үндсэн техник,  хурдыг ашиглан тоглодог хоёр төрөл хүчтэй шүү дээ?

-Монголын шигшээ багийн тамирчид олон талын тоглолттой. Аль ч хэлбэрээр тоглож болохоор бие бялдартай. Шигшээ багийн 23 тамирчин дотор янз бүрийн арга барилтай тамирчид бий. Биеийн хүчний тоглолтыг үзүүлж чадна. Мөн хоккейн үндсэн арга барилыг ашигладаг тоглодог тамирчид бий. Манай шигшээд хурдтай, хүчтэй залуус их бий.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж