Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

-Эцэст
нь бурхны бүтээсэн цор ганц бүтээл гэгддэг хувь хүн үгүй болж, хүн
төрөлхтөн бүгд ижилхэн сэтгэж, ижлээр хардаг ганцхан өнгө, өнцгөөр
бүхнийг төсөөлдөг, “google” гээчид тэмдэглэгдсэнээс бусдаар сэтгэх
чадваргүй цахим тархитай болохоор тэмүүлэн байна. Тэрхүү тархи улам бүр
хөгжихийн хэрээр бидний тархи жижгэрэх бус томрох болтугай гэж найдъя-

 
Толгойг
нь ширлэж, сэтгэн бодох чадваргүй, оюун санаагүй, бүхнийг эзнийхээ
хэлснээр гүйцэтгэдэг “Манкуртын боол”-той бүхнийг гүүглэдэж, утас,
зөөврийн компьютерээ “ноолж” суудаг хүүгээ аав нь зүйрлээдэхсэн чинь
өмнөөс нь,

-Тэр чинь хэн юм бэ? гэж ихэд гайхан асуув. Аав
дуртай нь аргагүй, Манкурт боол. Ямар угсаа гаралтай, хэн болохоо
мэдэхгүй, нэрээ ч эргэж санахгүйгээр мартсан, хүүхэд ахуйгаа, эцэг эхээ
дурсан санаж мэдэхгүй, хүн гэдгээ ч огоорохгүй, оюун ухаан сэтгэлдээ буй
бүхнээ чиний хэлдгээр “delete”-лүүлэн сүйтгүүлсэн, тархи нь үхэжсэн,
эрэмдэглүүлсэн, хүн дүрснээс цаашгүй боол гээд хэлээдэхлээ. Сонирхолтой
нь, тэр боолын тухай “гүүглэ”-дээд анхны хэдэн илэрцийг уншсан хүү нь
өнгөрсөн нийгэмд өсч, хүмүүжсэн аавыгаа “Таны үеийнхнийг зүйрлэвэл илүү
тохирно” гэж байна. Дарангуйлал, үзэл сурталжсан нийгмийн хүмүүсийн
толгойг ширлээгүй ч түүнээс өөрцгүй гэж тэр “google” ахаасаа харснаа
хэллээ. Ийм л болчихож. Гэхдээ хүү бүхнийг хийсвэрлэн төсөөлдөг. Аргалыг
үхрийн ялгадас гэж мэдэхээс үнэрлэж, барьж, түүж бол бүр ч үзээгүй.
Гэхдээ тэдний мэдээллийг олж авах, мэдлэг хуримтлуулах өдөр шөнө шиг
ялгаатай. Аргал, хомоолны үнэрийг өнөө цагийнхан үнэртээд хамраа
мушилзуулна уу гэхээс тамшаахгүй.

-Аргалын утаа үнэртсэн малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог … гэж
хэний шүлэг вэ гэж асуувал, хүү байж байгаарай гээд л “ухаантай”
утсаараа хайж гарна. Орчин үеийнхэн нэг иймэрхүү л хүн болж буй. Гэхдээ
энэ зөвхөн бидний асуудал биш. Тиймээс үүнд даяарчлагдсан гэдэг үг яв
цав таарна. Интернэт холыг уулзуулж, хэрэгтэй мэдээллээ олж авахад юутай
ч зүйрлэшгүй боломжийг олгосон ч тэр чинээгээрээ хар тамхи шиг хараат
болгож байна. Дунд сургуулийн багш нартай уулзахад, сурагчдынх нь 15
хувь нь интернэт тоглоомд донтсоныг судалгаагаар тогтоож чадсаныг
хэллээ. Харин сэтгэн бодох, чадвар, мэдлэгт нь нөлөөлж байна уу гэсэн
асуултад “Тийм” гэж бүгд хариулах ч яг яаж гэдгийг нь хэлэх хүн алга.
Нийслэлийн VI сургуулийн багш Л.Нарандэлгэр “Хүүхдүүд ном унших нь эрс
багассан. Тиймээс интернэт ашиглаад мэдээлэл цуглуулаад ирэх даалгавар
өгдөг. Харамсалтай нь, хүүхдүүд цуглуулж авсан мэдээллээ мэдлэг болгох
нь тааруу болсон. Зарим нь цуглуулсан мэдээллээ юун тухай болохыг ч
ойлгодоггүй. Интернэтийн хөгжил хүүхдийн сэтэхүй, ой тогтоолтд нөлөөлж
байгаа эсэхийг судалсан судалгаа одоохондоо байхгүй ч нөлөөлж байгаа нь
үнэн. Энд их, багын тухай л яригдана” гэж байна.

Үүнийг батлах
мэт СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, судлаач П.Батхуяг “Оюутнууд курсын ажил
хийхдээ ном, интернэт хоёрыг хутгаад л бөөгнүүлчихээд байгаа юм. Ер нь
бичсэнээ, өөрөөр хэлбэл, хуулсан курсын ажлаа ойлгох чадвар их муудсан”
гэлээ. Тэгвэл нүдний эмч нар сүүлийн үед залуучуудын холын хараа муудсан
төдийгүй харааных нь өнцөг өөрчлөгдсөн. Орчин цагийнхан дөрвөн хананы
дунд байсаар байгаад алсын бараа ширтэх, аливааг эргэцүүлэн бодох чадвар
ч өөрчлөгдсөн. Энэ бүхнээс үүдээд бодит баримжаалал буурсаар буйг
сануулав. Үүнтэй холбоотойгоор харааны ой тогтоолт ч дагаад буурах болж.
Харааны ой тогтоолт нь тийм ч баталгаатай баримт болж чадахгүйд
хүрснийг нэгэн судалгаа баталжээ. АНУ-д 235 буруу ял шийтгэл оногдуулсан
байсны 75 хувь нь баталгаатай биш буюу гэрчийн гэмт хэрэгтнийг буруу
таньснаас болж гэсэн үр дүн гарчээ.

Тооны машин анх гарсны дараа
бүгд шагшин хүлээн авч, нягтлангийн хэрэггүй боллоо гэж цуурч байлаа.
Мэдээж энэ мэргэжил одоо ч бий. Харин ч цаашид улам хэрэгтэй болох нь
хүн төрөлхтөнд нийтлэг ажиглагдах болсон цээжээрээ бодох чадвар маш
муудсанаар илэрч байна. Тэр ч бүү хэл одоогийн дунд сургуульд арифметик
байтугай тэгш өнцөгт мэддэггүй, бүр үржүүлэхийн хүрд мэддэггүй ахлах
ангийн сурагч олширсон талаар дунд сургуулийн багш нар хэллээ. Энэ
асуудал хөгжилтэй орнуудын анхааралд хэзээний орж, хоёр жилийн өмнө
гэхэд л Англид тооны машин хэрэглэхийг хориглосон юмсанж. Шалтгаан нь
хүүхдүүд цээжээр бодохоос гадна сэтгэх чадваргүй, ой тогтоолт муутай
болж байгааг эрдэмтэд нь судалж тогтоож. П.Батхуяг ч “Интернэтийн
нөлөөгөөр ой тогтоолт муудсантай бол санал нийлнэ. Шалтгаан нь өмнө нь
мартахгүй гэсэн зүйлээ бичиж аваад бүр цээжилдэг байсан. Одоо бол нэг
хуудас нээгээд л хадгалчих учраас цээжлэх, тогтоох шаардлагагүй болсон.
Хэрэгтэй үедээ нөгөөхөө хараад л гүйцээ. Эсвэл “гүүглэ”-дээд л болчихно.
Энэ нь тодорхой хэмжээгээр хүний сэтгэхүйд нөлөөлнө. Уран зохиол ч энэ
хэрэглээнд нь зохицоод өөрчлөгдөх магадлалтай” гэж ярилаа. Тэрээр
үүнийгээ огт сэтгэхгүй, хуулбарлагчид олон болсонтой холбон
тайлбарлалаа. Харин сошиал ертөнцөд нэлээд идэвхитэй байр сууриа
илэрхийлэгч сэтгүүлч Д.Төрмөнх “Гүүглэ”-ийн ч буруу гэж юу байх вэ.
Манайхан л арай дэндүү тэнэг ард түмэн болчихлоо. Буруу руу нь л
хазайгаад байх шиг. Интернэтийг “сору, paste-аар л ашигладаг юм биш үү,
дийлэнх нь” гэснээр санал нийлэв.

Тэгвэл интернэтэд байнга орох
нь хүний тархины үйл ажиллагаанд тэр дундаа мэдээллийг тогтоох ой
санамжид нөлөөлдөг болохыг Колумбийн их сургуулийн эрдэмтэд «Гүүглийн
нөлөө» гэдэг судалгааныхаа дүнд тогтоосон байна. Судалгаагаар тухайн хүн
“гүүглэ”-ээс авсан мэдээллээ тогтоох бус харин хаанаас яаж олж авах вэ
гэдгийг чухалчилдаг болсон нь ажиглагдаж. Өөрөөр хэлбэл, өөрийн ой
тогтоолтдоо найдахаа больсон гэдгийг тогтоожээ. П.Батхуягийн оюутнуудын
курсын ажлаар жишээлэн хэлсэнтэй ижил дүгнэлтийг эрдэмтэд хийж. Учир нь
судалгаанд оролцсон хүмүүсээс хайсан зүйлийнх нь  талаар асуухад өөрийн
ой санамжаа ашиглахын оронд шууд л компьютерийн дэлгэц рүүгээ хандаж
байжээ. Ер нь интернэтийн хайлт илүүд үзэгчид хайсан зүйлийнхээ талаар
мэдлэгтэй болохоосоо  илүүтэй түүнийг яаж хайвал олж болох талаар ой
тойндоо санадаг гэнэ.

Бидний магтаж, тоть мэт дуурайдаг АНУ-д ч
яг ийм зүйл болжээ. Технологийн хөгжил дээд цэгтээ хүрснээр энэ улсын
иргэд ерөнхий мэдлэгийн төвшин, боловсрол аажмаар муудсан аж. Тиймээс
ертөнцийг таньсан байдал, ерөнхий мэдлэг нь манайхаас хэд дахин доогуурт
ордог гэдгийг бид төдийлөн мэддэггүй. Хэтэрхий их хөгжил, техник,
технологийн дэвшил нь эргээд хүнийг техникийн боол болгон, сэтгэн бодох
чадварыг улам бүр үгүй хийж байгаагийн тод жишээг бид тэднээс харж
болно.

Өдгөө дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь интернэт тогтмол
хэрэглэдэг гэх тоо баримт байна. Дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум
нь компьютерээс өдөр болгон Google-ийн хайлтын системд холбогдож,
Youtube-ээр хоёр тэрбум нь видео үздэг гэнэ. Тэгэхээр аливаа зүйлийн
агуулга, танин мэдэхүйгээ хөгжүүлэхээс илүүтэй тухайн зүйлийг хэрхэн
хайвал гарч ирэх вэ гэдгийг санагч “Google тархитнууд” жилээс жилд
олширсоор байгаа хэрэг.  

Өнөөдөр Wikipedia-гаас бид бүхнийг
хардаг, ялангуяа залуус бол тэнд агуулагдаж буй мэдээлэл бүхэн үнэн гэж
итгэдэг. Үнэндээ бол би ч, та ч тэрхүү мэдээллийг засч, өөрчлөх
боломжтой. Тиймээс тэр гадаадад Wikipediа-г шинжлэх ухааны бүтээл, ном
зохиолд эх сурвалж болгохыг хориглосон талаар ажлын маань бүсгүй хэлэв.
Тиймээс ч түүхийн нарийн эгзэгтэй зарим баримтуудыг гуйвуулах нь
олонтаа. Ер нь бид интернэтийг мэдлэг, мэдээлэл цуглуулах хэрэгсэл
гэхээсээ илүүтэй хов, живийн талбар болгон ашиглах болсон.  Угаас эрлийг
сургаар олдог нүүдэлчдийн удам болсон монголчуудад энэ чиглэл нь
давамгайлах юмсанж. Д.Төрмөнх “Интернэт бүр ч тэрийг нь хөгжүүлэх талбар
болчихлоо. Угаасаа хэрүүлд, ховонд дуртай улс одоо бүр гаарсан” гэсэн
нь үүнтэй санал нийлснийг гэрчилнэ.

Монголчууд төдийгүй дэлхий
нийт өргөн ашигладаг “Google” сайтын нэрийг алдаанаас болж өгсөн
гэлцдэг. Уг нь компанийг үндэслэгчид сайтаа 10-ын 100 зэрэгт буюу
“googol” гэж нэрлэх гэж байсан боловч бичилтийн алдаанаас болж ийн
нэрийдсэн гэдэг. Харин бид дэлхий даяар нэг сая гаруй сервертэй ёроолгүй
савнаас алдаатай, оноотой мэдээллийг цуглуулж байгаа ч тэр болгоноо
амьдралд хэрэгтэйгээр мэдлэг болгож авдаггүй аж. Ингэснээр орчин
үеийнхэн сэтгэн бодон чадваргүй, өөрөө сэтгэхээс илүүтэй хэн нэгний
хуулбарлан дуйраадаг, ой тогтоолт муутай Манкуртууд болж байна гэсэн үг.
Интернэтийн хэрэглээний хязгаарлагдмал тэмдэгт, товчлол бүхэн нь
хэзээний бидний сэтэхүйд нөлөөлөөд эхэлжээ. П.Батхуяг “Уртхан
өгүүлбэрийг ойлгодог хүн ховордсон. Одоогийн залуус бол бүр ч ойлгохгүй
дээ” гэж харамсч сууна.  Зохиолыг уншаад өөрийн бодлоо илэрхийлэхээс
илүүтэй хүний бичсэнийг харчихаад дуурайх сурагчид асуугдахаас
асуугдахын хооронд олширсоор буйг дунд сургуулийн багш хэлж, толгой
сэгсэрч сууна. Үүнийг “Интернэтийн хэт их мэдээлэл залуусыг өөрийн
хувилбар, бодолгүй болгоод байгаа юм” гэж П.Батхуяг тайлбарлалаа. Ер нь
өөрөө сэтгэгчид ихэд ховорджээ. Тэдний хамгийн том илрэл нь урлаг.
Дуучид гадны дууг хулгайлж дуулдаг бол киночид сонгодог болчихсон
бүтээлийг эрээ цээргүй хулгайлчихаад ичих ч үгүй худал түүх яриад сууж
байх жишээний. Түүхч, багш нар ч ялгаагүй. Ер нь тархиа ажиллуулахаас
илүүтэй интернэтэд ороод шүүрдэж суухыг илүүд үздэг болжээ.

“The
Secret”  буюу “Нууц” кино анх дэлгэцэнд гарч, хэрэв хүн оюун санаагаа
өөрийн хүсч байгаа, тэр ч байтугай өөрт хэзээ ч бүтэхгүй зөгнөл мэт
санагдаж байгаа зүйлд төвлөрүүлж чадвал хүссэнээ бодит зүйл болгон
хувиргаж болдог таталцлын хууль байдгийг хүмүүс мэдэж авсан гэдэг. Яг
энэхүү таталцлын хуулиар төсөөллийнхөө ертөнцөд амьдраад сошиал ертөнцөд
амьдралынхаа дийлэнх цагийг өнгөрөөдөг болсон талаар Монголын хамгийн
олон дагагчтайд тооцогдох нэгэн бүсгүй бахархалтайгаар ярьж байна.
Түүнтэй адилчууд Монголд хэдэн зуугаараа бий. Хажууд нь суугаа ээж,
аавдаа баярласнаа хэлэхийн оронд гар утсаа шүүрч “хоосон ертөнц“ рүүгээ
орон хэн нэгнээс магтаал авахын тулд пост бичигчид геометр прогрессоор
өссөөр байгаа. Аливаа мэдээлэлд анализ хийж, үнэн зөвийг нь нягтлахын
оронд хэн нэгний хэлсэн болгонд итгээд бүхнийг буруугаар будаж суудаг
будагчны арми ч олширсоор л байна. Нийгмийн чирч явах ёстой гэгддэг
сэтгүүл зүйн салбарт ч “copy paste”-ийн арми ид хүчээ авсан цаг. Эцэст
нь бурхны бүтээсэн цор ганц бүтээл гэгддэг хувь хүн үгүй болж, хүн
төрөлхтөн бүгд ижилхэн сэтгэж, ижлээр хардаг ганцхан өнгө, өнцгөөр
бүхнийг төсөөлдөг, “google” гээчид тэмдэглэгдсэнээс бусдаар сэтгэх
чадваргүй цахим тархитай болохоор тэмүүлэн байна. Тэрхүү тархи улам бүр
хөгжихийн хэрээр бидний тархи жижгэрэх бус томрох болтугай гэж найдъя.  
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Л.НАРАНТӨГС

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №050


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж