Эмэгтэйчүүдийн баяраар нэгэн зүйл ихээхэн бухимдал төрүүлэв. Урьдын танил асуудал л даа уг нь. Гэвч энэ удаад “Эмэгтэйчүүдээ баярлуулахгүй хаачдаг юм бэ” гэж урд урьдынхаас илүү даварсан билетийн шагчид эрчүүдийн уур бухимдлыг багагүй хүргэв. Эмэгтэйчүүдийн баярын өдрөөс хоёр гурав хоногийн өмнө сураглахад л 8-ний өдрийн гол тоглолтуудын тасалбар бүгд зарагдчихсан байв. Өдөрт нь очиж авах нь битгий хэл урьдчилж авья гэж хайхад ч олдохоо өнгөрөх үе бололтой.
С.Жавхлангийн найман өдрийн тоглолтын билет эхний өдөртөө алга болов. Аятайхан үзвэр үзчих сонирхолтой нь бүгдээрээ худалдаад авчихсан юм байх гэтэл тоглолт болсон бүхий л өдрүүдэд үүдэнд нь билет зарах хүмүүс хөлхөлдөцгөөж байв. Энгийн өдрүүдэд тасалбарын үнийг хоёр дахин нугалдаг бол баярын өдрүүдэд ичих ч үгүй гурваас дөрөв нугалж зарна. Нийтийн дууны тоглолт, хошин шогийн үзвэрүүдийн билет нь худалдаанд гарсан эхний өдрөө дуусчихдаг, бүр байтлаа бараг эхэнд нь шахуу очиход хамаг гайгүй суудлууд нь зарагдчихдаг нь баярын өдрүүдэд улаан цагаандаа гарч байгаа нь энэ.
Цагаан сар, наадмаар бөх үзэх гэж шагчдад “илүү төлдөг”, шинэ жил, цагаан сарын өмнө Замын үүд чиглэлд явахын тулд шагчдаас өндөр үнэтэй галт тэрэгний тасалбар авдаг “шаг” гэх хачин үзэгдэл улам л тэлсээр. Тамхины хууль гарснаас хойш тамхийг дэлгүүрийн лангуунаас биш гудамжинд суух эмээ өвөөгийн бөгсөн доорх нууц савнаас авдаг болсон бол дэлгүүрүүд хаасан үдэш оройн цагаар архийг гудамжны шагчдаас авдаг болоод байна. Шагчид гэх нийгмийн бүхэл бүтэн давхаргатай олон хүний амьдралын хэв маяг холбогджээ.
Энэ бүх шагчдаас хийж байгаа зүйлээ бизнес болгож, бараг л мафийн хэмжээнд “хөгжүүлсэн” нь хошин шогийн тасалбарын шагчид. Хошин шогчид ч байнгын тоглолт хийнэ, шагийнхан ч байнгын дамаа хийнэ. “Нэг хүнд олон билет өгдөггүй шүү дээ, билетийн арилуааг бид мэдэхгүй, шагийн билет тийм ч ноцтой асуудал биш” гэх дарга нарынх нь тайлбартай зэрэгцэн үүдээр нь тавь жараар нь билет халаасандаа дүүргэчихсэн, авахгүй бол больчих гэж дарамталсан өнгө аястай шагчид айж бэргэх зүйлгүйгээр ил цагаан наймаа явуулна. Билетийн кассныхан нь “тасалбар дууссан” гэх, гадаа шагчид нь өнөөдрийнхийг олоод өгнө гэх, мөн энэ талаар юу ч дуугаралгүй хэдэн жилийг өнгөрөөж байгаа хошин шогийн продакшнуудын хооронд ямар нэгэн холбоо хэлхээс байгаа гэж хардах хангалттай шалтгаан байна.
Магадгүй хошин шогийнхон маань 10 мянгын тасалбараа кассаар зарснаас, үүдэндээ хэсэг нөхдөөр 30 мянгаар заруулах нь ашигтай ч гэж үздэг юм уу бүү мэд. Үгүй гэж үгүйсгэе гэсэн ч үзэгч олноо бодож, энэ хууль бус үйлдлийн эсрэг гар хөдөлгөхгүй өнөөг хүрсэн гэдгээс нь дүгнэвэл, касс, хошин шогийнхон, шагчид гэсэн гурвалсан холбоо бүхий систем байна гэж хардахаас өөр арга алга. Хэрэв энэ үнэн бол энэ нь хошин шогийнхны татвараас бултах арга байж таарах нь.
Үгүй гэж мэлзвэл мэлз. Хошин шогийн продакшнуудад шагчдаас салах сонирхол үнэхээр байгаа юу, үгүй юу гэдгээ ч зарла. Олж байгаа нь багадаж, үзэгч олноо луйвардаагүй нь л үнэн юм бол “Яагаад энэ олон жилд шагчдаас салаагүй явна вэ” гэдэгт хариулах л үлдэж дээ.
Холбоотой мэдээ