Улаанбаатарын тоотой гурав дөрвөн кино театрын дэлгэцнээ монголчуудын өөрсдийн хийсэн кинонууд тасралтгүй гардаг. Ар араасаа дугаарлан гарах ээлжээ хэдэн сараар хүлээх тохиолдол ч бий гэнэ. Жилд бараг 100-гаад киног манайхан бүтээдэг гэхээр Монгол кино маань хөгжөөд байгаа мэт. Гэвч яг театрт ороод үзэхээр хөгжлийн тухай ярихад хол байна даа гэмээр сэтгэгдэлтэй үлдэнэ. Гэвч киночид киноныхоо талаарх шүүмжийг хүлээж авдаггүй. “Бид хөгжиж явна, монгол кино сэргэж байгаа, бусдаас суралцаж яваа, удахгүй сайжирна. Өөрсдөө юу ч хийгээгүй юм байж хийж байгаагаа шүүмжлэх эрхгүй” гэцгээгээд л кинондоо шүүмжийн үг хавьтуулахгүй. Мөн “Манай кино төчнөөн сая төгрөгийн ашиг олсон юм чинь үзэгчдэд таалагдаж байна гэсэн үг” гээд л өөрсдийгөө үнэлчихнэ.
Өөрсдөө киноныхон маань танхимд сууж үздэггүй болохоор үзэгчдийг унтаж, дундаас нь гарч, ямар ч үзвэр үзсэн шинжгүй ядарсан царайлаад гарч явааг анзаарахгүй. Нээлтийн ёслолыг тооцохгүйгээр шүү дээ. Учир нь нээлтийн өдөр бол найз нөхөд, гэр бүлийнхэн, кино уран бүтээлчдийнх нь цугларалт тул сайхан алга ташаад л, “Мундаг болсон байна” гэж баг өмсгөнө. Тэр багандаа итгэчихсэн найруулагч маань “Миний дараагийнхаа кино бол…” гээд л хөөрцөглөнө. Нээлтийн ёслолдоо хэдэн хэвлэлийн найзууддаа урилга тараана. Мэдээж уригдаж очсон хүн киног нь шүүмжлээд байхгүй нь ойлгомжтой. Харин ч бүр үнэгүй кино үзсэнийхээ төлөөсөнд хуурамч магтаал урсгана.
Мөнгө олоод байгаа шалтгаан нь мундаг кино хийсэн эсэхтэй нь бараг холбоогүй. Театрт кино сонгон үзэж байгаа үзэгчдийн олонх нь боломжит цагт нь хамгийн ойр хугацаанд гарах үзвэрийг сонгодог, хамт яваа залуу бүсгүйтэйгээ л сууж байвал юу ч үзэж байсан хамаагүй гэж боддог, товчхондоо бол үзэх үзвэргүйдээ үздэг нь олон. Хамгийн харамсалтай нь кино үзэж сэтгэлийн болоод оюуны таашаал авах гэсэн олон хүн сэтгэл дундуур танхимаас гардагт л асуудал байна. Киног үзээд юуг ойлгож ухаарах, энэ кино юу хэлэх гэсэн нь ойлгомжгүй. Хамгийн гол зүйл байх ёстой кино зохиол нь түүхий, өнөө хошин шогийн хэдэн жүжигчдэдээ киноныхоо хувь заяаг даатгачихсан, сэдэл санаа гээд байх зүйлгүй. Түүхгүй, баатаргүй, сэдэвгүй улс орон аятай сайн кино гээд тоогоод хэлчих бүтээл ховорхон байна. Ер нь Монголын сүүлийн үеийн киноны эхлэлийг нь харахад л төгсгөл нь ойлгомжтой. Голдуу киноны баатруудад нэг асуудал тулгарч, түүнийг нь даван туулангуут л кино төгсөх үндсэн санаатай. Бусдаас жаахан өөрийг нь ухаж сонирхвол гадаадын киноны шууд хуулбар байж дуусна. Нэг хөөрхөн хүүхний нүцгэлж буй хэсэг, гол дүрийн хосууд буруугаар ойлголцох хэсэг, хорон санаатай муу хүн, бас сайн хүн, тэгээд киноны үндсэн санаатай нэг их хамааралгүй “Шрекийн илжиг”-ний үүргийг гүйцэтгэх бүтэлгүй дүр. Энэ бол монгол киноны нийтлэг төрх. Эхнэр нь өөрт нь сайхан харагддаг байж болно л доо. Гэхдээ залуухан бүсгүйн дүрд найруулагчийн эхнэр тохирохгүй байхад тоглуулсаар л. “Банш Батаа” тоглоход л муухан кинонд үзэгчид олдоно гэж сэтгэнэ. Өнөө л архичин, хүчиндэгч, эхнэрээ зодсон муу нөхөр, төөрөлдсөн хувь заяа, эхнэр нөхөр хайсан залуус. Энэ хэдхэн сэдэвтэйгээ хэдэн ч жил зууралдав, ямар ч олон дүрээр гаргаж ирэв, найруулагчид уйдаагүй хэвээр. Энэ хэдээсээ арай давж түүхэн, нийгэм, улс орны сэдэв рүү оронгуут хөрөнгө оруулагч нь архи дарсны компани байхаа болиод нам, улс төрч болоод эхэлнэ. Ингээд л ширээн дээр заавал ивээн тэтгэгч байгууллагын ундаа наашаа харсан байх ёстой гэдэгтэй утга нэг шалгуураар түүх рүүгээ халдацгаана.
Угтаа бид чинь үндэснийхээ уран бүтээлчдийг дэмжмээр л байна. Гэвч монгол кино үзчихээд хайран цаг, хайран мөнгө гэж харамсмааргүй байна. Монгол кинонуудад мониторинг хийе, хийсэн кинонуудаар хэлэлцүүлэг өрнүүлье. Кино зохиолдоо хэдэн төгрөг зарцуулснаас нь эхлээд өөдлөхгүй байгаа шалтгаанаа ярилцаж болохгүй гэж үү.
Холбоотой мэдээ