Драмын жүжгийг үздэг хүмүүс ч тодорхой, улстөрч, бизнесийнхэн, элчин сайдууд товчхондоо 30-аас дээш насныхан гэдэг ойлголтонд яг энэ цаг мөчид, энэ үдэш цэг тавих хэрэгтэй болов. Өсвөр насныхан, дунд сургуулийн сурагчид дэлхийн театрын босго “Гамлет”-ын өмнө гэнэхэн сэтгэлээ дэлгэн тухлав. Томчууд “Гамлет”-ыг бараг А.Б-гүй мэдэх атлаа урьд үзсэнүүдтэйгээ харьцуулалт хийх гэж тайзны өмнө суудаг бол энэ удаагийн үзэгчдийн хувьд бүх юм нь анхных. Сонгодог жүжиг үзэж байгаа, том театрт ирж үзсэн нь, киноноос л зүс мэдэх жүжигчдээ “ориг”-оор нь харах, бүтэн 3 цаг 40 минутын турш, хамгийн урт кино, хошин шогоос ч урт тоглолтыг яг сууж үзэх тэдэнд бүх л зүйл шинэхэн, сонихон байгаа нь ажиглагдсан.
Нэгэнт та бүхний эртний танил “Гамлет” тул олныг нуршихаас түдгэлзэн солигдсон жүжигчдийг цухас танилцуулья. Гертрудагийн дүрд МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн дүрд СТА Т.Хулан нар тоглосон .
Театрт очихын өмнө нэгэнт тэсгэл алдан “Гамлет”-ын өмнөх тавилтуудын шүүмжүүдийг уншсан тул Т.Хулангаас “Хад чулуун дунд ургасан эмзэг дэлбээ, гэнэн цайлган хайр татам” төрх, Ж.Оюундариас “Сийрсэн шилэн оймс, тачаангуй төрх, шийдэмгий зоримог алхаа, энэлэл шаналал, үрээ хайрлах чин сэтгэл”-ийг үзэгч бивээр хайн бэдэрч эхлэв.
Яг ингээд үзээд суусан чинь Офелия гол дүр биш ч юм шиг. “За одоо л нөгөө хүүхэлдэйгээ төрүүлээд жинхэнэ солиотой хүнийг гаргаж үзэгчдийг алмайруулна даа” гэж гартаа барьсан алчуураа сэм сэм базалтал нөгөө Офелия хүүхэд төрүүлж байна гэж хүүхэлдэй тэвэрч гүйсэн ч үгүй хэдхэн минут галзуурлыг бүтээгээд удалгүй усанд үйж үхсэн мэдээг үзэгчдэд Гертруда дуулгав. Бодвол Т.Хулангийнхаар Офелия ийм байсан бололтой. Тэр ухаалаг эрэмгий, дайчин шаналал дүүрэн ханхүү Гамлетын хайрыг үл мэдэг толгой хоосон ч юм шиг аав, ахынхаа харцаар хөдөлдөг “дондогмаа” шиг нөхөр татаж л байдаг. Мэдэхгүй, Офелия надад лав гойд сэтгэгдэл төрүүлсэнгүй. Өөрийн гэсэн үзэл бодол өнцөггүй, жүжиг эхлэх, Офелия гарч ирэх, Офелиягийн тухай яригдах мөч бүрт “Хөөрхөн сайхнаараа гайхагддаг” гэсэн утга бүхий ишлэл ам дамжин хэлэгдэж буй нь дүрээ тодотгох гэж хэт ядсан хэрэг мэт. Үнэхээр урсгал ус шиг дөлгөөхөн, ялдам цэцэгхэн мэт үзэсгэлэн гоо бүсгүй мөн л юм бол үзэгчид харах болгонд шүүрс алдаж, харцаараа илбэх биз. Ямагт хэлээ хазаж “наль наль” хийх “дондогмаа” бүсгүйг л Т.Хулангаас олж харлаа. Дүрдээ орно, дүрээ биедээ суулгана гэдэг мэдээж амаргүй. А.Ганчимэгийг “Буратино царайлчихаад дүрээ ойлгоогүй юм шиг” гэж тухайн үед зарим үзэгчид сэтгэгдэл шидэлсэн бол энэ удаагийнх “дондогмаа” шиг л мэдрэмж төрүүлэв.
Гамлет бол яах аргагүй Гамлет болжээ. С.Болд-Эрдэнэ одоо дүрдээ орсон, тэр чигээрээ тэр Гамлетын амьдралаараа амьдарч байна. Ухаан төгс, шаналал дүүрэн ханхүүгийн ээж Гертрудагийн дүрийг Ж.Оюундарь гадаад үзэмжээрээ биш дотроосоо шатаж бүтээв. Угийн “hot” тодотголд ордоггүй, төлөв төрхтэй түүнээс секси Гертрудаг хүсэх нь утгагүй юм. Нулимс хайр гамгүй урсгаж, хурц зөрчлийг угийн тайван хүн гэмээр аядуухан дуугаар гаргаж байгаа нь түүний нэг барил биз. Товчхондоо Гертруда тийм ч хурц биш, гэхдээ үүргээ гүйцэтгэсэн дүр байлаа. Гамлетын насны томоо болсон хүүтэй хатан ахайтны нас ер нь Ж.Оюундарийн үе байх нь мэдээж. 30 хол гарсан насны бүсгүй хүн аальгүйтсэн ч тийм аальгүй харагдахгүй, юм юм үзэж төлөвшсөн нас учраас Гертрудагаас бид өөр юуг хүсэх билээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Эх сурвалж: www.grandnews.mn