Хохирогчдын ар гэрийнхэн цагдаа нартай мөргөлдөв

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Хохирогчдын ар гэрийнхэн цагдаа нартай мөргөлдөв

Малайзын Ерөнхий сайд энэ гуравдугаар сарын 8-ны өдрөөс хойш сураггүй болсон Боинг 777-200 онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гарцаагүй болсныг өчигдөр орой /III.24/ албан ёсоор мэдэгдсэн билээ. ИйнхүүМалайзын албаныхан сураггүй болсон онгоцыгдалайд осолдсон гэж үзэж буй тул 370-р нислэгт зорчигч 227 хүн, нислэгийн багийн 12 гишүүн бүгд амь үрэгдсэнд тооцсон юм. Малайзын Ерөнхий сайдын хариуцлагатай мэдэгдлийн дараа зорчигчдын ар гэрийнхэн аянгад ниргүүлэх мэт болж, уй гашуугаа барьж чадахгүй зарим нь ухаан алдаж, нус нулимсандаа холилдон орилж, хашгирцагааж байв.

Тэгвэл өнөөдөр /III.25/ Хятадын 153 зорчигчийн ар гэрийнхэн нийслэл Бээжин хотноо оршихМалайзын Элчин сайдын яамны гадна жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдөв.Гэр бүлийн гишүүдээ онгоцны ослоор амь үрэгдсэн гэдэгт итгэхийг хүсээгүй тэд Малайзын эрх баригчдаас нотолгоо шаардаж, “худалчхүмүүс” хэмээн хашгирцгааж байна. “370-р нислэгийн төлөө залбирцгаая” гэсэн үг бичсэнцагаан цамцаар жигдэрсэнхохирогчдын ар гэрийнхэн болон тэднийг дэмжигчид нийлсэн 100 орчим хүн  Малайзын Элчин сайдын яам руу нэвтрэхээр дайрчээ. Хятад зорчигчдын ар  гэрийнхэн Малайзын албаныхнаас төрөл төрөгсдийнхөө амийг нэхэн, Элчин сайдын яам руу нь уурсан дайрч байгаа аж.

Үүний зэрэгцээ Хятадын Засгийн газраас Малайзын эрх баригчдад хандан 370-р нислэгийн талаарх хиймэл дагуулын мэдээллийг өгөхийг шаардсан байна.

Одоогоор олон улсын эрлийн хамтарсан баг Боинг 777-200 онгоцыг хайх ажиллагааг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт үргэлжлүүлсээр байгаа юм. Мөн Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрсөн Малайзын агаарын тээврийн 370-р нислэг яагаад эсрэг зүгт Энэтхэгийн далайд осолдсон байж болох нь тодорхойгүй байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж