Твиттер тойм: 68, 69, 70, 71 Уухай

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Твиттер тойм: 68, 69, 70, 71 Уухай

Твиттерчдийн анхаарлын төв байсан сэдвүүдийг эрэмблэвэл өчигдрийн хувьд, нэгдүгээрт сумогийн шинэ их аварга дахин Монголоос төрсөн тухай, хоёрдугаарт эдийн засгийн форумын үеэр яригдсан яриа мэдээллүүд, гуравт Малайзын сураггүй алга болсон онгоцны тухай сураг ажигийн тухай байлаа.

68,69, 70, 71 УУХАЙ, УУХАЙ

Дөрвөн дараалсан тоог жиргэсэн энэхүү жиргээ өчигдрийн хувьд ч мөн онцлох жиргээ, гол ярианы сэдэв хэвээр байлаа. Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аваргаар Сүхбаатар аймгийн уугуул Мангалжавын Ананд тодорч, ингэснээр сумогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд Монгол Улсаас төрсөн явдлыг монголчууд бүгдээрээ бахархан ярьсаар. Дээрх жиргээг 68 дахь аварга нь жиргэсэн бөгөөд  “Сүмогийн холбоо хуралдаж 100 хувийн саналаар Какүрю Анандыг Ёкүзоно болгож байна” хэмээх мэдээллийг хамгийн эхэнд дамжуулсан юм.  Ар араас нь талархал, бахархал, омогшил бүхий жиргээ хөвөрсөөр л. “Монголчууд 2004 оноос хойш 4 дахь ёкозүнагаа өлгийдөн авлаа.71 дэх нь Ананд.Хурай,хурай,хурай!Хийморилог Монголын золтой хөвгүүд шүү дээ. Сумо Бөхөөр би амжилттай сайн барилдана, намайг Сумод аваач хэмээн сумогийн холбоонд захидал бичиж байж орсон Ананд хvv зорьсондоо хvрлээ” гэж уухайлсаар..

ҮР ДҮН НЭХҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ

Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн Эдийн засгийн форумын ерөнхий уриа нь “Монголдоо бүтээцгээе”. Чуулганд оролцож байгаа 800 гаруй хүн хоёр өдрийн турш салбар салбараар нь ангилсан 30 гаруй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж буй. Энэхүү чуулганыг тойрсон яриа хөөрөө төрийн ордноос хэдийн хальж жиргээчдийн дунд өрнөв.
 
Жиргээчдийн хувьд үр дүн чухал байгаагаа онцолж байв. “Эдийн засгийн форум ч дээ. Шийдвэр биш зөвлөмж гаргана.Тэрийг нь засаг тоох ч үгүй. Өмнөхүүд нь тийм л байсан. Ер нь эдийн засгийн форум хийсний дараа монголын эдийн засагт ямар эерэг нөлөө гардаг юм бэ? ур дун байдаг уу” гэх утгатай шүүмж олонтаа өрнөв. Мөн “Эдийн засгийн форум. Хийх хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу гэж бодогдох. Сонсоод суух сайд дарга гишүүд нь ч алга. #MEF ээр хендлен гулд явлаа нэг ч сайд алга” гэж байв.

Энэ удаагийн форумын нээлтэнд “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” болоод буй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ирээгүй нь, бараг харагдаагүй нь ийнхүү олон жиргээчдийн эгдүүцлийг төрүүлсөн бололтой. Яах вэ, чамгүй олон сайд, дэдүүд уван цуван оролцож байсныг нь анзаараагүй байх. 

Мөн салбар хуралдаануудад буюу өөр өөр танхимд хуваагдан орсноос болж их танхимдаа цөөн хүнтэйгээр хуралдаж буй нэгэн салбар хуралдааны зургийг дарсан кадраас болж “Эдийн засгийн форумын заал хов хоосон. Нэг авгайгийн лекц пиг дүүрэн,энэ чинь л том асуудал болоод байгаа юм даа Монголчуудын эмгэнэл” гэх утгатай, хурлын танхим бараг хоосон байгаа зургийг ч шүүмжлэгч жиргээчид өлгөн шүүмжилж байлаа. 
 
УХААЛАГ УТАС БА МАЛАЙЗЫН ОНГОЦ

Хамгийн сүүлийн мэдээгээр Францын хиймэл дагуулын зургийн дагуу Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хайгуул, самналт хийж буй Хятадын эрлийн багийнхан сураггүй болсон онгоцны сэг байж болох зүйлс хөвж буйг олж харжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Австралийн багтай хамтран “Xuelong” мөс хагалагчаар хайгуул хийж яваа Хятадын эрлийн багийнхан өнөөдөр /III.24/ “Цагаан өнгийн, том, дөрвөлжин зүйл” далайд хөвж байгааг олж анзаарсан гэнэ. Мөн тэрхүү том биетээс хэдхэн км-ийн зайд олон тооны жижиг зүйлс хөвж байгааг харжээ. Одоогоор тэдгээр цагаан өнгийн зүйлс сураггүй болсон онгоцны сэг мөн эсэхийг хараахан тодруулаагүй байна.

Харин  энэхүү явдлын талаарх таамаг мэдээлэл, тооцоолол бүхий мэдээ олноос гарч байгаа бөгөөд онгоцноос ямар нэг дуудлага яагаад ирээгүй тухай, ухаалаг утас хэрэглээнд нэвтэрсэн энэ үед ямар нэг дохио огт байгаагүй нь сонирхолтой байгаа тухай таамаглалыг ч хуваалцаж байлаа.  Тухайлбал, “Дэлхийн нийт хүн амийн тавны нэг нь ухаалаг утас хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Үүгээр бол онгоцонд дор хаяж 50 хүн орчин үеийн ухаалаг утастай байж таарах нь. Онгоцонд хүмүүсийн ихэнх нь бизнес эрхлэгчид, инженер, аялагчид байсан гэж үзвэл ухаалаг утасны тоо улам ихэснэ.

яюулгүйн үүднээс нисэх онгоц хөөрөх болон буух үед утас болон аливаа электрон төхөөрөмжийг унтраахыг зорчигчдоос шаарддаг. Гэвч Электрон төхөөрөмж хэрэглэгчдийн холбооноос гаргасан нэгэн судалгаанаас үзвэл онгоцонд зорчигчдын 30% нь утасаа унтраахаа мартдаг ажээ. Тэгэхээр нислэгийн үед МН370-ийн зорчигдоос цөөхөн ч гэсэн утасаа асаалттай орхисон байх магадлалтай. Түүнчлэн онгоц хөөрсний дараа ч утасаа асаасан хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд МН370 онгоцны зорчигчдын утас ойролцоох антены цамхаг уруу дохио илгээх ёстой. 9 сарын 11-нд болсон аймшигт халдлагын үеэр барьцаалагдсан онгоцны зорчигчид хэд хэдэн удаа утасны дуудлага хийж байж. Тэдгээр дуудлагуудын зарим нэг нь техникийн хувьд бараг боломжгүй өндрөөс хийгдсэн гэдгийг бүртгэж авчээ.  Тэгвэл 9/11 ойролцоогоор 10,000м өндөрт байх үед хийгдэж байсан дуудлага хийсэн гэвэл МН370-ийн хувьд ч зорчигчид холбоо барих бүрэн бололцоотой байсан мэт бодогдоно. Учир нь 9/11 бол аль 13 жилийн өмнөх үйл явдал шүү дээ. Тэр үеийн технологийг өнөөдрийнхтэй харьцуулах ч хэрэггүй. Гэвч харамсалтай нь МН370-аас нэг ч дуудлага ирээгүй”  гэх мэдээллийг жиргээчид онцолж байв.

Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж