Хүүхэлдэйн байшин дахь “Нора”

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн байшин дахь “Нора”

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн амралтын өдөр Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” буюу “Нора” жүжгийг залуу уран бүтээлчид дахин үзэгчдийн хүртээл болголоо. Уг жүжгийг тэртээ 30 жилийн өмнө “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн  найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсан тайзнаа тавьж байсан юм. Өнгөрсөн бямба гарагт буюу гуравдугаар сарын 22-нд нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсаны 65 насны ой тохиосон юм. Тиймээс уг жүжгийн түүний гарын шавь, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг багшийнхаа найруулгаар ийнхүү тайзнаа дахин дэлгэлээ. Уг жүжгийн тайзыг 1984 онд зураач Б.Төмөрхуяг амиуулж байсан бөгөөд өнөөдөр түүний хүү зураач Т.Аянга аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлэн үзэгчдийн хүртээл болгосон юм.

Ийнхүү Монголын театрын урлагт өөрийн гэсэн нэрээ тодоор мөнхөд үлдээсэн гайхамшигт найруулагч Д.Доржсамбуу агсаны тэртээ 30 жилийн өмнө найруулан тавьж байсан энэхүү жүжгийн гол дүр Норад Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд, Хельмерт Ардын жүжигчин П.Цэрэндавга, Флу Линнед Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Крогстад Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Доктор Ранкад Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, жүжигчин Л.Баярсайхан, Д.Оюунцэцэг, Х.Нарантуяа нарын баг бүрэлдэхүүнтэйгээр Монголын үзэгчдэд хүргэсэн юм. Тухайн бүтээл нь Монгол Улсын соёлын яамнаас олгодог “Шилдэг бүтээл” шагналыг хүртэж, Н.Сувд “Нора”-гийн дүрээр шилдэг дүрийн шагнал хүртсэн удаатай. Тэр утгаараа залуу уран бүтээлчдийн ур чадварыг сорихоор ийнхүү өчигдөр УДЭТ-ын тайзнаа амиллаа. Энэ удаад XXI үзэгчдэд хүрсэн “Нора” жүжиг Норад жүжигчин Н.Баярмаа, Хельмерт  М.Төвшинхүү, Доктор Ранкад Б.Жаргалсайхан, Флу Линнед Г.Урнаа, Крогстад Д.Баттөмөр, Анна Марияд Ж.Оюундарь тоглолоо.

Жүжгийн үйл явдал өмгөөлөгчийн ажлаас банкны захирлын албан тушаалд дэвшиж байгаа Хельмерийн гэрт зул сарын баярын өмнө өрнөнө.

Норагийн нөхөр Хельмер хүнд өвчин тусч, гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай болсон үед тэрбээр нөхрийнхөө бардам занг хүндэтгэн түүнд хэлэлгүй, үхлүүт өвчтэй байсаар нас барсан эцгийнхээ гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурж, гэрээ хийснээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Крогстагаас эмчилгээний зардал болох их хэмжээний мөнгийг нууцаар зээлсэн аж.

Сэргэлэн цовоо зантай Нора цаг тутамд л нөхрөөсөө мөнгө салгахыг хичээнэ. Учир нь тэрбээр өрөө төлөхийн тулд нөхөр, хүүхдийнхээ хэрэглээнээс бусад бүх зүйлд дээр хэмнэлт хийж, өөрийн өмсөх зүүх хэрэглээгээс хасаж, нууцаар ажил хийн Кростагаас зээлсэн мөнгөө бага багаар төлнө.

Гэвч нэгэн өдөр Норагийн багын найз Кристина тэднийд урилгагүй гэнэт зочлон ирснээр төлөвлөгөөт амьдрал нь нурж, хэн бүхнээс нууж байсан нууц нь задрах эхлэл тавигдана. Кристина амьдралын хүнд хэцүүг туулсан тухайгаа Норад ярин туслахыг гуйхад өрөвч, нинжин сэтгэлтэй Нора нөхрөөсөө түүнийг ажилд авахыг гуйн ятгасаар зөвшөөрүүлж чаддаг. Энэ гуйлтыг зөвшөөрсөн Хельмер хэдийнээс л дургүй байсан багын найзаа буюу Норагийн зээлдэгч Крогастадыг боломж гарсан дээр ажлаас нь халж, Кристинаг оронд нь томилох шийдвэр гаргажээ. Үүнийг мэдсэн Кростаг Норад нөхрийнхөө гаргасан шийдвэрийг өөрчлөхгүй бол бүх үнэнийг дэлгэсан захиаг нөхөрт нь илгээхээс гадна хуурамчаар гэрээ хийснийг нь төлөө шүүхэд мэдэгдэнэ хэмээн сүрдүүлнэ.

Нора нөхрөөсөө Крогастадыг эргүүлэн ажилд нь аваач хэмээн ятгадаг ч нөхөр нь үл зөвшөөрөн дургүйцэн энэ сэдвээр ахиж ярихгүй байхыг хатуу анхааруулна. Нөхрийгөө ятгаж дийлээгүй ч тэрбээр өөрт нь хань болж аз жаргалтай амьдрахын төлөө энэ бүхнийг хийсэн учраас ойлгоно хэмээн найдах ч басхүү айхдаа гэрээ энэ бүхнийг орхин явахад өөрийгөө бэлдэнэ. Гэвч хамтдаа бэрхшээлийг туулна гэж найдаж байсан Норагийн нөхөрт  Кростагийн  хаягласан нууцыг задруулсан захиа очсоноор нөхөр нь зөвхөн хувиа хичээсэн нэгэн байсныг Нора олж ойлгоно.

Норагийн нууц байсан үнэний ард нөхрийнх нь хуурамч төрх, түүний амсаж байсан аз жаргал зөвхөн өнгөн төдий байсныг тэрбээр ухаарна. Норагийн хувьд хайртай дуртай халуун дулаахан гэж бодож байсан орон гэр нь “Хүүхэлдэйн байшин”  төдий тэрбээр өөрөө хүүхэлдэй байснаа мэдсэнээр Нора амьдралыг ойлгох, нийгэмд өөрийн байр сууриа олж авахаар хүүхэлдэйн байшинг орхин явж байгаагаар жүжиг төгсөнө.

Энэ жүжиг өнөөгийн нийгэм болоод хүмүүсийн зан араншинтнй илүү тохирно хэмээн найруулагч Ч.Ганхуяг онцолсон. Тэрбээр “Нора бол театрын уран бүтээлийн санд байх ёстой жүжгийн нэг.  Би “Нора”-г уншиж, судлах тусам шинэ санаа аяндаа гарч ирээд байаг гайхамшигтай зохиол гэж боддог. Орчин үед шилэн хоргон дотор амьдарч байгаа юм шиг эхнэр, нөхрүүд олон болсон. Тэд мөнгөний төлөө утсан хүүхэлдэй шиг бусдыг аясыг дагаж амьдарч байгаа шүү дээ” хэмээн ярьсан юм.

Г.ДАША

Эх сурвалж: www.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж