Та амралтаа аваагүй байгаа бол…

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Та амралтаа аваагүй байгаа бол…

Магадгүй та зун ажил ихтэй амралтаа авч амжаагүй байгаа бол бидний өгөх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Өөртөө ашигтай, эрүүл мэнддээ тустай, дурсамж дүүрэн  өнгөрүүлье гэвэл одооноос бодож, төлөвлөх хэрэгтэй. Ялангуяа гадаадын улс орноор аялах гэж байгаа бол бүр хэдэн сарын өмнөөс төлөвлөх хэрэгтэй юм шүү.

Ажил хийвэл дуустал, давс …
Та жилийн 11 сарын туршид шаргуу, өндөр үр бүтээлтэй ажиллажээ. Харин үлдсэн нэг сард нь бид амрах хэрэгтэй. Үүний тулд ч амралт авдаг. Энэ амралт зүгээр ч үгүй бүтэн жилийн  хөдөлмөрийг урамшуулан “шагнаж” буй учир сэтгэл дүүрэн сайхан амрах ёстой байх.

Хэрвээ ажил дээр тань асуудалтай, эхлээд дуусгаагүй олон ажил хуримтлагдсан байгаа бол мэдээж амарлаа ч сэтгэл дүүрэн байж чадахгүй. Арагшаа нэг юм чангаасан, нэг тиймэрхүү л байх болно. Иймээс та энэ бүхнийг урьдаар төлөвлөж амралт авах үедээ ажлын хувьд ямар ч “но” үгүй байхаар зохицуулах хэрэгтэй юм. Ингээд танд  энгийн боловч зайлшгүй мэдвэл зохих зөвлөгөөг хүргэе.

Орчноо өөрчлөх хэрэгтэй.
Та амралтаа aвсан л бол гэртээ шигдэх хэрэггүй шүү. Орчноо өөрчилж өөр газар, орон руу явах нь чухал. Мэдээж хэрэг гэртээ байхад сайхан, амар тайван байх хэдий ч үнэн хэрэгтээ амарч чаддаггүй юм. Хүүхдийнхээ “даалгаврыг хийж өгнө”. Гал тогоонд эргэлдэнэ. За тэгээд засвар хийх хэрэгтэй гэсэн бодол таныг амар суулгахгүй. 

Хэн  төлөвлөнө тэр  сайхан амарна.
Танд гэж зөвлөхөд амралтаа авахаас хоёр сарын өмнөөс хаана, хэнтэй, хэрхэн амрахаа  төлөвлөх хэрэгтэй.
Аялал жуулчлалын компани, эсвэл амралтаа хамт өнгөрүүлэх  найз нөхдөө сонгож ол
Тэдэнтэй аяллынхаа зам, маршрутыг тохиролц
Зардал, мөнгөө тооцоол  
 Таны амралтын хугацаа богино. Тэгэхээр гэнэт нэг “саад” гарч хамаг төлөвлөгөөг чинь баллаж орхихыг хүсэхгүй байгаа бол юуны түрүүнд,
Шүдний эмчид заавал очиж үзүүлээрэй. Та нилээд удаан хугацаагаар аялах болно  шүү дээ.

Онгоцны тийз, галт тэрэгний тасалбарыг ирж очихтой нь хамт,  урьдчилан захиалж  авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн нэгэн ажил хэрэгч бүсгүй танаас урьдаж, тийзгүй хоцорсон таны аялал “будаа” болж магад. Та ийм таагүй зүйлийг хүсэхгүй л биз дээ.

Энэ бүхнийг амралт авахаас нэг сарын өмнө хэрэгжүүлээрэй.
Харин хоёр долоо хоногийн өмнө та юу амжуулсан байх ёстой вэ,
Аяны үүргэвчний багтаамжид тохируулан авч явах зүйлсийнхээ жагсаалтыг гаргах

Гэртээ их цэвэрлэгээ  хийх
Байрны хөлс, утасны төлбөр, цахилгааны мөнгө гээд ахуйн бүх л төлбөр тооцоог хийж дуусгах
Гэрийн тэжээмэл амьтадтай бол тэдний  “хувь заяаг” шийдсэн байх
Харин амралтад явахын өмнөх өдөр бол,
Үүргэвчээ цэгцэлж, мартсан зүйлгүй авч гарахад  бэлэн болгож тавих.
Аян замд гарахаас  2 цагийн өмнө бол,
Гэрийнхээ тасалгаануудын цонх, салхивчыг хааж түгжээд, гэрэл цахилгаанаа  шалган, халуун хүйтэн усны крантыг  хаасан эсэхийг нямбай гээч нь шалгах
Бичиг баримт, мөнгө төгрөг, тийз тасалбар зэргээ биедээ авч явж буй эсэхээ шалгах

Үлдэж байгаа найз нөхөд, хамаатан садандаа хаашаа, хэдий  хугацаагаар явахаа хэлээд, харилцаж болох хаягаа тэдэнд бичиж үлдээх хэрэгтэй.
Урьдчилан төлөвлөөгүй аялал зарим тохиолдолд  амралт бус харин таагүй явдал, ундууцлаар дүүрэн сэтгэл тавгүйтүүлсэн “түгшүүртэй амралт” болон хувирдаг. Гэнэтийн адал явдалд дуртай нэгэн байж болох ч үргэлжийн саад тотгор хүсэгч гэж байхгүй л болов уу. Тэр тусмаа амрах гэж байгаа хүнд шүү. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж