Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзав

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев, ЕНБД-ын орлогч М.А.Жалопов, зөвлөх В.Я. Воробьев нартай өнөөдөр /2014.03.24/ УИХ-ын АБГББХ-ны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Н.Энхболд нар Төрийн ордонд уулзаж ярилцлаа.

Олон улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байгууллага болох ШХАБ нь байнгын үйл ажиллагаатай байгууллага бөгөөд өнөөдрийн уулзалтад оролцогч талууд Монгол Улсаас тус байгууллагын гишүүн болон ажиглагч орнууд, мөн хамтын ажиллагаатай бусад улс орнуудтай худалдаа, эдийн засаг, тээвэр зуучлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлж байгаа хоёр талт болон гурван талт үйл ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь 2001 онд Хятад, Орос, Казахстан, Узбекистан, Таджикистан, Киргиз гэсэн гишүүн орнуудтайгаар байгуулагдсан байна. Одоогоор тус байгууллагын ажиглагч Монгол, Иран, Энэтхэг, Пакистан, Афганистан зэрэг орнууд байгаагийн зэрэгцээ Белорусь, Шриланк, Турк улсуудтай эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулж байна.

Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орон болсны 10 дахь жилийн хүрээнд 2014 онд тус байгууллагатай хамтран зарим арга хэмжээ зохион байгуулах санаачлагын талаар уулзалтын үеэр ярилцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж