УИХ-ын дэд дарга Л.Цог Эстонийн Элчин сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Л.Цог Эстонийн Элчин сайдтай уулзав

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Бүгд Найрамдах Эстони Улсын Элчин сайд Тоомас Луккийг өнөөдөр /2014.03.24/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Монгол, Эстоний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр, хоёр талын харилцааг идэвхжүүлэх, энэ үүднээс дээд, өндөр хэмжээнд харилцах уулзалт, айлчлалууд зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлж, Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов. Түүнчлэн хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг болон шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломжтойг онцолж, Эстонийн шатдаг занарыг боловсруулж ашигладаг тэргүүний технологийг судлах саналтай байгаагаа хэллээ.

Мөн Эстони Улс нь “цахим засаглал”-ын тогтолцоог өөрийн засаг захиргаа болон нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт амжилттай нэвтрүүлж “цахим засаглал”-ын хөгжлөөрөө Европын Холбоонд төдийгүй дэлхийд тэргүүлж буйг дурдаад Монгол Улс Эстонийн туршлагаас суралцаж энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, мэргэжилтэн бэлдэх, сургалт, семинар зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр, хоёр талын харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, Улсын Их Хурал дахь Монгол, Эстонийн парламентын бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт ажиллаж байгааг дуулгалаа. Монгол, Эстонийн хооронд 1991 оны 11 дүгээр сарын 20-нд дипломат харилцаа тогтоосон байна.

Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархаж буйгаа Элчин сайд Тоомас Лукк илэрхийлээд, өөрийн зүгээс болон Элчин сайдын яамны хамт олон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар чармайн ажилладаг бөгөөд цаашид улам илүү санал, санаачлагатай ажиллах болно гэлээ. Мөн тэрээр хоёр орон ижил төстэй чанарууддаа тулгуурлан хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх нь чухал болохыг онцолсон юм. Түүнчлэн хоёр талын харилцаанд шинэ эрч хүч бий болох боломж бүрдэж байгааг тэмдэглээд, цаашид хоёр орны хувьд юуг хэрхэн сайжруулах асуудлыг чухалчиллаа. Элчин сайд Тоомас Лукк уулзалтын үеэр Эстонийн өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж