Салбар, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаачид, хааяа нэгхэн ил гардаг “ховор хүмүүс” саарал ордноо цугларах болсон нь учиртай. Тэд хаврын хаварт Төрийн ордноо болдог эдийн засгийн чуулга уулзалтыг зорьж ирсэн нь тэр байв.
Энэ жилийн хувьд санхүүгийн байдал тааламжгүй, согогтой бодлогын улмаас олон жилийн турш "ханиалгасан" эдийн засаг хэвтэрт орохын алдад монголчууд юун дээр алдаа гаргав аа гэдгээ дүгнэн хэлэлцэж буйгаараа ихээхэн онцлогтой гэж тодорхойлж болно.
Ямар ч байсан өвчнийхөө оношийг зөв тодорхойлсон ч өнгөрсөн жилүүдэд зөвхөн хагас дутуу эмчилгээ хийснээс болоод өвчнөө улам ужигруулчихжээ гэдгийг эдийн засагчид, төр хувийн хэвшлийнхэн нэг үгээр хэлбэл төлөөлөгчид хүлээн зөвшөөрлөө.
Монголын эдийн засаг “чоно” болох ёстой гэж Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг хошигносон. Монгол мөнгөтэй байж хөгжих ёстой. Мөнгө олохын тулд эхлээд уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй гэсэн саналаа хэлсэн юм. Уул уурхайн байдал сайнгүй байгааг Гавьяат эдийн засагч С.Нямзагд хэлээд, өнөөдрийн хувьд нүүрсний салбараас ихийг хүлээлтгүй болсныг, энэ үед алт, зэс, цайрын салбарт түлхүү анхаарал тавих хэрэгтэйг сануулав.
Сүүлийн долоо найман жилд хууль дүрэм, бодлогын алдаанаас болж алтны салбар уналтад орсон, ихэнх алт хууль бус замаар хил давах болсноор Монголбанкны Эрдэнэсийн санд тушаадаг алтны хэмжээ бүр гуравхан тонн болтлоо буурч байсан явдлыг жишээлж, Шинэчлэлийн Засгийн газар эдийн засагт таатай хуулиудыг баталснаар алтны салбарт сэргэлт ажиглагдаж байгааг, өнгөрсөн онтой харьцуулахад энэ оны сүүлээр алт тушаалт хоёр дахин өсөх боломж буйг Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд ярьж байна. Гадаад эдийн засагт Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайгаас гадна мал аж ахуйн түүхий эдээ боловсруулах, арьс ширээ өөрсдөө дотоодоо үйлдвэрлэж гадаадад нийлүүлэх нь Монголын хөгжлийн нэг зорилт байх ёстой хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэлнэ билээ. Монгол Улс юун төлөө 45 сая толгой малтай билээ, түүнийгээ эхлээд мөнгө болгож сурах хэрэгтэй гэдгийг Арьс ширний холбооны ерөнхийлөгч санал гаргаж, монголчуудын оёсон нэхий дээл, арьсан гутал Орос руу нийлүүлэгдэж байгааг, харамсалтай нь энэ мэдээлэл гаалийн статистикт байдаггүй талаар ярив.
Энэ жилийн хувьд хүмүүс төр рүү гараа занган чичлэхээсээ үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлогыг дэмжиж байгаагаа, Монголдоо бүтээхийн тулд яг юунаас ажлаа эхлэх вэ гэдэг дээр саналаа өгөх нь илүү байлаа. Өөрөөр хэлбэл, хөгжлийг удаашруулж байгаа оношоо олсон монголчуудад эмчилгээгээ яаж хийх вэ, юунаас эхлэх вэ, ханиад нь хатгалгаа болсон эдийн засагтаа ямар эм тариа уулгах вэ гэдгээ ярилцаж, хэлэлцэж, саналаа солилцохыг хүсч байна. Үүний тулд олон салбар хуралдаанаар олон асуудлыг ярилцаж, хөгжлийн зорилт гэж юу вэ, зорилтдоо хүрэхийн тулд төлөвлөлтөө хэрхэн хийх талаар бүгдээрээр хэлэлцвэл буруугүй гэдэг эртний сургаалийг ишлэл болгож буй нь энэ удаагийн чуулга уулзалтаас илүү үр дүн гарах болов уу гэсэн итгэл найдварыг олон хүмүүст төрүүлсэн болов уу. Гэхдээ энэ бүхэн хариултгүй асуултууд болоод үлдчих вий гэсэн эмзэглэл тээсэн хүмүүс ч цөөнгүй. Ямар ч байсан хамгийн хүнд хэцүү үед болж байгаа чуулга уулзалтын үр дүн хамгийн сайн байхыг хэн мэдлээ.