БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн удирдлагатай уулзав

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн удирдлагатай уулзав

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Тамгын газрын дарга Унгээв Вутилад тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.03.24/ хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хоёр орны хууль тогтоох дээд байгууллага, түүний Тамгын газрын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлсэн. Тэрбээр Монгол Лаос хоёр орны харилцаа XIV зуунаас эхтэй хэмээгээд Монгол Улсын Их Хурал, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей, тэдгээрийн Тамгын газрууд хооронд идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаатай нь тогтмол хэрэгжиж буй харилцан айлчлалуудаас харагдаж байна гэж онцоллоо.

 БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Тамгын газрын дарга Унгээв Вутилад, энэ удаагийн айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллагын Тамгын газрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох том боломжийг олгож байгаагаараа онцлог хэмээсэн юм.

 Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төлөөлөгчдөд 2012 оны сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагаа, ололт амжилтын талаар товч мэдээлсэн. Тэрбээр, “Бид орчин үеийн парламентад шаардлагатай бүхий л үйлчилгээг үзүүлж ажиллах бүтцийг бүрдүүлэн ажиллаж байна. Цаасгүй технологийг ажилдаа нэвтрүүлэн, Улсын Их Хурлын үйл ажиллагааг телевиз, цахим хуудас, хиймэл дагуулаар шууд дамжуулан, дэлхийн аль ч өнцгөөс үзэх боломжийг бий болголоо. Тамгын газрын ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна” хэмээн хэлсэн юм.

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Тамгын газрын дарга Унгээв Вутилад, Лаосын Үндэсний ассамблей ард иргэдийн эрх ашгийг хамгаалах дээд байгууллага хэмээгээд Үндэсний ассамблей, Тамгын газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

2003 онд БНАЛАУ-ын Үндэсний ассамблейн Тамгын газрын төлөөлөгчид манай оронд айлчилж, энэ үеэр хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколыг байгуулж, талууд гарын үсэг зуржээ. Түүнээс хойш нийтдээ гурван удаа хамтын ажиллагааны протоколыг шинэчлэн байгуулсан бөгөөд энэ удаагийн айлчлалын үеэр өмнө нь үзэглэсэн протоколын үргэлжлэл болгон Лаосын Үндэсний Ассамблейн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын хамтран ажиллах тухай протоколыг шинэчлэн гарын үсэг зурна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж