“Монголдоо бүтээцгээе” уриан дор тав дахь жилдээ зохион байгуулж байгаа эдийн засгийн чуулга уулзалт үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилсэн бөгөөд “Татварын бодлого ялгаатай юу, үгүй юу” сэдвээр хэлэлцүүлэг өрнөх үеэр бизнес эрхлэгч н.Майцэцэг дээрх үгийг хэлсэн юм.
Төрийн ордны “А” танхимд үргэлжилсэн дээрх хэлэлцүүлэгт 30 гаруй хүн оролцсон ч баялаг бүтээгчдийн төлөөлөл бараг байсангүй, дарга, багш нар голлож ярьсан нь амьдралын хөрсөн дээр буусангүй бололтой.
Ямартай ч дээрх хуралд оролцсон бизнес эрхлэгчид татварын тогтолцоогоо шинэчлэх цаг болсныг санууллаа. Тэр тусмаа НӨАТ-ын босгыг 50 саяд хүргэхээр Сангийн яам, Татварын ерөнхий газар санал оруулсан нь өнөөдрийн нөхцөл байдалтайгаа уялдахгүй хэмээн үзэж байна. НӨАТ-ын босгыг 10 сая төгрөгөөр тогтоож байсан 1999 онд нэгдүгээр хороололд хоёр өрөө байр 7-8 сая төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 95 сая төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, мөнгөний ханш хэд дахин уначихсан, 50 сая төгрөг малчны хотноос гарч байхад түүгээр жишиг аван босго тавьсан нь амьдралд нийцэхгүй хэмээн шүүмжлэв. Мөн НӨАТ-ын буцаан олголтоор дамжиж, эдийн засгийн чанартай гэмт хэргүүд газар авсан нь Татварын ерөнхий газар өнөөг хүртэл татвар хураалтаа боловсронгуй болгож чадаагүй, техникийн шинэчлэлийг нэвтрүүлж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна.
Гар утсаараа данснаас данс руу мөнгө шилжүүлж байхад бизнес эрхлэгч татварын тайлангаа мэдүүлэхийн тулд Татварын хэлтсийн үүдэнд хэдэн цагаар дугаарлаж зогсдог аж. НӨАТ-ын буцаан олголтоос болж гарч байгаа эдийн засгийн чанартай гэмт хэрэгтэй тэмцэхэд ядах юм байхгүй. Банкных нь гүйлгээг баримтжуулж татвар дээр авчраад хэн, хаана хэдэн төгрөгийн худалдаа хийж юу авав гэдэг нь гараад ирэх ёстой. Ийм бэлээхэн юмыг ашиглачихгүй, хуурамч НӨАТ-ын падаанд итгэж, байшин барих хэмжээний мөнгийг алдчихсан тухай гомдол мэдүүлээд суух нь үнэндээ домог шиг сонсогдож байна гэж тэд шүүмжлэв.
Түүнчлэн Уул уурхайн үндэсний ассиоциацийн тэргүүн Д.Дамба уул уурхайн бүтээгдэхүүнд ногдуулдаг татвар нь тухайн компаниа элгээрээ мөлхүүлж буйг сануулаад авлаа. Тухайлбал, нүүрсэнд жишиг үнийн татвар ногдуулдаг аж. Энэ нь өмнөд хөршөөс хуулбарласан татвар байдаг гэнэ. Ядахад, өнгөрсөн жилээс эхлэн нүүрсний үнэ буучихсаныг хэлэх үү, борлуулсан үнээс нь өндөр нүүрсний татвар ногдуулах болсон нь нүүрс экспортлогч компаниудын хувьд алдагдал хүлээхэд хүргэж байгаа юм байна.
Мөн зэс, цайр, төмрийн хүдэрт ногдуулдаг татвар нь Лондонгийн металлын үнийг үржүүлээд тавьчихсан татвар байдаг аж. Тодруулбал, энэ нь гулдмай зэсэнд ногдуулдаг татварыг нунтаг хар шороонд ногдуулдаг гэсэн үг юм байна. Гэвч эл асуудалд албаныхнаас хэн нь тодорхой байр суурь илэрхийлсэнгүй.
Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Засгийн газраас өргөн мэдүүлэх төсөлд жилд 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохоор заажээ. Оролцогчдын хувьд ийм орчноос илүү “Татварыг хүн бүр тэгш төлдөг байх нь чухал” хэмээн үзлээ.