Худалдаа Хөгжлийн банкны нэрэмжит “Ой тогтоолтын улсын аварга-2014” оюуны спортын IV тэмцээний эцсийн шалгаруулалтад 9-34 насны 52 тамирчин оролцож, шилдгүүд тодорлоо.
Тэмцээний нээлтэд Монгол Оюун Ухааны академийн захирал Х.Хатанбаатар, ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол, ХХБ-ны ИБГ-ын захирал Д.Баярмаа, ХХБ-ны ЗХНГ-ын захирал Л.Нямсүрэн, Азийн даамын холбооны Ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Рояаль Академийн захирал Н.Учрал зэрэг хүмүүс оролцож үг хэллээ. Нээлтийн үеэр Монголын Оюун Ухааны академийн сурагчид цээж бодолт, ой тогтоолтын хүнд даалгавруудыг гүйцэтгэсэн нь ирсэн зочдын сонирхлыг татаж байсан юм.
Эцсийн шалгаруулалт нэр-царай тогтоолт, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон
багц хөзөр, түүхэн үйл явдал, баганан дахь үгс, хөзрийн дараалал зэрэг
харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах арван төрлөөр явагдсан. Тэмцээнд Монголоос төрсөн ой тогтоолтын таван их мастерийн дөрөв нь оролцсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон юм.
Тэмцээний дүн гарахад 15 настай, ой тогтоолтын их мастер Ц.Бат-Эрдэнэ ерөнхий болон дунд насны ангилалаас 14 медаль хүртэн, 5456 оноогоор тэргүүлж цом, нэг сая төгрөгөөр шагнууллаа. Тэрээр мөн дунд насны ангилалын хоёр төрөлд өөрийн эзэмшиж байсан дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож чансаагаараа дэлхийд 15-т бичигдлээ.
Нийлбэр оноогоор хоёрдугаар байрт их иастер Ө.Сэнгэсамдан (4909 оноо), гуравдугаар байрт их мастер С.Цогбадрах (4687 оноо) нар шалгарлаа.
Дунд насны ангилалд нийлбэр оноогоор нэгдүгээр байрт их мастер Ц.Бат-Эрдэнэ (5456 оноо), хоёрдугаар байрт З.Цэцэгзул (4081 оноо), гуравдугаар байрт Э.Пүрэвжав (3621 оноо) тус тус шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын 2-р зэргийн шүүгч Х.Хатанбаатар ажилласнаар тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бүртгэгдэх сайхан боломж бүрдсэн юм. Мөн улсын долоон дээд амжилт, дунд насны ангилалд дэлхийн дөрвөн дээд амжилт шинэчлэгдэж Монгол хүний оюуны царааг харуулсан чанартай тэмцээн боллоо.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч Худалдаа Хөгжлийн Банк, мэдээллийн ивээн тэтгэгчээр Рояаль HD телевиз, Монголын Сайтын Холбоо тус тус ажиллалаа.
Медальт байрт шалгарсан тамирчид Япон, Англи, Герман, Филиппин, Швед зэрэг олон улсын нээлттэй тэмцээнүүдэд оролцох эрхийг авсан. Манай тамирчдын энэ жилийн анхны гадаадад оролцох тэмцээн бол ирэх дөрөвдүгээр сард АНУ-д дэлхийн шилдэг 16 тамирчны дунд явагдах “Extreme Memory Tournament” тэмцээн юм. Тус тэмцээнд их мастер Ц.Бат-Эрдэнэ оролцож дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
Дашрамд, 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Хайнан арал дээр явагдана.