Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэртээ согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудад өдөр тутмын хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад давхардсан тоогоор 801 удаа хяналт шалгалт хийж, 34 зөрчилд 8.350.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ингэхдээ удаа дараа хууль зөрчин ажилласан найман аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Мөн Тамхины хяналтын тухай хуулийг зөрчин хориглосон цэгт тамхи худалдсан 32 иргэнийг 150.000 төгрөгөөр торгож, 87 хайрцаг, 77 ширхэг тамхийг хураан авч дүүргийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.
Г.НАРАН