УИХ-ын
гишүүн, “Хустайн байгалийн цогцолборт газар” төвийн Удирдах зөвлөлийн
дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд
С.Оюун нар өнөөдөр / 2014.03.24 / Хустайн байгалийн цогцолборт газрын
хамгаалалтын захиргааны үүргийг “Хустайн цогцолборт газар” төвөөр
гүйцэтгүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
Тахь адууг сэргээн
нутагшуулж эхэлсэнтэй холбоотойгоор Төв аймгийн Алтанбулаг, Аргалант,
Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нурууны хэсэг газрыг 1993
онд улсын тусгай хамгаалалтанд авснаас хойш одоог хүртэл уг газрын
менежментийг төрийн бус байгууллага хариуцан ажиллаж байна. Хустайн
байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг Монгол Улсын
Засгийн газрын 2008 оны 186 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу
“Хустайн байгалийн цогцолборт газар” төв-ТББ, Байгаль орчин, аялал
жуулчлалын яамтай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаад гэрээний хугацаа
дууссан байна. Тиймээс өнөөдөр сунган ажиллахаар дээрх гэрээнд гарын
үсэг зуржээ. Хустай төв нь Хустай байгалийн цогцолборт газрын экосистем
болон түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, дэлхийд нэн ховордсон
зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулах, олон улсын хэмжээнд сургалт
судалгаа зохион байгуулах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг
чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
УИХ-ын гишүүн, “ Хустайн
байгалийн цогцолборт газар” төвийн Удирдах зөвлөлийн дарга Н.Энхболд
энэ үеэр байгалийн цогцолборт газруудыг төрийн бус байгууллагаар
хамгаалуулах нь илүү их ач холбогдолтой байгааг онцлон тэмдэглээд,
энэхүү ТББ нь гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй, чанд биелүүлж,
олонд танигдсан, менежмент сайтай, үлгэр жишээ тусгай хамгаалалттай
газруудын нэг болсныг дуулгалаа. Мөн хамгаалалтын захиргааны үүргийг
улсын төсвөөс ямар ч санхүүжилт авахгүйгээр гүйцэтгэж байгааг хэлсэн юм.
УИХ-ын
гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Хустайн байгалийн
цогцолборт газар” төв-ТББ нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн
биелүүлснийг үнэлж, хамгаалалтын захиргааны үүргийг цаашид үргэлжлүүлэн
гүйцэтгэхийг дэмжиж байгааг дуулгаад, тус байгууллага олон жил үр дүнтэй
хариуцлагатай ажиллаж, байгууллагын менежмент болон бизнес
төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх тогтвортой нөхцлийг хангах үүднээс
хамгаалалтын захиргааны үүргийг 10-аас доошгүй жилээр хариуцах хүсэлтийг
хүлээн авч ийхнүү хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.