“Хүрэл тулга” яруу найргийн наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

“Хүрэл тулга” яруу найргийн наадам боллоо

Увс аймгаас мэдээлж байна. 2014.03.24

Хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн бичих, бүтээж туурвих урлагт суралцуулах зорилгоор Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг аймгийн шилдгийг шалгаруулах өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга” тэмцээнийг 3-р сарын 22-нд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн 2 насны ангиллаар 2 үе шаттай явагдаж, 13 сумын 20 сургуулиас 65 хүүхэд оролцож өрсөлдлөө. Тус тэмцээний шүүгчээр аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Увсын өнгө сонины эрхлэгч, аймгийн Хөгжимт драммын театрын зөвлөх багш нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг шүүж явууллаа. Тэмцээнийг Шинэст-Өргөө ХХК ивээн тэтгэж насны ангилал тус бүрийн эхний 3 байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Тус тэмцээний тэргүүн байранд шалгарсан 2 хүүхдэд 4-р сарын 14-нд Улаанбаатар хотын Монголын Хүүхдийн ордонд болох улсын уралдаанд оролцох эрх олголоо. Эдгээр авъяаслаг хүүхдүүддээ амжилт хүсье. Мөн ивээн тэтгэгч хувийн аж ахуй нэгж "Шинэст-Өргөө" ХХКомпанид нийт хүүхэд багачуудынхаа нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

Энэхүү тэмцээнд хүүхдүүдээ идэвхитэй оролцуулж хөгжих боломжийг нь олгосон Улаангом сумын Цогцолбор 1, Цогцолбор 2, Ахлах 3, Ахлах 4, Чандмань-Эрдэм Увс-Эрдэм ЕБС-иуд, Улаангом коллеж болон Түргэн, Бөхмөрөн, Сагил, Ховд, Тариалан, Цагаанхайрхан, Зүүнговь, Наранбулаг, Тэс, Өмнөговь, Зүүнхангай, Өндөрхангай, Өлгий сумдын удирдлага, сургуулийн захирал, бэлтгэн ирсэн багш нарт ажлын өндөр амжилт хүсэж хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Тус тэмцээний шагналт байранд шалгарч амжилттай оролцсон  хүүхдүүд:

6-9-р анги буюу дунд насны ангилалд

1-р байр-Цагаанхайрхан сумын дунд сургуулийн 9-б ангийн сурагч Б.Батбаясгалан

2-р байр – Зүүнговь сумын ахлах сургуулийн 8-р ангийн сурагч Б.Сумъяа

3-р байр – Малчин сумын дунд сургуулийн 9-б ангийн сурагч Э.Өлзийхутаг

10-11-р анги буюу ахлах насны ангилалд

1-р байр – Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн 11-д ангийн сурагч П.Пунсанцогвоо

2-р байр – Тэс сумын ахлах сургуулийн 10-а ангийн сурагч Н. Түвшинсанаа

3-р байр – Зүүнговь сумын ахлах сургуулийн 11-б ангийн сурагч Д. Жамъянсүрэн

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж