“Риголетто” дуурь амилна

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

“Риголетто” дуурь амилна

…Мантуаны эзэн вангийн өргөөнд их найр наадам болж, вантан өөрийнхөө завхай зайдан явдлыг ид хав болгон гайхуулж дуулна. Ордны салбадай Риголетто тэдний дундуур сүлжин явж, хурц ухаан, хорон үгээр дайрч давшлан найр наадмыг улам хөгжөөж өгнө. Вангийн шалиг явдал, хатуу хэрцгий тоглоом шоглоомыг байнга дэмжин дэвэргэж, түүний итгэлийг хүлээж дураараа аашилж явдаг Риголеттогоос ордныхон цөм айн хулчийж  битүүдээ  атаархдаг ажээ. Энэ удаагийн цэнгээнд уригдан ирсэн Чепрано гүнгийн хатанг эзэн ван эргүүлж ордны нэг өрөө рүү ичгүүргүй дагуулан ороход Чепрано гүн хичнээн хардаж хорсовч, яаж ч чадалгүй хоцорлоо. Ордны салбадай Риголетто доромжлогдсон Чепраног тавлан бахаа хангана. Бусдыг тавлан бахаа хангаж яваа Риголетто өөрийнхөө хувь тавиланг хаашаа эргэхийг төсөөлөх ч завгүй яваа бололтой.

Энэ үед Марулло ирж, ордны хөгшин салбадай Риголетто залуухан сайхан нууц амрагтай болж, түүнийгээ гэртээ нуугаад байна гэж цуу тараана. Нэгэнт ван эзэнд таалагдаж байгаа бол Чепрано гүнгийн хатанг хулгайлж ордонд авчиръя гэж Риголеттог санал гаргахад Чепрано гүн ихэд хилэгнэн түүнээс өшөө авахаар тангараглана.
 
Риголеттогоос үргэлж айж, атаархаж явдаг ордныхон ч энэ явдлыг далимдуулан түүнээс бас өшөө авахаар шийднэ. Найр наадам үргэлжилсээр… Гэтэл ванд охиноо бузарлуулсан Монтероне гүн ирж ван, салбадай хоёрыг хараан зүхнэ. Монтероны хараал хүрэх вий гэхээс Риголеттод айдас төрнө…

Ж.Верди “РИГОЛЕТТО” дуурийг гуравдугаар сарын 29-нд 17.00 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын  тайзнаа толилуулах гэж байна. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурийг 1851 оны гуравдугаар сарын 11-нд анх Венецэд тоглож байжээ.
 
Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
Найруулагч: Ё.Цэрэндолгор УГЗ
Зураач: Ч.Гунгаасүх АЗ
Туслах найруулагч: Е.Сарантуяа СТА

ДҮРҮҮД:

Риголетто       /Ордны алиа салбадай/ (баритон)            -Э.Амартүвшин МУГЖ
Мантуанский  /Герцог/                         (тенор)               -М.Даваадорж
Жильда-         /Риголеттогийн   охин/   (сопрано)           -Ө.Уянга МУГЖ
Спарафучиле  /хөлсний  алуурч/         (бас)                  -Б.Алтанхуяг СТА
Маддалена     /түүний   дүү/               (меццо-сопрано) -Ц.Арюна
Жиованна       /Жильдагийн   зарц/      (меццо-сопрано) -М.Дариймаа СТА    
Монтероне гүн                                    (бас)                  -О.Хүрэлбаатар СТА
Марулло                                             (баритон)            -М.Болд МУГЖ
Борса                                                 (тенор)               -Г.Шижирболд
Чепрано   гүн                                      (бас)             
Чепрано хатан                                                              -Ц.Арюна
Паж                                                                              -Д.Туяа СТА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж