Хятад ОХУ-аас жишээ авах уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Хятад ОХУ-аас жишээ авах уу?

“ОХУ Украинаас Крымыг булааж авсантай ижил аргаар Бээжин хөрш орнуудынхаа газар нутгийг өөртөө нэгтгэх үү?” гэсэн хачирхалтай хэлэлцүүлэг Хятадад өрнөж эхэлсэн талаар “The Times of India” сайтад нийтэлжээ. Хятадын “Global Times” сонинд бичихдээ “Хэдийгээр яг ОХУ-ын туршлагыг тэр чигээр хэрэгжүүлж чадахгүй ч гэсэн Хятад Украины нөхцөл байдлаас суралцах зүйл байна. Крымын хэрэгт ОХУ өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ Хятад хөрш орнуудын газар нутгийн маргаанд тэвчээртэй хандана” хэмээн бичсэн байна. Хятад улс нь Энэтхэг, Япон, Вьетнам, Филиппин улсуудтай газар нутгийн маргаантай асуудлуудтай.

Үүний зэрэгцээ Хятадын цахим сүлжээ хэрэглэгчдийн дунд 1945 онд Монгол Улс тусгаар тогтноход ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийн талаар хэлэлцэж байгаа гэх. Тухайлбал, Хятадын “Твиттер” гэгддэг “Weibo”-д хоёр сая дагалдагчтай Cui Chenghao “1945 оны аравдугаар сард ЗХУ ар Монголд бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн. Санал асуулгад оролцсон 50 мянга хүрэхгүй хүний 15 хувь нь Хятадаас салахыг дэмжсэн” гэж цахим хуудсандаа бичсэн аж.

Хэдийгээр Хятадын хэвлэлүүд ОХУ-ын үйлдлийг сайшаан магтмаар байвч Украиныг дэмжиж буй Барууны хүчирхэг гүрнүүдээс жийрхсэн өнгө аястай мэдээлэл цацаж байна. Тухайлбал, “Global Times” сонинд “АНУ, Европын холбоо ОХУ-ын хариу үйлдэл ямар байхыг гүйцэд таамаглахгүй байгаа учир шийдэмгий арга хэмжээ авч зүрхлэхгүй байна” гэж бичжээ. Мөн тус сонинд Хятад улс ирээдүйд цэргийн хүчээ нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн бичсэн байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: www.timesofindia.indiatimes.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж