Энэ талаар ХАА-н бирж компанийн захирал Ж.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Амьд малыг биржээр арилжина гэж сонслоо. Хэзээнээс арилжих вэ?
-Хөдөө аж ахуйн биржээр амьд мал арилжина гэж анхнаасаа төлөвлөж байсан. Биржээр амьд мал арилжихад шаардлагатай журмыг баталсан бол брокерийн ажилтнуудад сургалт явуулж, арилжааны программд зохих өөрчлөлт оруулж байна. Ирэх дөрөвдүгээр сараас арилжиж эхэлнэ.
-Алсын зайнаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний арилжааг хийх нь иргэдийн хувьд шинэлэг байлаа. Тэгвэл амьд малыг арилжих явцыг тайлбарлаач?
-Бирж бол худалдагч, худалдан авагч талыг холбох цэг. Саналуудыг багцалж, төлбөр тооцооны асуудлыг шийднэ. Харин амьд малыг орон нутгаас нийслэлийг зорих хоёр талд буюу Налайх, Эмээлт зах болон 21 аймгийн төв дээр хүлээн авч, худалдаа хийнэ. Хамгийн гол нь арилжаанд оролцох гэсэн худалдагч, худалдан авагч талууд брокерийн компаниуддаа эхлээд хандах хэрэгтэйг сануулъя.
-Арилжаанд анхлан оролцогч брокерийн компаниудаа хэрхэн хандах вэ. Улсын хэмжээнд хэдэн брокерийн компани ажиллаж, зуучилж байгаа вэ?
-2013 оны эцсээр бол 30 компани хөдөө аж ахуйн арилжааг зуучлагч брокерийн зөвшөөрөлтэй байсан. Үүнээс одоогоор 26 нь арилжаанд оролцож байна. Арилжаанд анх удаа орох гэж байгаа компани, хувь хүн Хөдөө аж ахуйн биржийн манай сайтанд орж, брокерийн компаниудтай холбогдох утсыг харах боломжтой.
-Амьд малыг арилжаанд оруулах нь ямар ач холбогдолтой вэ?
-Махны үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах боломжтой. Одоохондоо амьд малын арилжаа эхлээгүй учир дундаж үнэ ханшийг хэлэх боломжгүй байна. Арилжаа эхэлмэгц худалдагч, худалдан авагч талын гаргаж буй үнийн саналыг дундажлан тогтоох юм. Ингэснээр махны үнэ эрэлт, нийлүүлэлтийн бодит зах зээлийн ханшаар зохицуулагдах боломж нээгдэнэ гэсэн үг.