
Төрийн ордны их танхимд “Монгол Улсын онцлог, харьцангуй давуу тал”-ын талаарх сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд эдийн засгийн бүтцийг харвал ирээдүйд ямар салбар чиглэл нь эдийн засгийн зүтгүүр болох тухай онцлон ярилцсан байна.
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль үндсэн илтгэлийг тавьж, “Монгол Улсын экспортлож буй бүтээгдэхүүний нэр төрөл бага байна. Улс орнуудад экспортын бүтээгдэхүүний сагс нь өсөлттэй байхад манайд бага. Иймд эдийн засгийг төрөлжүүлэх, хоорондоо хамаарал бүхий кластерийн загвар бий болгохын тулд тодорхой хугацаа шаардлагатай. Гэтэл монгол улсын удийн засаг төрөлжиж, сууриа тавьж чадаагүй. Сүүлийн 50 жилийн хугацаанд экспортод гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрөлөө өөрчилж чадаагүй байна. Аль ч салбарт гараан дээрээ байна. Иймд олон улсын зах зээлийн бүтээгдэхүүний зах зээлийн орон зайд нэвтрэхийн тулд зах зээлийн зарчмаараа яваг гээд орхиж болохгүй нь. Зах зээлийнхээ жамаар кластер үүснэ гэж хүлээвэл дахиад 30-40 жил хүлээж ч болохаар байна. Иймд төр хувийн хэвшилтэйгээ хамтран стратегиа тодорхойлохоос өөр аргагүй” гэв.
Энэ салбар хуралдаанаар цааш нь “Монгол Улс ямар чиглэлийг хөгжүүлэх боломжтой тухай, технологи, хүний нөөцийн суурь хэр байгаа тухай, санхүүжилтийг яаж шийдвэрлэх, төр хувийн хэвшил хэрхэн оролцох, яг одоо юунаас эхлэх вэ” гэх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд Гавьяат эдийн засагч С.Нямзагд “Онцлогоо харгалзан эдийн засгийг томъёолох шаардлагатай. Дөрвөн улирал бол Монголын өөрийнх нь баялаг юм гэж би боддог. Энэ мэт өөрсдийн онцлогоо тооцох хэрэгтэй. Ер нь цаашид эдийн засгийн голлох зүтгүүр нь нүүрс байх нь хэцүү байх. Австрали асар их нүүрсний орд нээж хятадад нийлүүлж байна. Сибирт ч орд нээгдсэн байна. Харин бидний хувьд цайр, төмөр, алт, зэс маань гол чиглэл байх болов уу” гэсэн байна.
Дараагаар нь Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като “ХАА, МАА-н бүтээгдэхүүнийг гол чиглэл хэмээн үзэж буй нь үнэхээрийн боломжтой. Гэвч яг гадаад зах зээл рүү гарах талд тавигддаг стандарт, шаардлагыг хангах талд асуудал их бий. Банкны хувьд энэ салбарт зээл гаргаж, хөрөнгө оруулалт хийхэд эрсдэл өндөр гэж үздэг. Иймд энэ чиглэлд төр оролцохоос аргагүй” гэх саналыг хэлсэн бол ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал “ХАА-н бүтээгдэхүүн бол бидний давуу тал. Иймд одоо байгаа экспортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох талд анхаарахаас аргагүй. Монголд яагаад үйлдвэр хөгждөггүй юм бэ гэдгийг тал талаас ухаж ярих хэрэгтэй байна. Жишээ нь манай зарим үйлдвэрүүд арьсаа боловсруулаад гадагш нь гаргаж байхад нөгөө хэсэг нь гаднаас боловсруулсан арьс, сайжруулсан савхи худалдаж аваад үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнд ашиглаж байдаг. Энэ мэт үйлдвэрүүдийг уялдуулах шаардлага байна. Түүнчлэн бизнесийн орчны хувьд тийм ч тааламжтай биш байна. Улирлын онцлогоосоо хамааран үйлдвэрлэлд хэрэглэх бэлдэцээ жилийн ганц хоёр сард л амжиж авч нөөцлөх шаардлага байдаг. Ингэж чадахгүй бол 12 сарын турш ажиллаж чадахгүй гэсэн үг. Гэтэл ингэж нөөцлөх санхүүгийн боломж нь байдаггүй. Уг нь тогтмол ажиллах юм бол үйлдвэрүүд чадавхижина. Харамсалтай нь энэ мэт нөхцөл боломжийг нь бодолцох зүйл байдаггүй. Ганц жишээ л гэхэд, сарын 2 хувийн хүүтэйгээр бизнес эрхлэнэ гэж юу байх билээ” гэсэн байна.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.