Л.Эрдэнэчимэг эрхэм гишүүн үү, эхнэр үү?

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг эрхэм гишүүн үү, эхнэр үү?

Надад найман нэрийн дэлгүүр байхгүй. Архины үйлдвэрт ажилладаг хамаатан садан ч байхгүй. Миний эргэн тойронд яадгаа барсан архичин байхгүй ч гэсэн дам дамаа садансаад явбал таньдаг архичин олдоно. Хааяа аль нэг хөршийнд маань согтуугийн агсан тавих нь сонсогддог Улаанбаатар хотын жирийн нэг иргэн. Надад фэйсбүүк бий. Хааяа тэндээ улстөржчихнө гэж байгаа.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ярилцлага ikon.mn сайт дээр гарчээ (http://www.ikon.mn/n/5et). Ялангуяа ярилцлагын сүүлийн хагас таалагдлаа. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд харах тухай гэсэн хоёр хууль санаачилж байгаа юм байна. Харин эхний хэсгийг уншаад эгдүүцэл төрснөө бичье гэж шийдсэн юм. Гишүүн маань “Архины хяналтын тухай хууль” санаачлаад батлуулах гэж гэж явааг хэн хүнгүй сайн мэднэ. Энэ талаар, мөн тамхины хуулийнх нь талаар хэлсэн зүйлсийг нь нарийвчлан шинжилье хэмээн зорилоо.

1. Юуны өмнө хуульд таагүй хандаж байгаа хүмүүсийн дунд архины үйлдвэрийн лобби үйл байгаа гэжээ.

Хуулийн үзэл санаа мэдээж түмэн зөв. Гэхдээ энэ нь зайлшгүй зөв үр дүн гарна гэсэн үг огт биш. Дагалдаж гарах сөрөг үр дагаварыг хэлж, шүүмжилж байгаа иргэдийг тэгж хэлж болно гэж үү? Надад хуультай холбоотой ямар нэг эрх ашиг байхгүйг өгүүллийн эхэнд хэлсэн. Гэтэл надад ч гэсэн энэ хуулийн уршиг нүднээ ил байна шүү дээ. Уршгийн тухай доор гарах тул үүнийг энд орхиё.

2. Миний хувьд хуулиудын санаагаа иргэдтэй уулзах уулзалтаас түлхүү олж авдаг. Жишээ нь, өчигдөр, өнөөдөр гээд энэ долоо хоногт өдөр бүр гурван удаагийн уулзалтыг иргэдтэйгээ хийж байна. Тэдэнтэй уулзахад хамгийн түрүүнд архины асуудлыг ярьдаг гэж гишүүн маань хэлжээ.

Нөхөр, хүү нь архи уудаг ээж, эхнэрүүд, “энэ муу архи гэж юм байхгүй байсан ч болоосой” гэхийг би ч гэсэн олон сонссон. Харин “архи байхгүй бол уухаа больчихно доо” гэж бодох нь асар гэнэн, амьдралгүй бодол гэдгийг гишүүн маань мэддэг л баймаарсан. Архийг хязгаарласнаар архичид орлуулах бүтээгдэхүүний эрэлд гардаг нь дэлхий даяар батлагдсан үзэгдэл шүү дээ.

3. Дээрээс нь эрэгтэй, эмэгтэй хүний бодлын ялгааг харж болно. Жишээ нь архи, тамхины асуудлыг эмэгтэйчүүд эрс эсэргүүцэж байхад эрэгтэй хүмүүсийн хувьд энэ нь тийм том асуудал мэтээр харагдахгүй байх шиг.

Улс оронд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж улстөрчид улс төрийн эрхийн төлөө өрсөлддөг гэж иргэд ойлгодог. Гэтэл зөвхөн эмэгтэйчүүдийн дуу хоолой болох ёстой гэж өөрсдийгөө бодсноосоо болж эмэгтэйчүүд л хүсч байвал юу ч яахав гэсэн маягтай амьдралд нийцэхгүй хууль ярих нь УИХ-ын гишүүн хүний намба мөн үү?

4. Дундаж болон дундаас дээгүүр амьдралтай өрхөд архины асуудал тэр бүр мэдрэгддэггүй. Тэр хүмүүс ихэнх тохиолдолд архиа тохируулж хэрэглээд, хор хохирол нь нэг их мэдрэгдэхгүй байх жишээтэй. Харин тэд захын хороололд, дундаас доогуур орлоготой өрхийн амьдралыг мэддэггүй.

Гишүүн маань зөв олж харжээ. Үнэхээр согтууруулах ундаа хэрэглэгчид хоёр үндсэн төрөлд хуваагдсан. A) Хэрэглээгээ хянаж чаддаг. B) Хэрэглээгээ хянах чадваргүй. Тэгвэл эхний хэсэгт зориулж согтууруулах ундааны тухай ямар ч журам хууль шаардлагагүй нь тов тодорхой зүйл. Харин хоёр дахь хэсэгт зориулж гаргаж байгаа бол архийг нь хязгаарлаад архинаас гаргана гэдэг нь харганын ноосооор эсгий хийхийн үлгэр болно. Яагаад гэвэл архийг хязгаарлах нь тэдэнд хүртээлгүй, мансууруулж, согтоож байвал тэд юуг ч “архи” болгож хэрэглэнэ. Үүнийг олон улсын олон тооны туршлага хангалттай нотолдог.

5. Дэлхийн олон улс оронд архи, тамхитай холбоотой хуулийг боловсруулах явцад маш олон бэрхшээл тохиолддог талаар энэ хуульд зөвлөгөө өгч байгаа олон улсын байгууллагын мэргэжилтнүүд хэлдэг.

Саяхныг болтол Монголд гадны мэргэжлийн пи-арын баг, улстөрийн зөвлөх баг, эдийн засгийн ч мэргэжилтнүүд ихээр ирж ажилладаг байлаа.  Одоо яагаад цөөрсөн бэ? Тэд Монголыг мэддэггүй юм. Тэд олон жил ажиллаад болоод ирсэн Бутан, Балба, Югославын орнууд шигээ Монголыг бодоод байдаг юм. Эсвэл өөрсдийнхөө Англи, Америк шигээ. Тиймдээ ч тэдний хийсэн бүхий л пи-ар ажил нь монголчуудын сэтгэлгээнд наалдахгүй, үр дүнд хүрдэггүй унадаг. Гадныхнаар удирдуулдаг Оюу-Толгой, СББ  зэрэг том компаниудаас үүнийг бэлхнээ харж болно. Нэр нь ч бүтээгдхүүн нь ч арай ядан амь голтой явцгааж байна. Монголыг монголчууд л мэднэ. Архинаас яаж гаргахыг монголчууд л өөрсдөө хийж чадна.

6.  Манай улсын хувьд нийт хүн амд оногдох согтууруулах ундааг литрээр нь үздэг. Олон улсын судалгаагаар бол цэвэр спиртийн хэмжээгээр ихэнхдээ авч үзэж байгаа. Ингээд үзэхээр манай улсад нэг хүнд оногдох цэвэр спиртийн хэмжээ есөн литр орчим байдаг.

Энд дэлхийн жишгээр хэд байгаа нь манайд хэд хүрчихээд байгааг огт дурдсангүй. Ер нь түүний энэ ярилцлага бүхэлдээ ямар нэг иш мухаргүй судалгаа гэгчийг яриад байгаа. Яг ямар байгууллагаас, хэзээ гаргасан, ямар судалгааг эрхэм гишүүн хууль боловсруулахдаа ашигласнаа ер хэлэхгүй байгаа нь сэжиг төрүүлж байна.

7. Хууль гарахаас өмнө энэ чиглэлийн хяналтын байгууллагууд ажлаа эрчимжүүлээд эхэлсэн.

Өмнө гаргасан Тамхины хяналтын хууль нь бүтэн жилийн өнгөрөхөд бараг хэрэгжээгүй гэхэд болно. Тамхины худалдаа далд байдалд орж, үнэ нь нэмэгдсэн гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Харин эрхэм гишүүн Архины хуулиа ярьж эхлэхийн өмнө гэнэт урьд гаргасан хуулиа иргэдэд сануулах гэж хэд хэдэн аж ахуй нэгжийг торгосон. Одоо алдаагаа давтахгүй гэсэн үү, тэгэхээр алдаа гарсан байх нь. Тэгээд одоо архины хууль нь гараагүй байхад л “энэ чиглэлийн байгууллагууд ажлаа эрчимжүүлээд эхэлсэн” гэж байгаа нь ямар логик вэ?

8. Бид нарын барьж байгаа гол бодлого хүн амын тоонд заасан архины тусгай дэлгүүрийг бий болгоно. Гадаадад “Ликёр шоп” гэж нэрлэж заншсан байдаг. 3000 хүн ам тутамд нэг ийм тусгай дэлгүүртэй байна гэж тусгасан. 

Танил тал, хээл хахуулиар хөөцөлдөж, юмаа булаалдаж алалдахаас наахнуур (алалддаг ч биз) бүхнийг сурсан монголчууд тэр тойрогт зөвшөөрөл өгөх тоотой хэдхэн дэлгүүрийн төлөө шударга царайлаад хуралд суух уу? Тэр зөвшөөрлүүдийг өгөх эрх дархтай хүн маш шударгаар асуудлыг шийдвэрлэх үү? Яахав бурхан байсан бол болох юм, гэхдээ л мэдэхгүй. Мөнгө хүчтэй шүү дээ.

9. Эдгээр дэлгүүрт тавигдах шаардлага нэлээн өндөр байна. Ажиллах цагийг богиносгоно. Оройн 20.00 цаг гэхэд хаагдсан байх ёстой.

Хорин цаг нь болохыг тэсэн ядан хүлээсэн дэлгүүрүүдийг төсөөл дөө. Тэд архи зарах зөвшөөрөлгүй. Гэхдээ лангуун доороо нэжгээдийг хураачихсан байгаа. Асар танил байгаа биз? Уг нь ийм асуудал хэзээний болиод, мартагдаад явж байгаа юм Монгол улсад.

10. Хоёр, гурван буудал газар явж байж дэлгүүртээ хүрнэ.

Баярын ширээ засах эсвэл чухал зочин гэртээ уриагүй л бол хэн ч ганц шил архи авах гэж хоёр гурван буудал явахгүй. УИХ-ын Г.Баярсайхан, та хоёр халамцуудаа хотын төвөөр нэг нь машинтай, нөгөө явгаар уралдсан явдал бол зугаа төдий гэдгийг бид ойлгож байгаа. Нээрээ, тэр бооцоог хэн нь авсан бэ?

11. Архи авах зам холдоод ирэхээр хүмүүсийн шийдвэр гаргалтанд нөлөөлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл иргэд өндөр градустай архи авч байхаас хажуугийн дэлгүүрт байгаа дарс, шар айрагнаас авчихъя гэдэг бодол төрнө. Хүмүүсийн хэрэглээ өндөр градустайгаас бага градус руу шилжих нэг алхам болно. 

a) Архийг зорилтот хэрэглээ гэдгийг л Л.Эрдэнэчимэг маань ойлгойхгүй байгааг нь би бас ойлгохгүй байгаа. Хүн дэлгүүрт ороод архи харангуутаа, “нээрээ нэг архи уучий байз” гээд худалдаад авдаггүйсэн дээ.

b) Өдрөөс өдөрт ажилгүй, орлогогүй болж байгаа иргэд байгаа хэдэн цаасаараа “компот” авч уух уу эсвэл хямд бөгөөд хатуу юм авах уу? Бид чинь тань шиг шинэ машинаа түмэнд гайхуултлаа согтохоор их вино уух мөнгөгүй шүү дээ.

c) Иргэдийн дунд өндөр градустайгаас бага градус руу шилжих шилжилт хэдийнэ эхэлчихсэн яваа юмсан уг нь. Хууль гараад харин ч энэ бүхнээсээ ухрах вий дээ.

12. Тиймээс шаг гарч ирнэ гэж би бодохгүй байна.

Уг нь тийм бизнес үүсгээд, авч яваа хүн ийм ахар бодолтой баймааргүй юм.

13. Одоо харин бидэнд гадаадын архи үйлдвэрлэгчид орж ирэх эхлэл явагдаад байна. Ялангуяа шар айрагны импорт эрс нэмэгдэж байгааг бид харж байна.

Та дандаа л юмыг хараад мэдээд байх юм. Ядаж танай Засгийн газрын мэдэлд байдаг, хэлснийг чинь “хэвлээд өгдөг” Статистикийн хорооныхоо баримтаас иш тат л даа. Ард бидний харж байгаагаар дэлгүүрт голчлон үндэсний үйлдвэрийн л шар айраг байх юм. Тэгээд ч эцсийн эцэст хэрэглээ байгаа цагт бүтээгдэхүүний хомсдол үүсгэх нь арга хэмжээ болж чадахгүй. Хэрэглэгчид өөр зүйлээр заавал орлуулах л болно. Харин хэрэглэгчдийн бодол санааг өөрчлөх замаар асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв арга юм гэдгийг Л.Эрдэнэчимэг маань ухаардаг ч болоосой. Ер нь ч мань хүн энэ бүхнийг ухаарахгүй байна гэж байхгүй нь лав, харин ямар нэг өөр зорилт (популизм, нэгэнт эхэлчихсэн үйлс нь нуран унахаас айх гэх мэт) байгаа болов уу гэж санана.

14. Дээрээс нь Монголчууд харьцангуй соёлжчихсон. Шагийн архи авч уудаг нь хэд билээ. Та жишээ нь шагийн архи авч уух уу. Танай гэр бүл авч уух уу. Үгүй ш дээ. Бид нар амь насандаа хайртай. Чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг боддог нийгэм бий болчихсон.

Энэ хэдэн өгүүлбэрээс Л.Эрдэнэчимэг уг ярилцлагыг захиалжээ гэх хар төрөөд байгаа юм. Өөрөө асуултаа тавиад өөрөө хариулаад л явж байна. Шагийн гэх буруу, харин чанар муутай хямд архи гэр хорооллын дэлгүүрүүдэд ялангуяа таны сонгогдсон СХД-т асар их бий. Өмнөө байгаа асуудлыг шийдэж чадаагүй байж илүү их том зорилго тавиад, яриад байгаа болохоор таны үгэнд итгэх арга алга. Тэгээд ч таны өмнө нь хэлснээр архины хамааралтай улсууд бий. Гэхдээ иргэд чанартай бүтээгдэхүүн сонгодог болчихсон юм бол одоо архитай биш дадал зуршил, хандлагатай тэмцэх ёстой юм биш үү? Эхэнд ярьснаа дараа нь үгүйсгээд л, өөрөө өөртэйгээ зөрчилдөөд байна уу даа, гишүүн минь?

15. Үйлчилгээний байгууллага буюу баар, ресторан одоогийн хуулиар 24.00 цаг хүртэл ажиллаж байна. Баар, рестораныг үүрийн 04.00 цаг хүртэл сунгах асуудлыг ярьж байгаа юм билээ. Би хувьдаа үүний эсрэг байгаа. Бид ухарсан хууль хийж болохгүй л гэж бодож байна.

Энэ бол их хотын соёл. Таны нас дисконоос хасагдаж байгаагийн горыг хойч үеийн залуус амсах ёстой юм уу? Тэгээд ч таны залуугийнх шиг диско клубээс гарч яваа залуус дөрвөн хөллөхөө болиод удаж байна шүү дээ.

16. Баар, цэнгээний газар архигүйгээр шөнөжингөө ажиллаж болно ш дээ. 

Юу ч хэлэх вэ дээ. УИХ-ын гишүүн ийм тэнэг юм хийхийн оронд ганц ч хууль батлуулахгүйгээр дөрвөн жилийг өнгөрөөж бас болно гэдгийг сануулчихмаар байна.

17. Энэ хуулийн цаана нэгдүгээрт Ерөнхийлөгч байгаа.

Энэ хуулийн ард ерөнхийлөгч байгаа гэнгүүт зөв зүйтэй болчихдог гэж үү? Үнэндээ тэр хуулийн наана цаана хэн байх нь хамаагүй, гол нь хууль амьдрад нийцэх үү гэдэг л чухал.

Тэгээд ч, Эрхэм ерөнхийлөгчөө, та одоогоор гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ямар нэг зүйл хийснийг чинь иргэд хараагүй л байгаа шүү. Таны хэлсэнд, хийнэ гэж ярьсанд чинь итгэдэг, хүндэтгэдэг, таныг сонгодог хүмүүс байдаг юм шүү.

15. Би энийг гэхдээ шийдэж чадахгүй байна. Хүмүүс ихэвчлэн орон сууцны доод талд баар, уушийн газар байхыг эсэргүүцдэг. Эдгээр хүний эрх ашгийг хангахын тулд мөн дээрх шиг тухайн оршин суугчдын зөвшөөрлийг авч байж үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг хуульд оруулж магадгүй юм. Тухайн рестораны эзэн айлын хаалга тогшоод айлаас зөвшөөрөл авах хэрэгтэй гэсэн үг. Үүнтэй холбоотой Польш улсад очиж туршлага судалсан. Тус улсад есөн давхар орон сууцны нэгдүгээр давхарт байрлах пиццаны газар шар айраг зарахын тулд тэр байрны оршин суугчдын 100 хувийн саналаар зөвшөөрөл авна гэж байгаа. Нэг хүн л эсэргүүцэх юм бол үйл ажиллагаа явуулах боломжгүй. 

Польш бол эртний соёлтой, Зөвлөлтөд эзлэгдээгүй бол яг л баруун шиг хөгжсөн байх орон юм. Польшуудын архи уух соёлыг би мэднэ. Хамт ууж ч явлаа. Биднээс тэнгэр газар шиг ялгаатай, тэс өмнөө ард түмэн юм шүү дээ. Тэгээд ч 5-р хэсэгт хэлсэнчлэн монголчуудад монгол арга л зохидог юм шүү. Тэгээд ч архи, тамхины хуулийн нөлөө 3-5 жилийн дараа гардаг гэж та өөрөө хэлсэн. Польшийн энэ журам гараад хэр удаж байгаа вэ? 

16. -Тусгай дэлгүүр нээгдэнэ гэж байгаа. Эдний тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор бөөн хээл хахууль үүснэ гэсэн хардлага бас бий?

– Үүнд бид илүү ард иргэдийн оролцоог нэмээд өгчих хэрэгтэй гэж үзэж байгаа. Архины тусгай дэлгүүр нээхийн тулд тухайн хорооны иргэдийн нийтийн хурлын тогтоол гарах ёстой. Иргэдийн нийтийн хурал гэдэг маань тухайн хороонд амьдарч байгаа иргэдийн санал хураалт. Иргэн хүний хувьд би 15-р хороонд байгуулагдах хоёр тусгай дэлгүүрийн хуралд очих ёстой.

Очих ёстой гэж хэлэх нэг хэрэг. Очих нь шал өөр хэрэг шүү дээ. Коммунизмын үед нийтийн субботникт гаргах гэж үйлээ үздэг байсан. Одоо хэрэв тийм ажил өрнүүлбэл яг л адил бэрхшээл тулгарна. Бүр өөрсдийнх нь мөнгө, амьдралд нөлөөлөх СӨХ-ийн хуралд ирдэг билүү? Тэгэхээр аль нэг дэлгүүрт зөвшөөрөл өгөх шийдвэрт ард түмний нөлөө тусах нь үлгэр болоод дуусах бодит байдал харагдаж байна

17. Нэгдүгээрт надад "Арван ундарга" гэж компанийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Тэр компанийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж мэдсэн. "Домогт" гэж архийг би харин харсан. Шинэ жилээр надад бэлгэнд ирсэн байсан.

“Компанийхаа үйл ажиллагаанд оролцохгүй байгаа” гэдэг үг “би хараал хэлдэггүй” гэдэг шиг л гишүүн бүрийн амны уншлага даа. Харин оролцоод, нөлөөлөөд, удирдаад, загнаад явж байдгийг олон жишээн дээр харсан даа. Тэгээд өөрийнх нь хуулийн зөвлөхийн үйлдвэрлэж байгаа архийг мэдээгүй л гэнэ шүү.

18. Гадаад орчиндоо тамхи татах цэгүүдээ нээлттэй бий болгож болно. Бид татахыг хориглосон газруудаа заагаад өгчихсөн. Тэгэхээр хориглосноос бусад газар цэгээ байгуулах, тамхи татах нээлттэй ​шүү дээ.

Сургууль цэцэрлэгээс 500 м-ийн дотор татаж, зарж байгаа асуудлыг яах вэ гишүүнээ?

19. Битүү орчинд тамхи татахыг л хориглож байгаа. Битүү орчинд тамхины цэг байгуулахыг Тамхины хяналтын конвенцээр хориглодог. Бид Тамхины хяналтын тухай конвенцэд нэгдэн орсон улс. Тэгэхээр дотоод орчиндоо тамхины цэгтэй газар хуулиа зөрчиж байгаа л гэсэн үг. Яагаад үүнийг эсэргүүцэж байна вэ гэхээр дотоод орчинд байгаа тамхины цэгийн хаалга онгойх, хаагдах үед тамхины утаа шүүрсээр л байдаг. 

Тамхины өрөө саад болж байна уу гүй юу гэдгийг Эрдэнэчимэг мэдэх ёстой юу дотор нь сууж байгаа үйлчлүүлэгч мэдэх ёстой юу? Тамхины өрөөний талаар гаргасан гомдол байдаг уу? Сэдэл төрөөгүй байж болно гэдгийг тооцоод ядаж гомдолтой гэж санал асуулга явуулсан тохиолдолд байна уу? Энэ бол хуулийн амьдралд нийцтэй эсэх талаарх ахиад л нэг баримт. Таныг тамхи татдаг гэдгийг хэн ч хэвлэлээр зарлаагүй л байгаа шүү дээ.

20. – Хуулийг хэрэгжүүлээд явж байхад үүн дээр бид алджээ гэж бодож байгаа зүйл байгаа юу?
– Надад бол тийм зүйл байхгүй. Олон улсын конвенцийн дагуу хийгдсэн хууль.

Олон улсын конвенц гэдэг үг ч одоо ерөнхийлөгч хэлсэн юм гэдэг шиг л болж дээ. Эсвэл ерөнхийлөгч хэлсэн юм гэдэг нь олон улсын конвенц гэдэг шиг ч болсон юм уу. Энэ хоёрын аль аль нь монголчуудад хэр үр өгөөжтэй юм бол доо? Тэгэхээр өнөөдрөөс эхлэн хуулийн талаарх шүүмж Л.Эрдэнэчимэгээс холдож Ерөнхийлөгчийг чиглэх ёстой болох нь. Хуулийн хамгийн гол зорилго нь иргэдийн эрх ашиг, алсын хараа, ирээдүйн үр дүнг тооцох явдал байдаг билээ. Гэтэл энэ бүхэн түүхий, дулимаг байгаад зогсохгүй, Л.Эрдэнэчимэг гишүүн ба Ерөнхийлөгчийн зүгээс зөвхөн өнөөдөр харагдаж байгаа, ирээдүйн хувьд бол хуурмаг үзэгдлээр иргэдийн тархийг угаах гэж оролдож байгаа нь эгдүүцэл төрүүлж байна.

Миний бие хуулийг шүүмжилж байгаагаас бус архийг хоргүй гэж байгаа юм биш гэдгийг уншигчид ойлгоосой.  Гишүүний хэлсэн, “Монгол хүний биед архи задлах фермент байхгүй. Энэ алкогольдегидрогеназа  фермент Монгол хүнд байхгүйг судлаачид тогтоочихсон. Тиймээс бид жишээ нь европ хүмүүсийн уух хэмжээний архийг ууж чадахгүй…  Үүний тод жишээ бол Монголд өнөөдөр элэгний өвчнөөр хэчнээн хүн өвдөж, нас барж байгааг харахад хангалттай” гэдэг үг үнэхээр үнэн. Бас “Монгол эрэгтэй, эмэгтэй хүний насны зөрүүг давхар харах хэрэгтэй. Монгол эрчүүдийн дундаж наслалт 64, эмэгтэйчүүдийнх 72. Тэгэхээр насжилтын халгаат хүчин зүйлүүдэд яах аргагүй архи, тамхи хоёр болчихоод байна” гэдэг ч яахын аргагүй үнэн. Гэхдээ үүнийг засах арга бол лав энэ хууль бишээ. Товчоор хэлэхэд: Энэ хууль нь авилга зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг л дэвэргэх болохоос монголчуудын архидах хэмжээнд нөлөөлөх хүчин зүйл болж чадна гэхэд асар эргэлзээтэй байна. Эхнэрүүдийн бодож олсон асар хялбархан гаргалгааг ард түмний итгэлийг аван сонгогдсон УИХ-ын гишүүн маань барин дарцаглаж болж байна уу, өөрөөр хэлбэл гишүүний толгой жирийн иргэнээсээ илүү ажиллахгүй юм уу гэдэг асуулт урган гарч байна.

Улаанбаатар, БГД, 1-р хорооны иргэн Г.БАТЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж