Ц.Энхбаярт төрийн төмөр нүүрийг харуулаач

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Ц.Энхбаярт төрийн төмөр нүүрийг харуулаач

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд өрнөж байгаа асуудал одоо болтол дуусаагүй байна.  Уг нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал асуудлыг шийдвэрлэх үүднээс Гэмтлийн эмнэлгээр “наадаад” байгаа Ц.Энхбаяр гэгчийг ажлаас нь халах тушаал гаргасан. Улмаар Төрийн албаны зөвлөл тус эмнэлэг дээр даргын сонгон шалгаруулалт явуулж, А.Мөнхтайван ялалт байгуулаад буй. Мөн салбарын сайд нь ч түүнийг томилох тушаал гаргачихаад байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт шинэ дарга нь ажлаа хүлээж авахаар Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийнхэнтэй ГССҮТ дээр очсон боловч Ц.Энхбаяр тамга тэмдгээ аваад алга болсон.

Өрөөгөө ч онгойлгож өгөхгүй байгаа. Дам сургаар нөхөр Ц.Энхбаяр өвчтэй болж жүжиг тавьсан юм уу даа. Ингээд л шийдэгдэх гэж байсан асуудал дахин гацах нь тэр. Гэтэл жүжиг үүгээр дуусаагүй л байна. Өнөөх Ц.Энхбаяр гэгч өнгөрсөн баасан гарагт шинээр томилогдсон дарга болон Эрүүл мэндийн яамны төлөөллийг дуудаж, тамга тэмдгээ өгье, ажлаа хүлээлцэж ав хэмээсэн аж.

Ингэж нэг асуудал шийдэгдэх нь хэмээн нөхдүүд очсон ч дахиад зугтаад алга болчихож. Нэг үгээр хэлбэл, шинээр томилогдсон дарга, дээрээс нь бүхэл бүтэн яамаар наадаж байна гэсэн үг. Ингэж тамгаа авч зугтаадаг, улсын ажил цалгардуулж байгаа нь Ц.Энхбаярын анхны тохиолдол биш гэнэ. Тэрбээр өмнө нь III эмнэлэгт байхдаа ч бас иймэрхүү хэрэг өдүүлж байж. Өөрөөр хэлбэл, өрөөгөө түгжээд, тамгаа авч зугтаагаад сурчихсан нөхөр гэдгийг олон хүн ярьж байна билээ.

Энэ бол хэтэрхий даварсан хэрэг биш үү. Ганцхан хүнд дарлуулаад, шүүхдүүлээд, яаж ч чадахгүй байж байдаг төрийн албаны зөвлөл ч гэж хаа байдаг юм. Улсдаа ганцхан байдаг ГССҮТ-ийн эмч нарыг үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай бужигнахад хүргэж байхад юу ч дуугарч чадахгүй, гар хумхиад сууж байдаг яам ч гэж хаа байх вэ дээ. Дээрээс нь тамгаа ав гэж дуудчихаад, ирэхээр нь дахиад зугтаагаад байгаа юм. Бүхэл бүтэн салбарын ажилчдаар тоглоом хийж байна шүү дээ. Уг нь төрийн алба, тэр дундаа чухал салбарын ажил гэдэг дүрэм журамтай, хуультай байх ёстой. Тэр дүрэм журмынхаа дагуу л ажиллана.

Гэтэл Ц.Энхбаярт тэр хууль журам, сайдын тушаал, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, сонгон шалгаруулалтын үр дүн ямар ч хамаагүй бололтой. Тэр Н.Удвал сайдаас даваад гарчихсан эрх мэдэлтэй айхтар этгээд байж таарах гээд байна. Үгүй бол Монгол Улсын Засгийн газар, салбар яамтайгаа нэг хижээл насны эмэгтэйд дарамтлуулж байна шүү дээ. Үндсэндээ ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Уг нь төр гэдэг дураараа авирласан хэн нэгний гараас тамгаа авах гээд гүйж явдаг байх ёсгүй л баймаар. Ц.Энхбаяр гэгч даварсаар даварсаар Дагвын орон дээр гарч хэвтчихээд байгаа нөхрийн өгзөг рүү нь өшиглөөд л явуулах ёстой.

Зугтаасан бол хаа байгаа газраас хууль хяналтын байгууллагаар барьж авчруулаад, тамга тэмдгээ авчихаад, дахиж даварвал эвгүйтүүлнэ шүү гэдгийг мэдрүүлээд явуулах ёстой биш үү. Төр төмөр нүүртэй л гэдэг. Үнэхээр л нүүр нь төмөр юм бол энэ мэт тохиолдлуудад даварсан нөхдүүдэд хааяа нэг харуулчихад гэмгүй л баймаарсан. ГССҮТ-д өрнөөд байгаа асуудлыг салбарын сайд нь шийдэж чадахгүй бол Ерөнхий сайд хэдэн үг ч болов хэлмээр юм. Эсвэл тэр Ц.Энхбаяр гэдэг эмэгтэй манай Засгийн газрынхны “нөгөө юм”-ыг нь мэддэг юм байлгүй дээ.

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж