Олон нийтэд санал болгож байна

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Олон нийтэд санал болгож байна

Эдийн засгийн үзүүлэлт болон үнэлгээний асуудалтай хувьцааг олон нийтэд санал болгож байна гэв

"Мерекс" ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдрөөс эхэлж, нийлүүлэлт хийхээр болж байна. Энэ талаарх мэдэгдэл Монголын хөрөнгийн биржийн албан ёсны цахим хуудаснаа байршижээ.

Тус компанийн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагааг (IPO) “Стандарт Инвестмент” ХХК  хариуцан хийж байгаа юм байна. "Мерекс" ХК гадаад худалдаа, барилгын материалын худалдааны чиглэлээр 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт БНСУ-д үйлдвэрлэсэн цагт 150 м.куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай TW-2500 маркийн бетон зуурмагийн үйлдвэр барьж буй гэнэ. Цаашид үйлдвэрлэлийг жигдрүүлж, бизнес төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж, компанийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхээр 2.6 тэрбум төгрөгийг зах зээлээс татан төвлөрүүлэх буюу компанийн нийт хувьцааны 40 хувь болох 26.000.000 ширхэг энгийн хувьцааг олон нийтэд санал болгож буй нь энэ аж.

Тус компанийн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагааг хийж буй “Стандарт Инвестмент” ХХК “Мерекс” бетон зуурмагийн үйлдвэрийн “Үнэт цаасны танилцуулга”-д “Үнэт цаас гаргагчийн хувьд ерөнхийдөө зах зээлийн маш таатай орчин бүрдсэн байна гэж үзэж байна. Учир нь барилга болон барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжиж, олон хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ нь барилга, тэр дундаа орон сууцны барилгын эрэлт, нийлүүлэлтийг дэмжиж байгаа юм. Нөгөө талаас, уул уурхайн салбарт тулгуурлан манай улсын эдийн засаг эрчимтэй өсч, их бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн нь барилга, барилгын материалын зах зээлийг тэлж, хэрэгцээг байнга өсөн нэмэгдүүлж байна. Бүтээгдэхүүний өртгийн хувьд түүхий эдийн нийлүүлэлт харьцангуй найдвартай, үнэ тогвортой байдаг ба цаашид барилгын материалын үйдвэрлэлийг дэмжсэн төрийн бодлогын үр дүнд улам сайжрах төлөвтэй байна. Өрсөлдөгчдийн хувьд ихэнх нь бүтээгдэхүүнээ зөвхөн өөрсдийн барилгын компанид нийлүүлдэг тул хангалттай зах зээл бий гэж үзэж байна. Барилгын зах зээл дээр ч тэр, үнэт цаасны зах зээл дээр ч тэр хамгийн хүчтэй өрсөлдөгч нь үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд адилхан “Ремикон” ХК гэж үзэн зарим харьцуулалтыг хийлээ” гэжээ.

Гэтэл эдгээр харьцуулалт зах зээлийн бодит байдал дээр тулгуурлаагүй, эдийн засгийн төлөвтэй уялдахгүй байгаа тухай барилгын салбарын зарим мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. Барилгын салбар, тэр дундаа бетон зуурмагийн үйлдвэрлэл эрчимтэй хумигдаж байгаа судалгаа гарчээ. Өнгөрсөн онд арав гаруй ийм төрлийн компани дампуурч зах зээлээс гарсан бол жишээ аваад байгаа “Ремикон” компани ашиггүй ажиллажээ.

“Мерекс”-ийн үнэт цаасны танилцуулгад “2010-2012 онд Монгол Улсын эдийн засаг харьцангуй сайжирсантай холбоотойгоор “Ремикон” ХК-ийн хувьд үйлдвэрлэсэн бетон зуурмагийн хэмжээ өссөн байна. “Мерекс” ХК-ийн ирээдүйн үзүүлэлтийг компанийн үйл ажиллагаа эхлэх 2014 он болон үйл ажиллагаа жигдэрсэн байх 2015 оны төлөвлөсөн үзүүлэлтүүд дээр тулгуурлан тооцоолоход бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нь 92,400м3-ээс 138,600м3-д хүрэхээр байгаа нь бодитой дүн гэж үзэж байна. Мөн ногдол ашиг хуваарилалт, хувьцааны дундаж ханшийн байдлаас дүгнэхэд “Мерекс” ХК-ийн төлөвлөлт харьцангуй эерэг үзүүлэлттэй байна” гэсэн нь эдийн засгийн хэтийн төлөвтэй ерөөсөө уялдахгүй байгаа тухай “Ремикон” компанийнхан ярьж байна. “Ремикон”-ы үйл ажиллагаа өсөлттэй байх үеийн үзүүлэлтийг жишээ болгон авчихаад 2013 оны ашиггүй ажилласан үзүүлэлтийг дурдаагүй нь үнэт цаас худалдан авагчдыг төөрөлдүүлсэн үйл явц болж байгаа гэнэ.

Зах зээлийн хэрэгцээ, багтаамжийг ч хэт өндрөөр үнэлсэн нь тодорхой болж байна. Үүнд Монгол Улсад нийтдээ 3.8 сая куб.метр бетон зуурмаг жилд үйлдвэрлэгддэг гэсэн нь зах зээлийн боломжийг хэт дөвийлгөн үнэлгээ гаргасан нь тодорхой болж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс нийт импортын болон дотоодын үйлдвэрлэлийн 1.6-2 сая тонн нэг жилд цемент хэрэглэсэн бодит судалгаа байна. Үүнээс тодорхой хэсгийг нь барилгын хийц, зам гүүр, хувь хэрэглэгчид гэх мэт сегментүүд хэрэглэсний дараа зөвхөн нийт хэрэглээний 40 хувь нь л зөвхөн бетон үйлдвэрлэгчдэд оногдож байна. Ингэхээр нэг куб.м зуурмагт дунджаар 400 кг цемент ордог гэж тооцвол дотоодын үйл ажиллагаа явуулж буй 100 гаран бетон зуурмаг үйлдвэрлэгчид нийтдээ зах зээлд хоёр сая гаран куб.м зуурмаг л нийлүүлж байсан нь тодорхой болох нь зах зээлийн бие даасан судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас харагдаж байна.

Шинээр үүсч байгаа компани эдийн засаг хүнд байгаа ийм нөхцөлд үндэсний тэргүүлэгч компаниудын нэгтэй адилхан ажиллаад эхэлнэ гэдэг нь хэнд ч эргэлзээ төрүүлнэ. Мөн үнэт цаас нийтэд санал болгохоос өмнө хийгдсэн хөрөнгө оруулалтын үнэлгээ нь зах зээлийн бодит ханштай уялдаагүй нь дараах хүснэгтээс харагдаж байгаа юм.

Эдгээр тээврийн хэрэгслээс жишээ нь, 2004 оны бетон шахагч (43 метр)-ийн одоогийн бодит үнэ нь 180 сая төгрөг орчим байгаа аж. Гэтэл 380 сая төгрөг хэмээн үнэлсэн байна. Бетон шахагч (суурин) нь шинээрээ 150 сая төгрөг гэдэг атал 1996 онд үйлдвэрлэгдсэн хуучныг нь 208 саяар үнэлжээ.

“Ремикон”-ынхон “Стандарт Инвестмент” ХХК-ийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж. Учир нь “Ремикон” компанид ажиллаж байгаад гарсан зарим хүмүүс “Стандарт Инвестмент”-ийг байгуулсан юм гэнэ. Ажлаас гарснаас хойш гурван жилийн дотор өрсөлдөөн үүсгэж болохгүй гэсэн гэрээтэй байж. “Ремикон” компанийнхан “Стандарт Инвестмент” компанийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.5 буюу “Үнэт цаасны бүртгэлд бүртгэгдсэн, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны талаар тухайн үнэт цаас гаргагчаас нэмэлт мэдээлэл авах шаардлага үүссэн, эсхүл үнэт цаас гаргагч нь тухайн үнэт цаасыг бүртгүүлэх явцад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн, уг мэдээлэлд үндэслэн үнэт цаасыг нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн болох нь тогтоогдсон тохиолдолд зөрчлийн хэмжээнээс хамаарч Хороо тухайн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагааг түр зогсоох, эсхүл нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг хүчингүй болгож, энэ тухай үндэслэл бүхий мэдэгдлийг үнэт цаас гаргагч болон холбогдох хөрөнгийн биржид хүргүүлэх ба энэ талаар нийтэд мэдээлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм байна.

Эдийн засгийн талаас нь харахад бетон зуурмагийн үйлдвэрлэлийн зах зээл нь хумигдаж, цөөхөн тоглогчтой болох салбар юм. Гэтэл жишээ авсан, харьцуулалт хийсэн компанийн үйл ажиллагааг ингэж ашигтай ажиллана, ийм ашиг нэмэгдэнэ хэмээн итгэлтэйгээр гаргаж, нийтэд танилцуулсан нь зарим зүйл заалтыг зөрчиж байгаа аж.

Хөндлөнгийн компани ийм маягаар бизнес төлөвлөгөө гаргаж болдог бол зуучилж байгаа компани иймэрхүү үйлдэл гаргаж болдоггүй аж.

“Ремикон” компани 2008 онд байгуулагдаж, 100 төгрөгөөр хувьцаа гаргаж байжээ. Түүнээс хойш зургаан жил өнгөрчихөөд байхад хувьцааны ханш нь дөнгөж 170-180 төгрөг байна. Гэтэл “Стандарт Инвестмент”-ийн тооцоолоод байгаа шиг “Ремикон” компанийн хувьд энэ онд хоёр тэрбум (1.988.407.379) төгрөгийн ашигтай ажиллаж нэгж хувьцааны ханш жилийн дотор 239 төгрөг болно гэдэг нь эргэлзээтэй. Ингэж ажиллах ямар боломж байхгүй байгаа гэнэ.

Зах зээлийн дутуу мэдээлэл дээр үндэслэн өөрсдийн бетоны нэг м.кубын дундаж үнийг 160.000 төгрөг байхаар тооцоолсон нь ашигтай ажиллахгүй байх бас нэг том эрсдлийг дагуулж байгаа юм байна. Учир нь бетон гэдэг бол барилгын түүхий эд учраас зах зээлийн өндөр үнийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн. 2013 онд болон 2014 оны эхний саруудын байдлаар зах зээл дээрх бетоны дундаж үнэ нь 135000-142000 төгрөгт хэлбэлзэж байгаа бөгөөд “Мерекс”-ийн тооцсон 160000 төгрөг нь тэдний үйлдвэрлэх боломжгүй М450, М500 маркийн бетоны борлогддог дундаж үнэтэй ойролцоо байна гэж барилгын компанийн инженерүүд хэлж байна.

Энэ талаар “Ремикон” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Ганхуягаас тодруулсан юм. “Манайхтай ижил ажил үйчилгээ явуулдаг компани хувьцаа гаргах гэж байна. Зуучлагчаар нь “Стандарт Инвестмент” гэх компани оржээ. Хувьцаа гаргах, олон нийтэд санал болгож буй танилцуулгыг нь харахаар хэд хэдэн асуудалтай зүйл байна. Нэгдүгээрт, үнэлгээний асуудлыг нь судалж үзвэл зохимжтой. Хоёрдугаарт, үр өгөөжийн асуудал. “Ремикон” компанийн 2011, 2012 оны буюу эдийн засгийн өндөр өсөлттэй байх үеийн үр өгөөжийг шинэ компани дээр яг тэр байдлаар нь ашиг гаргана гэдэг учир дутагдалтай. Яагаад гэвэл эдийн засгийн үзүүлэлт унаж эхэлсэн 2013 онд “Ремикон” компанийн үзүүлэлт муудсан буюу ашиггүй ажиллаж эхэлсэн. Ийм болохоор олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл бэлдсэн юм шиг харагдаж байна. Сүүлийн хоёр гурван жил дараалан алдагдалтай ажилласан компани шууд ашигтай ажиллана гэдэг нь эргэлзээтэй. Олон нийтэд хувьцааныхаа ханшийг ийм байдлаар өснө гэсэн мэдээлэл хүргэж байгаа нь өөрөө хуулийг бодитоор зөрчиж байна. Ийм учраас хүмүүс хувьцаа авахдаа судалж үзээд авсан нь дээр болов уу. Сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байх нь зүйтэй гэж зөвлөж хэлье” гэлээ.

Үнэлгээний асуудлын талаар “Оюу эрдэм аудит” компаниас тодруулахад, үнэлгээний ажил хууль ёсны дагуу болсон. Зөвхөн манай компани үнэлгээ тогтоодоггүй. Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллага давхар хяналт тавьж бодит үнэлгээг гаргаж ирдэг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Учир нь хамтран ажилласан компанитайгаа байгуулсан гэрээний дагуу зарим зүйлийг нууцалдаг гэв.

А.МӨНХ-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж