УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар өнөөдөр МҮОНТ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт ярилцлага өглөө. Ярилцлагын үеэр Даян-Улаан-Уул боомтын асуудал, Казакстан улсаас Баян-Өлгий рүү хийх шууд нислэг, Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн асуудал, Асгатын мөнгөний орд-ыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар болон “Авлигажсан” гэх тодотголтой обьектуудын асуудлыг тус тус хөндсөн юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболдоос сэтгүүлч “Үндэсний хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар асууж байлаа. түүнчлэн Баян-Өлгий аймгийн хувьд өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байгаа, тэр дундаа гурилын үнийг тогтворжуулах тал дээр УИХ-аас арга хэмжээ авах хэрэгтэй буйг УИХ-ын даргад танилцуулав. Мөн Баян-Өлгий аймгийн иргэд ОХУ болон Казакстан руу зорчиход визний асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд энэ асуудлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм байна. УИХ-ын дарга визний асуудлаар хариулахдаа, “Асуудлыг ОХУ-тай ярилцсан. Гэхдээ ОХУ-ын талаас хэрвээ манай улсын иргэд тус улсад хугацаа хэтрүүлэх, хууль зөрчсөн тохиолдолд иргэдийг эх орон руу нь буцаах зардлыг Монгол Улс хариуцна гэсэн заалт байгаа. Энэ нь улсын төсөвт хүндрэл учруулах учир энэ асуудал дээр хоёр тал хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа болохыг уламжлав. Мөн УИХ-ын дарга Баян-Өлгий аймгийн царцаагдсан барилгуудын хувьд, Согоогийн сургуулийн дотуур байр болон Цэнгэл сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын асуудлыг зохих журмын дагуу хууль тогтоох дээд байгууллага асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдэв.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей "Асгатын мөнгөний орд"-ыг эдийн засгийн эргэлтэнд оруулахын чухлыг дурдаад, орд хүрэх замын асуудал шийдэгдсэн. Харин одоо хөрөнгө оруулалт, менежментийн болон технологийн асуудлыг шийдвэрлэх гарцыг хайж байгаа талаар ярилцлагын үеэр онцлов.
Орон нутгийн телевизэд ярилцлага өгсний дараа УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар Баян-Өлгий аймгийн Төв холбооны байран дахь Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээ ойртуулах чиглэлээр 2 сарын өмнө байршуулсан ТҮЦ машины ашиглалт болон иргэдийн зүгээс хандалт ямар байгаа талаар санал солилцов.
УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар орон нутгийн телевизэд ярилцлага өгсний дараа аймгийн хэвлэлийнтэй дурсгалын зураг татуулав. УИХ-ын дарга болон дагалан яваа төлөөлөгчдийн Баян-Өлгий аймагт хийсэн ажлын айлчлал өнөөдөр /2014.03.24/ өндөрлөж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.