
Лукашенко Минск хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзах үеэр тэрээр “Газпром” өрөө төлөх хүртэл Оросын байгалийн хийг Беларусийн нутгаар дамжуулан Европ руу гаргахгүй байх үүргийг Засгийн газарт үүрэг болгоод байна” гэж мэдэгдсэнийг Белорусийн “Белта” агентлаг мэдээлэв.
Александр Лукашенко “Газпром” Беларусьт нийлүүлэх байгалийн хийгээ 30 хувь хүртэл хорогдуулаад байгааг тэмдэглээд Беларусийн нутгаар Европ руу байгалийн хий дамжуулан гаргаж байгаагийн төлбөрт 260 сая ам.доллар төлөх өртэй болчихоод байтлаа Беларусиас 200 орчим сая ам.доллар нэхэмжилж байна” гэсэн байна.
“Өөрөө надад 260 сая ам.доллар төлөх өртэй байтлаа надаас ердөө л 190 сая долларын өр нэхэж, өрөө төлөхгүй бол байгалийн хий өгч буй крантаа хаана гээд байгаа нь ямар увайгүй, утга учиргүй зүйл болоод байгаа юм бэ” гэж Беларусийн Төрийн тэргүүн онцлоод байгуулсан хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нь Беларусь бус харин “Газпром” консорциум өөрөө юм гэж мэдэгдсэн байна.
“Газпром” өчигдөр Европ руу байгалийн хий дамжуулан гаргаж байгаагаас үүдэн Беларусьт төлөх өртэй болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч Минск албан ёсоор асуудлаа тавиагүй байгаа тул төлөх боломжгүй байгаа, гэхдээ өр төлөх асуудлын хувьд хүндрэл гарахгүй гэж мэдэгдсэн ажээ. Үүний өмнөхөн Минск өрийн асуудлыг тоног төхөөрөмж, зарим төрлийн бараа нийлүүлэх замаар тэглэе гэсэн санал тавьсан боловч “Газпром” зөвшөөрөөгүй юм байна.
Лукашенко “Уучлаарай, чанасан хиам, цөцгийн тос, махан хуушуур мэтийн юм ярьж, бид нарыг басамжилж эхлэхэд бид түүнийг доромжлол гэж хүлээж авсан юм. Манай холбоотон, найрсаг харилцаатай орны нэгэн ерөнхийлөгч ийм маягийн зан ааш гаргаж болохгүй юм” гэж хэлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Газпром” өрийг бялуу, цөцгийн тос, бяслаг мэтийн зүйлээр хаахыг зөвшөөрч чадахгүй” гэж хэлсэнтэй холбогдуулан Беларусийн удирдагч ийнхүү ярьсан юм байна.
ОХУ-аас Европ руу гаргаж буй байгалийн хийн 20 хувь нь Белорусийн нутгаар дамжин гарч байгаа бөгөөд Европын орнууд хямралын байдалтай байгаа болон зун болж дулаарсан учир байгалийн хийн хэрэглээ ч буураад байгаа аж.
ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин өчигдөр “Газпром”-ын хувьд Беларусыг орлуулах замын асуудлыг шийдвэрлэх техникийн хүчин чадал байгаа гэдгийг сануулаад Орос улсаас Европ руу экспортолж буй байгалийн хийн 80 хувийг дамжуулан гаргаж буй Украинийг дурджээ.
Украиний улсын мэдлийн “Нафтогаз” Европ руу байгалийн хий дамжуулах шахуургынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой гэдгээ өчигдөр мэдэгджээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг