НАТО-гийн цэргийн захирагч ажлаасаа халагдах уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

НАТО-гийн цэргийн захирагч ажлаасаа халагдах уу?

Афганистан дахь НАТО-гийн цэргийн захирагч генерал McChrystal Цагаан Ордонд дуудагджээ. Генералын “The Rolling Stone” сэтгүүлд ярьсан зүйлийг АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга “ноцтой алдаа” гэж мэдэгдсэн байна. Сэтгүүлд нийтлэгдсэн тайлбараас болж генералын хэвлэл мэдээллийн албаны зөвлөх ажлаасаа огцорсон аж.

Афганистан дахь НАТО-гийн цэргийн захирагч, энэхүү дайнд АНУ-ын стратегийн хүндийг нуруундаа үүрч яваа генерал Stanley McChrystal энэ лхагва гаригт ерөнхийлөгч Барак Обама болон ерөнхийлөгчийн гол хамтран зүтгэгчдээс уучлалт гуйхаар Цагаан Ордонд дуудагдсан байна. Генерал тэд нарын талаар сэтгүүлд ярилцлага өгснөөс энэ хэрэг үүдэн гарчээ. Энэхүү санамсаргүй гарсан хямрал нь Афганистаны талаар явуулж буй АНУ-ын ерөнхийлөгчийн төлөвлөгөөнд хүнд цохилт болж, улс төрийн болон цэргийн эрх баригчдын хоорондын харилцаа нэлээд хэцүү шалгуурыг даван туулах нь.

Хэрэв генерал цэргийн чадварлаг суу билэгтэн байгаагүй бол, мөн түүний огцрох нь Афганистан дахь дайны өрнөлтөд том цохилт өгч, эвдрэлд хүргэхээргүй байсан бол өдийд түүнийг аль хэдийнээ огцруулчихсан байсан байх. Гэвч тэр өөрийгөө гайхалтай сайн стратегч гэдгээ харуулж чадсан юм. Цаг үеэ олсон дайралт, довтолгоо эхлүүлж, яах аргагүй тулж ирээд байсан ялагдлаас тойрон гарч, өөрийнхөө цэргүүдэд тодорхой хэмжээний өөдрөг итгэл найдварыг эргүүлэн өгч чаджээ. Тийм ч учраас  тэр “The Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Обамагийн хувьд “урам хугарч” байгаа болон дэд ерөнхийлөгч болон бусад иргэний хариуцлагатны талаар элэглэн шоолсон юм ярьж том хэрэг мандуулсан билээ.

Ерөнхийлөгч Обама генералыг  Цагаан Ордонд яаралтай дуудаж, лхагва гаригт ганцаарчлан уулзах бөгөөд дараа нь генерал өөрийн шүүмжлэн ярьсан олон хүн, тэдгээрийн дотор Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Robert Gates, генералын хэлсэн үг “гүн гүнзгий урам хугалж байна” гэж мэдэгдсэн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, адмираль Mike Mullen-тэй уулзах ажээ. Дараа нь түүний шүүмжлэлд өртөлгүй үлдсэн ганц хүн болох Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, энэ бүс нутагт илгээсэн АНУ-ын тусгай төлөөлөгч, Кабулд суугаа АНУ-ын элчин сайд нартай уулзах юм байна.
Генерал эдгээр бүх хүнээс уучлалт гуйж, хэвлэл мэдээллийнхээ даргыг ажлаас нь халсан юм. “Үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэж тэрээр өөрийн мэдэгдэлдээ дурджээ.

Одоо генералыг  Бүгд найрамдах болон Ардчилсан намын гол сенаторууд  түүний хэлсэн үгийг “цаг үеэ олоогүй” гэж үзэж, Вашингтоны барууны ч бай, зүүний ч бай нөлөө бүхий хүмүүс нэгэн дуугаар огцруулахыг шаардаж байна.
Иймээс шийдвэр гаргах нь Обамагийн хувьд амаргүй байх болно. Түүнийг жилийн өмнө томилон явуулсан бөгөөд удалгүй генерал Афганистан дахь Обамагийн шинэ стратеги бодлогын билэг тэмдэг болон хувирсан билээ. Ажлаас нь халбал шинэ стратеги бодлогын ялагдал гэж үзэхэд хүргэх юм.

Эх сурвалж:
EL PAIS.com
Бэлтгэсэн Д.Пунцаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж