
Цаашид Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуурамч эм бэлдмэлийг гадаадаас оруулахгүй байх холбогдох байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, Мансууруулах бодисын ургацын тархалтыг тогтооход шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, арга зүйн чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах саналуудыг Ерөнхий сайд С.Батболд тавилаа. Энэ саналыг НҮБ хүлээн авч хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд С.Батболд Монгол улсын дипломат албаны бэлэг тэмдэг болсон Алтан гэрэгээг НҮБ-ын Вена дахь салбар төвд дурсгал болгон хадгалуулахаар А.М.Костад гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Бүгд Найрамдах Австри Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Буд, Ч.Сайханбилэг, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Төрийн дипломат ёслолын газрын захирал Р.Алтангэрэл зэрэг албаны хүмүүс багтан явж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.