Наурызын баярын парад болов

Хуучирсан мэдээ: 2014.03.22-нд нийтлэгдсэн

Наурызын баярын парад болов

Наурызын баярын энэ
өдөр /2014.03.22/ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Төв талбайд Наурызын баяр
Нарны баярын парад боллоо. Баярын парадыг нээж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
дарга Лазатхан үг хэллээ. Наурызын баярын ёслол жил бүр төв талбайд болдог
бөгөөд өдөр шөнө тэнцдэг энэхүү өдөр Хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн
казак түмнийг хүндэтгэн ирсэнд талархаж байгаагаа аймгийн засаг дарга Х.Дармен
илэрхийллээ. 

 

УИХ-ын дарга
З.Энхболд Төв талбайд цугласан Казак түмэнд нарны баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ,
казак түмний соёл уламжлал, зан заншлыг хүндэтгэж явдгаа илэрхийллээ. Мөн
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Наурызын
баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

 

Баярын ёслолын арга
хэмжээний гол хэсэг нь парад байдаг байна. Энэ жилийн парадад Баян-Өлгий
аймгийн Тамгын газар, Аймгийн театрын уран бүтээлчид, Ислам шашинтны Муфтият
холбоо, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, I, II, III, IV дүгээр арван
жилийн сургуулийн төлөөлөл, Ахмадуудын холбоо, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн
холбоо, Ховд аймгийн салбар сургуулийн төлөөлөл, Мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төв болон бусад байгууллагын төлөөлөл оролцсон нь баярын арга
хэмжээг сүрлэг болгож байлаа. Баян-Өлгийчүүд Наурызын баярын жагсаалд оролцсоны
дараа Үндэсний уламжлалт найман эрдэнийн “Көжэ” шөлөөр зочдоо дайлан ахмад
настануудаа хүндэтгэн золгодог. Төв талбайд болсон энэхүү баярын жагсаалын арга
хэмжээнд 30 гаруй мянган Баян-Өлгийчүүд болон зочид төлөөлөгчид өнөөдөр
оролцлоо. 

 

Баярын жагсаалын
дараа УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
А.Бакей болон бусад төлөөлөгчид Баян-Өлгий аймгийн Тамгын газрынхантай уулзалт
хийлээ. Уулзалтыг нээж Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен танилцуулга
хийсэн юм. Засаг дарга Х.Дармений танилцуулснаар, Баян-Өлгий Аймгийн хувьд,
баруун талаараа ОХУ , зүүн талаараа БНХАУ-тай хиллэдэг. Баян-Өлгий аймаг
 Хөдөө, аж ахуй, Уул уурхай, агаарын тээвэр хөгжүүлэх чиглэлийг 2014 оны
зорилго зорилтод түлхүү барьж ажиллаж байна. ХАА-н хувьд, бэлчээр хадлангийн ургац
сайтай жил болсноо хэлсэн юм. Яг энэ цагт мал төллөж эхэлсэн бөгөөд 2013 оны
эцэст 1 сая толгой мал тоологдсон статистик дүн байгааг хэллээ. Мөн уламжлалт
бэлчээрийн мал аж ахуй, ихэнх хэсгийг бог мал эзэлж байна. Иймээс малын
тэжээлийн хангамжийг дээшлүүлэх нь чухал ажил болоод байгааг онцлов.  Мөн
Баян-Өлгийчүүдийг дотоодын хүнсний ногоогоор хангах зорилго тавин ажиллаж
байна. Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хувьд, хар  төмөрлөгийн, өнгөт
металийн орд, Ногоон нуур сумын зэс молибдений орд, ер нь уул уурхайн салбарыг
түлхүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрийг
хөгжүүлэх чиглэлд анхаарч байгаагаа Аймгийн засаг дарга онцоллоо. Тэр дундаа
барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх бодлогыг Баян-Өлгий аймгийн
удирдлагууд барьж буйгаа мэдэгдлээ. Аймгийн хувьд өрсөлдөх чадвараараа 10
дугаар байрт орж байна. Ер нь эдийн засгийн хүчин чадлаар 14 дүгээр байранд
орсоор иржээ. Жижиг дунд үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь гол
зорилго болохыг хэллээ. Төсвийг үр ашигтай зарцуулах, иргэдийн ухамсрыг
дээшлүүлэх шаардлагатай байгааг Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен
тайлбарлалаа. Баян-Өлгий аймагт тулгарч байгаа бэрхшээл болон сул талын хувьд,
 дэд бүтцийн хувьд алслагдсан, халаалтын үнэ өндөр, ундны усны хангамж
сул, интернет хэрэглэгчид бусад аймгуудаас бага байна гэсэн зүйлүүдийг дурдав.
Сул талыг шийдвэрлэх гарцын хувьд, цаашдаа агаарын замыг хөгжүүлэх нь
Баян-Өлгий аймгийн хувьд чухал гэж үзсэн байна. Хамгийн гол нь хиллэж хөрш
зэргэлдээ оршиж буй орнууд руу чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх шаардлагатай
байгаагаа хэллээ. Мөн баруун аймаг тэр дундаа Баян-Өлгий аймагт өргөн
хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна. ОХУ болон Казакстан улсуудаас
гол төлөв хүнсний бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирдэг гэлээ.  Технологийн
хувьд, энэ жил интернетийн сүлжээг сайжруулах үүднээс шилэн кабелийн шугамыг
татаж эхэлсэн байна. Мөн суурин багуудад утасны сүлжээг бий болгох шаардлага
үүссэнийг хэлж байв. Төвөөс алслагдсан багуудын хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд
хамруулах нэн шаардлагатай байгааг УИХ-ын даргад танилцуулав.

Нарны баярын ёслолын
арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав,  Баян-Өлгий
аймгийн засаг дарга Х.Дармен, ИТХ-ын дарга Б.Лазатхан, Кувейт улсын элчин сайд
Халид Иатим Аль Фадли, Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт
 Элчин сайд Ив Делунэ, Зам тээврийн дэд сайд К.Ержан, УИХ-ын даргын зөвлөх
З.Нарантуяа Шашны байгууллагуудын тэргүүн М.Азатхан болон албаны бусад хүмүүс
байлцав. Энэ мөчид УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Казак айлд
зочлон хууль тогтоох дээд байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого болон бусад
асуудлаар санал солилцож байна хэмээн   
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээлэв. 


Эх Сурвалж: www.open.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж