Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.22-нд нийтлэгдсэн

Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлэв

МЭНДЧИЛГЭЭ

Монгол эх орныхоо уудам нутагт аж төрөн ажиллаж,
амьдарч суугаа казах иргэд ээ.

Та бүхэнд нүүдэлчдийн баяр, Наурыз-Нарны баярын халуун мэндийг хүргэе!
Нарны баяр бол казах үндэстний баяр бахдал, нүүдэлчин  түмний нийтлэг ёслол билээ.

Монгол Улсын Үндсэн хуулинд үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг батлан тунхагласан бөгөөд казах түмний хууль ёсны эрх, эрх чөлөө, соёл, ёс заншлыг ямагт хүндэтгэн дээдэлдэг юм.

Бүргэдийн баяр, мөсөн дээрх морьтонгуудын тоглоом наадгай зэрэг гайхалтай зан үйл, ёс заншлаараа  алдартай Наурыз баярыг дэлхийн халдашгүй соёлын өвд хамааруулан ЮНЕСКО-д бүртгэж авсан байдаг.

Казахын ард түмний өнө мөнхийн энэхүү өв уламжлал орчин цагт урлаг соёлын шинэ шинэ хэлбэр, агуулгаар баяжиж байна.

Домбор хөгжмийн «Алтан тал», «Сэтгэлийн айзам» хэмээх гайхамшигт эгшиг аялгууг сонсож өссөн ард түмэн, алдарт хуур хөгжим хобызын айзмыг Хорхотоос улбаалснаас үзвэл энэхүү ард түмний мэлмий нь тунгалаг, ухаан нь цэнгэг байх нь аргагүй юм.

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө болон эх орныхоо хөгжлийн үе шат бүрт  казак иргэд Та бүхэн  үнэтэй хувь нэмэр оруулж, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, үйлдвэр, аж ахуй, бүтээн байгуулалтын бүхий л салбарт шаргуу хөдөлмөрлөж ирснийг төр, засаг өндрөөр үнэлж байдаг билээ. Үүний тод жишээ нь 40 гаруй жил Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын бодлогыг тодорхойлж, хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлэх ажилд нөр их хувь нэмэр оруулсан А.Сайндолда өнөөдөр Монгол Улсын Гавьяат багш цолоор, Улсын хошой аварга Н.Бахаат аксакал маань Монгол Улсын гавьяат малчин цолоор, аймгийн анхны мэргэжлийн болон Гавьяат жүжигчин, цагтаа Ардын Их Хурлын депутат асан, эдүгээ 90 насны ойтой золгож буй Б.Хайжамал гуай Ардын жүжигчин цолоор тус тус шагнагдсаныг цохон тэмдэглэж,  хүндэтгэл үзүүлэхэд нэн таатай байна.

Наурыз баярын идээ цагаа элбэг дэлбэг, дастархан дэлгэсэн айл өрх бүр аз жаргалтай байхын ерөөл өргөе!

Та бүхэн сайхан баярлаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай!

       Ұлыс оң болсын,
       Ақ мол болсын!
 

                                      МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
                                               ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж