УИХ-ын дарга 340 дүгээр ангид зочлов

Хуучирсан мэдээ: 2014.03.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга 340 дүгээр ангид зочлов

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.03.22/ Баян-Өлгий аймаг дахь Барилгын цэргийн 340 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын даргыг 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэн угтлаа. Барилгын цэргийн 340 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Долгорсүрэнгийн танилцуулснаар, Увс, Завхан, Ховд аймгаас хугацаат цэргийн алба хаахаар ирэх залуусын тоо нэмэгдэж буйг онцоллоо. Энэхүү цэргийн анги 2010 оны 06 дугаар сарын 27 нд байгуулагжээ. Өөрийн хөрөнгөөр 2013 оны 12 дугаар сард цэргийн албан хаагчдын бие бялдрын хөгжлийг дэмжих зорилгоор спорт заал ашиглалтанд оруулсан байна. Барилгын цэргийн 340 дүгээр анги 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бэлэн байдлын шалгалтанд орж, үүрэг гүйцэтгэх чадавхи бүхий цэргийн анги гэсэн үнэлгээг авчээ. 2012 болон 2013 онуудад Зэвсэгт Хүчний тэргүүний анги нэгтгэлээр шалгарсан байна. Барилгын цэргийн 340 дүгээр ангид хугацаат алба хааж буй хугацаат цэргийн албан хаагчид нэг жилийн хугацаанд алба хаахын зэрэгцээ Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сургалтанд хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй болдог.

УИХ-ын дарга З.Энхболдын Баян-Өлгий аймагт хийх ажлын айлчлал 3 өдөр үргэлжилнэ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа болон албаны бусад хүмүүс байлцаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж