ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Г.Жаргалсайхан: “1999 оноос өнөөдрийг хүртэл манай улсад энэ өдрийн хүрээнд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, шат шатны сургуулиуд олон ажил хийж гүйцэтгэж байсан суурин дээр өнөөдөр ийнхүү бид энэ цогц арга хэмжээг санаачлан зохион байгуулах эхлэл байсан гэдгийг дурдах нь зүйтэй.” хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн энэ үеэр “Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” илтгэлийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын секторын эрхлэгч, доктор (Sc.D), профессор С.Байгальсайхан хэлэлцүүлж “Монгол яруу найргаас Монгол үндэстний гоо сайхныг эрхэмлэх сэтгэлгээний өвөрмөц онцлог, нандин чанарыг хэрхэн үнэлдэг үнэлэмжийг мэдэж болно” хэмээв. Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Эрдэмтэн-зохиолч Д.Цэдэв, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач Я.Ганбаатар нар үг хэлж, шинэ үеийн уншигчид буюу ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын төлөөлөл болох 4 ЕБС/2, 24, 31, 45/-ийн сурагчид болон утга зохиол, хэл шинжлэлийн чиглэлээр суралцдаг оюутнуудтай уулзалт хийлээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо: “Монгол бичиг соёлын ховор чухаг дурсгал юм. Яруу найргийн очир эрдэнэсийг байгалийн хад чулуунд ийм гайхалтай уран тод бичиглэлээр сийлбэрлэн мөнхөлж үлдээсэн нь хүн төрөлхтөний түүхэнд нэн ховор үзэгдэл. Монголчууд яруу найргийн баялаг уламжлал, үндэсний өвтэй. Дэлхийд ганцхан хувь чулуунд шингэсэн яруу найргийг Монголчууд бүтээсэн.” хэмээн уулзалт хэлэлцүүлгийн үеэр цохон тэмдэглэв.
Яруу найраг бол зөвхөн хоосон мөрөөдлийн ертөнцөд хийх аялал биш харин хувь хүний сэтгэлийн хөдөлгөөн, хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлийг илэрхийлж байдаг. Яруу найраг бол хүн төрөлхтөнд хүсэл мөрөөдөл, сүсэг бишрэлээ илэрхийлэх хамгийн хүчтэй хэлбэр төдийгүй бид бүхэнд сайн сайхны төлөө дэлхий ертөнцийг өөрчлөхийг уриалдагт эрхэм яруу найрагчид санал нэгдэн нийлэв.