Тони Блэйр АН-ын бүлгийн дэд даргатай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Тони Блэйр АН-ын бүлгийн дэд даргатай уулзжээ

Английн Ерөнхий сайд асан Тони Блэйр өчигдөр Монголд ирээд буцсан.

Ноён Тони Блэйр Улаанбаатар хотод ажиллах үеэрээ  УИХ-ын гишүүн, УИХ дахь олонхийн бүлгийн дэд дарга С.Одонтуяатай уулзсан байна. Уулзалтын эхэнд ноён Тони Блэйр болон Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар  Монгол Улсын өнөөгийн  улс төр, эдийн засгийн  байдал болоод парламентын үйл ажиллагаа, хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар ярилцжээ.

Энэ үеэр ноён Тони Блэйр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийг ажлын байраар хангах,  дунд орлоготой айл өрхийн  худалдан авч чадахуйц орон сууцыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарлаа хандуулах болно. Дээрх салбаруудад ахиц дэвшил гарна гэсэн найдлага тээж яваагаа онцолсон байна. Мөн эрүүл мэндийн салбарт зөвлөгөө өгчээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Монгол Улс Эрүүл мэндийн салбартаа  шинэчлэл хийж буй энэ үед та бүхний хэрэгжүүлж буй төсөл  ихээхэн цаг үеэ олж байна. Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхийн орчин үеийн  стандартад нийцүүлэхийн төлөө цаг алдалгүй ажиллах ёстой. Энэ дагуу эрүүл мэндийн салбарын  хууль эрх зүйн орчны шинэчлэл хийж байна. Танай төслийн нэгжийн зөвлөхүүдтэй байнга уулзаж, зөвлөлдөж байгаадаа туйлын баяртай байна” гэсэн байна.

Тони Блейр Монгол Улсад хийгдэж буй шинэчлэлийн ажлуудад улс төр болоод эдийн засгийн  олон бэрхшээл  тулгарч буйг ойлгож байгаагаа  олонхийн бүлгийн дэд даргад илэрхийлжээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа ноён Тони Блейрт хандаж “Монгол залуус монголдоо төдийгүй дэлхийн аль ч оронд ажиллах өндөр чадвар, чадамжтай. Гэсэн ч бид цаашид залуустаа бэлэн загас барьж өгөхөөс илүүтэй загас барих аргыг нь зааж өгөхийг чухалд үздэг. Тухайлбал, манай залууст нийтлэг тулгарч байгаа бэрхшээл англи хэлний мэдлэг дутмаг.  Тиймээс энэ чиглэлээр та өөрийн санаачилгаар манай залуусыг  бүхэлд нь хамарсан нэгдсэн хөтөлбөрийг Монгол Улс даяар хэрэгжүүлбэл залуучууд маань дэлхийн хөгжилтэй нийлүүлэн алхахад чухал алхам болно” гэжээ.

Онцлоход, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар Английн “Тони Блэйр”  Ассоциаци  байгууллагатай хамтран  “Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” төслийг  өнгөрсөн  оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, орон сууцжуулалт зэрэг үндсэн гурван чиглэлээр бодлого гаргахад зөвлөгөө өгч ажиллаж байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж